МАН-ын бүлгийн гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд
2014.10.21

МАН-ын бүлгийн гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаа тарсны дараа намынхаа Удирдах зөвлөл, нийслэлийн намын хорооны удирдлагуудын хамт Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж,  зарим худалдааны төвөөр орж ард иргэдийн санал бодлыг сонслоо.

Тэд гурван багт хуваагдан ажилласан бөгөөд эхний багийнхан болох УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс дүүргийн МАН-ын хороонд ирж, гишүүд дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонссон юм. Мөн Их Засаг их сургуулийн оюутнуудтай чөлөөт уулзалт зохион байгуулж, “Асайт” болон “Цайз” худалдааны төвд худалдаа эрхлэгчид, “Цайз-16” орчмын таксины жолооч нартай уулзаж ярилцлаа.

УИХ-ын гишүүд энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, ирэх оны төсөв болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар очсон газар бүртээ мэдээлэл өгч байв. Иргэдийн  хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн нь амьдралд хүндрэлтэй тусч байгааг гишүүдэд хэлж, ирэх оны төсвийг иргэдэд ээлтэй, амьдралд нь нөлөөлөхүйц, наалдацтай болгоход анхаарч ажиллахыг хүссэн юм. 

Харин хоёрдугаар хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,  Сү.Батболд, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн нар Улаанбаатар их сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон.  Мөн Нарантуул захад худалдаа наймаа эрхлэгчдийн амьдрал ахуйтай танилцсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, О.Содбилэг,  Д.Хаянхярваа, МАН-ын НХБГ-ын дарга С.Чинзориг нар гуравдугаар төрөх эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцжээ.