Ч.Улаан: 2015 оны төсөвт гурван онцлог бий
“Сайдын 30 минут” уулзалтад Сангийн сайд Ч.Улаан оролцлоо
2014.10.09

Ч.Улаан: 2015 оны төсөвт гурван онцлог бий

Засгийн газар 2015 оны улсын төсвийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн бариад байна. Энэ төсөлд гурван онцлог бий. 

Орон нутаг, анхан шатанд төсвийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байна. Хоёрт, энэ онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хөрөнгийг ирэх онд 2.5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг салбарын онцлогийг харгалзан инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үе шаттай хэрэгжүүлнэ. 

Гуравт, төсвийн гадуур зардал буюу Чингис бонд, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөвт нэгтгэж хуулийн төсөлд орууллаа гэж Сангийн сайд Ч.Улаан хэллээ.

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих нөхцөлийг бий болгож, ард иргэдийн хяналтад ажиллана гэлээ. Мөн ирэх оны төсөвт ямар ч татвар нэмэгдэхгүй, шинээр татвар бий болохгүй ажээ.

Ирэх жил 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. 8.4 их наяд төгрөгийн  зарлага санхүүжигдэнэ. Бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ, нийгмийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг Сангийн сайд Ч.Улаан дуулгалаа.