Г.Баярсайхан: Цаг алдалгүй төмөр замаа шийдэх хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.10.07

Г.Баярсайхан: Цаг алдалгүй төмөр замаа шийдэх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ бүтцийн өөрлөлттэй холбойгоор албан тушаал, нэгийг нөгөөгөөр солих асуудал ярих гэхээсээ илүүтэй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлмээр байна. Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Тийм учраас ойрын хугацаанд Төмөр замын асуудлаа шийдвэрлэх шаардлага байгаа юм. 

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дариу хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй байгааг Төрийн гурван өндөрлөг, УИХ дахь намын бүлгүүдэд уриалж байна. Төмөр замын асуудлыг шийдвэрлэхгүй удах нь эдийн засаг болон байгаль орчинд ч сөргөөр нөлөөлж байна. 

Одоо УИХ-аар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Түүнтэй зэрэгцүүлэн Төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэж батлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Цаг алдмааргүй байна” гэсэн юм.

Мөн Г.Баярсайхан гишүүн  Засгийн газрын бүтцийг өөрчлөхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч дахин хэд хэдэн яамыг нийлүүлэх, улсын төсвийг хэмнэх боломжтой гэж үзэж буй ажээ. Тэрээр “Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нийлүүлэх гээд оновчтой өөрчлөлтийг Засгийн газраас оруулж ирлээ. Нэмж хэд хэдэн яамыг нэгтгэх боломжтой” гэсэн юм. Тэрээр Төмөр замын бодлогоо ойрын хугацаанд эзэслэн шийдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо.