Б.Гарамгайбаатар: Одоогоор царигийн талаар яриагүй
УИХ-ыг гишүүн Б.Гарамгайбаатар
2014.06.25

Б.Гарамгайбаатар: Одоогоор царигийн талаар яриагүй

Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эдийн засгийн байнгын хороо төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг  хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Энэ асуудлыг хаалттай хэлэлцлээ. Гишүүд асууж тодруулах зүйлээ асуулаа. Тогтоолын төслийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулж, нарийвчилж авч үзнэ.

-Засгийн газар царигийн асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоогоор царигийн талаар яриагүй.

-Хаалттай хуралдах болсон шалтгаан?

-Горимын санал гарч, санал хураахад дэмжсэн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого хэвээрээ үргэлжилж байгаа. Засгийн газар тогтоолын төслийг хэрэгжүүлэх асуудлаа оруулж ирсэн.

-Байнгын хорооны гишүүд ямар байр суурьтай хандсан бэ?

-Байнгын хорооны гишүүд өөрсдийн мэдээллээр асуулт асууж, хариулт авлаа. Хаалттай хэлэлцүүлэг болсон учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

-Салбарын сайд нь гарын үсэг зурахгүй гэсэн байна. Тэгэхээр чуулганд Ерөнхий сайд танилцуулаад явна гэсэн үг үү?

-Засгийн газар кабинетийн зарчмаар  ажилладаг. Хариуцлагатай асуудал учир Ерөнхий сайд төслөө өөрөө өргөн барьсан.

-Одоогийн үйлчилж байгаа бодлогын баримт бичигт хэр их өөрчлөлт оруулах юм бол?

-Бодлогын баримт бичигт ямар нэг өөрчлөлт ороогүй. Монгол Улс бол өргөн царигтай байна. Бизнесийн зориулалтаар ашиглах төмөр замыг тухай бүрт нь Засгийн газар оруулж ирнэ гэдгээрээ явж байгаа.