Монгол Улсад "Сууц өмчлөгчдийн холбоо" үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан баярын хурал болов
Монгол Улсад Сууц өмчлөгчдийн холбоо, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл байгуулагдсаны 15 жилийн ойн баяр тохиож байна.
Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс өнөөдөр /2014.10.03/ баярын хурал зохион байгуулав.
Одоогоос 15 жилийн өмнө шинэ тутам байгуулагдаад байсан Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд санаачлан холбоодын үйл ажиллагааг зангидан чиглүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулах санал гарган Улаанбаатар, Дархан-уул, Ховд, Дорнод, Орхон, Хөтөл, Завхан, Баянхонгор, Налайх, Багануур, Хэнтий, Архангай, Өмнөговь зэрэг аймаг, хотын 80 гаруй Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл оролцуулан анхдугаар Их Хурлыг 1999 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгуулж Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийг байгуулсан түүхтэй.
Ойн баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн ерөнхийлөгч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар болон Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн тулгын чулууг тулалцсан ахмад зүтгэлтнүүд, гүйцэтгэх захирал асан Ш.Жаргалсайхан, Ж.Баяржаргал нар оролцов.
Баярын арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн ерөнхийлөгч Д.Арвин үг хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан энэ үеэр үг хэллээ.
Г.Баярсайхан: Сууц өмчлөгчдийн холбоо бол оршин суугчдад хамгийн ойр байгууллага юм.
Тэрээр сууц өмчлөгчдийн холбооны ажилдаа үнэнчээр зүтгэж ирсэн, одоо ажиллаж буй дарга нар, ажилтнуудад 15 жилийн ойн баярын мэндийг хүргээд "Сууц өмчлөгчдийн холбоо бол оршин суугчдад хамгийн ойр байгууллага юм. Анх 80 гаруй сууц өмчлөгчдийн холбоотойгоор Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл байгуулагдаж байсан бол өнөөдөр 400 гаруй холбоод болтлоо өсөн нэмэгдсэн байна.
Улсын Их Хурал “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийг баталсан.
Энэ чухал хуулийг Сууц өмчлөгчдийн холбоод оршин суугчдад сурталчлах ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй. Хууль сурталчлах ажлыг цаашдын төлөвлөгөөндөө идэвхтэй тусгаж ажиллах нь чухал” гэв.
Дараа нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж 15 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж орон сууцны талаар төр засгаас явуулж буй бодлого, шийдвэртэй нийцүүлэн авч хэрэгжүүлсэн ажлуудын тухай танилцуулав.
Сууц өмчлөгчдийн холбоодод олон жил зүтгэл гарган ажилласан тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Сүүлийн таван жилд улс орон, нутгийн төсвөөр 564 орон сууцны дээвэр засагдаж, 298 цахилгаан шат шинэчлэгджээ. Мөн 32 орон сууцны сантехник иж бүрэн солигдож, 126 нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай шинээр байгуулагдаж, 14 усан оргилуур бий болж, 1015 орчныг гаднах гэрэлтүүлэгтэй болгосон гээд олон ажлуудыг Сууц өмчлөгчдийн холбоод хийж гүйцэтгэсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний санг сууц өмчлөгчид өөрсдөө бүрдүүлж байгаагаас гадна улс, орон нутгийн хөрөнгө оруулалт, Улсын Их Хурлын гишүүдийн багц болон бусад байгууллагын хандив чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Баярын арга хэмжээний үеэр Сууц өмчлөгчдийн холбоодод олон жил зүтгэл гарган ажилласан тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Сууц өмчлөгчдийн холбоодод олон жил зүтгэл гарган ажилласан тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлэн Барилга, хот байгуулалтын яамны шагнал “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр Сүхбаатар дүүргийн “Ахмадын өв” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Нэргүй, Хан-Уул дүүргийн “Тайван мандах өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч Б.Янжиндулам, Орхон аймгийн “Баян” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэг нарын гучин долоон хүнийг шагнав.
“Тэргүүний барилгачин тэмдэг”-ээр Сүхбаатар дүүргийн “Отгон” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Байгалмаа, Баянгол дүүргийн “Ган-хэлхээ” Сууц өмчлөгчдийн холбооны засварчин Ш.Нармандах, Баянгол дүүргийн “Ундрам өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны байцаагч Б.Одончимэг нарыг шагнасан бол Барилга, хот байгуулалтын яамны жуух бичгээр Баянгол дүүргийн “Ундрам” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Нарантуяа, Баянзүрх дүүргийн “Ганга” Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан Ж.Нарантуяа, Багануур дүүргийн “Содхүү” Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан Ш.Уртнасан нарын хүмүүсийг тус тус урамшууллаа.
Харин Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн хүндэт тэмдгээр Баянгол дүүргийн “Өргөө 14” Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан Л.Баянсүрэн, Дорнод аймгийн “Найм өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа