“Хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-д 109 тэрбум төгрөг зарцуулжээ
Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн нээлтийн ёслол энэ сарын 27-ны өдөр боллоо.
2014.09.29

“Хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-д 109 тэрбум төгрөг зарцуулжээ

Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр Монгол Улсад анх удаа ашиглалтад орж буй “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн нээлтийн ёслол энэ сарын 27-ны өдөр болжээ.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, тус яамны Концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, “Ар ди си си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт, хөрөнгө оруулагч Моннис Интернэшнл болон Саусгоби сэндс ХХК нарын удирдлагууд болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Тус автозам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх болон ногоон уул уурхай хөгжихөд чухал ач холбогдолтой хэмээн холбогдох албанаас мэдэгджээ.

Концессын төслийн уг гэрээг Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 262 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны даргад олгосон эрхийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-нд "Эн Ти Би" ХХК болон "Саусгоби сэндс" ХХК нарын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий "Ар ди си си" ХХК-тай байгуулсан ба концесс эзэмшигч нь Концессын тухай хуулийн дагуу дээрх 2 компанийн хөрөнгө оруулалтаар автозамыг барьж байгуулан ашиглалтад өгч байна. Хүнд даацын автозамын урт 44 км, төслийн нийт хөрөнгө оруулалтад 109 тэрбум төгрөг зарцуулжээ.

“Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл” нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж буй бөгөөд концесс эзэмшигч нь автозамыг энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм байна.