Авто зам, шугам сүлжээний ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ
Хурлын үйл ажиллагаа
2014.09.18

Авто зам, шугам сүлжээний ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нийслэлийн 21 байршилд хэрэгжиж байна.

Тус төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан “Төслийн удирдах хороо” удирддаг бөгөөд хорооны ээлжит хурал боллоо.
Хурлаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны VII хороолол орчмын Ё, В, К, Й хэсэгчилсэн талбайд хийгдэх автозамын барилга угсралтын ажлын хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Тус нутаг дэвсгэрийн нэгж талбарт төсөл хэрэгжүүлж буй “Бэрэн” ХХК-ийн барьж байгаа VII хорооллын эхний ээлжийн 1440 айлын орон сууц болон 300 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Тиймээс тус хэсгийн 1,2 километрийн автозамыг барих шаардлагатай байгаа юм.

Уг авто зам нь 2 урсгалтай, 4 эгнээ, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа 2,25 метрийн өргөнтэй явган хүний зам бүхий 1,2 километр урттай. Энэ ажлын хүрээнд 1,2 километр автозамын гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах байгууламжийг барина.

 Хэвтээ тэнхлэгийн авто зам нь Ногоон нуурын гудамжийг Цагдаагийн гудамжтай холбож буй холбоос автозам. Харин босоо тэнхлэгийн автозам нь Их тойруугаас Цагдаагийн гудамжруу хойшоо нэвтрэх боломжтой холбоос автозам юм. Холбоос автозамуудыг барьснаар Улаанбаатар хотын автозамын сүлжээ сайжирч, хөдөлгөөний ачааллыг сааруулах эерэг нөлөөтэй гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Мөн шинээр ашиглалтад орж буй орон сууцны VII хорооллын иргэдийг тоосжилтгүй, эрүүл орчинд амьдрах, хатуу хучилттай авто замаар зорчих нөхцлөөр хангана.  Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд 2,03 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Төслийн удирдах хорооны гишүүд хэлэлцээд нийслэлийн төсвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны VII хороолол орчмын Ё хэсэгчилсэн талбайд баригдах бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний гадна шугам холболтын төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, тогтоол гаргахаар боллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэл хариуцаж байгаа тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга 2015 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөг 11 сарын 01-н гэхэд гаргах үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.