Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв
Өргөдлийн байнгын хороо хуралдав
2014.06.03

Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв

Өргөдлийн хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.03/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 27.1.8, 27.4 дэх заалтуудын хэрэгжилтийн талаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцлээ.

Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн алба /Үндэсний аудитын газар, Баянгол дүүргийн 13-р сургууль, Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/-нд олон жил ажиллаж ирсэн ч өвчний улмаас өртөг өндөртэй эм тариа хэрэглэх, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг өөрийн ажилладаг байгууллагаас хүссэн боловч шийдвэрлээгүй учраас тус байнгын хороонд тусламж хүссэн өргөдөл гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нарын асуусан асуултад Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хариулт өглөө.

Үүний дараа Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Иргэдээс Улсын Их Хуралд хандаж гэр олгуулах асуудлаар гаргасан өргөдлийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар танилцууллаа.

Төрийн захиргааны байгууллагуудад хандсан өргөдлийн 50 орчим хувийг мөн асуудлаар гаргасан хүсэлт тус тус эзэлж байна

Танилцуулгад дурдагдсанаар, “Иргэдээс Улсын Их Хуралд гаргасан өргөдлийг тус Байнгын хороо хүлээн авч хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарах саналын шинжтэй өргөдөл, хуулиар бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах болон ахуйн шинжтэй хувийн хүсэлт гэж ангилан судалж, шийдвэрлэж байгаа бөгөөд нийт өргөдлийн 20 хувийг саналын шинжтэй, 80 хувийг ахуйн шинжтэй хүсэлт эзэлж байна. Улсын Их Хуралд ирүүлсэн ахуйн шинжтэй хувийн өргөдлийн 65.0 хувийг зөвхөн гэр олгохыг хүссэн өргөдөл, Засгийн газар болон Төрийн захиргааны байгууллагуудад хандсан өргөдлийн 50 орчим хувийг мөн асуудлаар гаргасан хүсэлт тус тус эзэлж байна. Гэр олгох асуудлаар төр, захиргааны байгууллагуудад хүсэлт гаргасан иргэдийн25 хувийг тэтгэврийн насны ахмадууд, 35 хувийг өрх толгойлсон эх, /эцэг/, 20 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 12 хувийг орон гэргүй, орлого багатай иргэд, 8 хувийг гэнэтийн гал түймэр, үер усны аюулд өртсөн иргэд эзэлж байгаа бөгөөд орлогогүй эсвэл өрхийн орлого нь гэр худалдаж авахад хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар өргөдөл гаргасан байна.

Дээрх судалгаанаас харахад сүүлийн 3 жилд гэр олгуулах асуудлаар 7753 хүсэлт гаргасны дагуу 1311 иргэнд буюу 16.9 хувьд нь нийслэлийн халамж үйлчилгээний газар, хэлтсүүд, Улсын Их Хурлын гишүүд, Төрийн бус байгууллага, иргэдийн хандив тусламжаар гэр олгон шийдвэрлэсэн байна. Бусад өргөдөлд гэр хүссэн иргэдийн дараалал, бүртгэлд бүртгэн авсан тухай хариу өгчээ.

Мөн ахмад дайчдын орон сууцны тухай Засгийн газрын 2007.09.23-ны 250 дугаар тогтоолоор “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх нөхцлийг тусган зохих журмын дагуу шийдвэрлэж байх тухай заасны дагуу батлагдсан Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журмын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл дагуулж байна.

Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журмын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл дагуулж байна

Гэр олгуулах асуудлаар өргөдөл гаргаж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн амд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний төрлийг оновчтой болгох төсвийн зардалд дүн шинжилгээ хийх, үр дүнтэй зарцуулах, шаардлагатай бол нийгмийн халамжийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судлах шийдвэрлэх шаардлага гарч байна” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумьяабазар, Ж.Батзандан нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданд хандаж иргэн Дамдиндоржоос гэр хорооллын нөхцлийг сайжруулах нэрээр иргэдийг хохироосон үйл ажиллагааны тухай ирүүлсэн өргөдлийг шалгаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулав