Дахин төлөвлөлтийг тушсан асуулт
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.07

Дахин төлөвлөлтийг тушсан асуулт

Хүрээ хотын шинжийг агуулсан гэр хорооллыг энэ жилээс орон сууцны хотхон болгох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөхийг ний­гэм нь шаардаж буй уч­раас эхний ээлжинд хотын захиргаанаас долоон байрш­лыг барилгажуулахаар сон­го­сон.

Өнөө маргаашгүй ба­рилгын ажил нь эхлэх эдгээр бүсийн газар чөлөөлөлт болон гүйцэтгэгчдэд тул­гарч буй бэрхшээлийг шийдвэр­лэхээр НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны 93 га-д барьж буй “Баганат Өргөө” компанийн 16 давхар барилгаас  ажлаа эхэлсэн юм.

Хоёрдугаар давхар хүрт­лээ каркас нь босч буй энэ талбай жилийн дараа “Бага­нат хороолол” болно. Тус компанийнхны хэлснээр да­хин төлөвлөлтөд 691 өрх хамрагдаж, 500 айлын амины орон сууц, 200 айлын орон сууц баригдах аж.

Эл хороолол боссоноор авто зам дагуу үйлчилгээний төв барихаас гадна төв хэсэгт таун хаус хэлбэрийн орон сууцны хотхон, 280 хүүхдийн  цэцэрлэг, зах орчмоор тохилог амины сууц, ногоон байгууламж, амрах спорт талбай, 960 хүүхдийн сургууль зэргийг шинээр барихаар төлөвлөжээ. Тус компанийн захирал Б.Нанзаддорж “Манайх дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсийн оршин суугчдаас санал авахад газраа 100 хувь орон сууцаар солино” гэсэн. Тиймээс газрынхаа хэмжээнээс шалтгаалан 1-4 өрөө байр өгч байгаа” гэлээ.

Харин тус хороололтой ойролцоо баригдаж буй “Шинэ Амгалан” орон сууцны хорооллын хувьд дөрөвдүгээр улиралд эхний блокууд нь ашиглалтад орно. 2000 гаруй айлын орон сууц баригдах эл хорооллын хувьд ойролцоо барилгын ажил нь эхэлсэн “Бөхөд” компанитай дэд бүтцийн маргаан үүссэн гэнэ. Энэ талаар тус компанийн захирал ”Манай барилгажиж буй талбай эднийхтэй ойролцоо.

“Гангар инвест” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд орохоос өмнө манайх ерөнхий төлөвлөгөөний газраар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргуулан батлуулсан. Энэ хүрээнд ч дулаанаа эндхийн уурын зуухнаас авах ёстой. Гэтэл сүүлд төлөвлөлтөө батлуулсан “Гангар инвест”-ийнхэнтэй учраа олж чадахгүй байна” хэмээн бухимдан өгүүлэв.

Бүтээн байгуулалтын ажлыг удирдан чиглүүлэх албаныхан ирсэн сургаар гүйж ирсэн түүний гомдлыг сонссоны дараа НИТХ-ын дарга Д.Баттулга холбогдох албаныхнаас байдлыг нь мэдээд “Нийслэлээс энэ хавийн оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд “Гангар инвест” компанитай гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гэрээлэгч компаниа дэмжиж ажиллана. Харин дэд бүтцээс үүссэн асуудлаа та нар хоорондоо зохицон шийдэх ёстой. Аль аль нь гэр хорооллынхны амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө учраас зохиц” гэсэн хариулт өгсөн. Хоёр тал ч хэлэлцээрийн ширээний ард сууна гэдгээ албаныханд амлав.

Үүний дараа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Амгалан орчмын 15 га газарт ажлаа эхэлсэн “Гранд лайн” компанийн ажилтай танилцав. Жанжны клуб тодотголтой уг байршлын гүйцэтгэгч Туркийн барилгын компанитай хамтран өнгө төрхийг нь өөрчлөхөөр зураг төслөө гаргажээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг багтаасан эл бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орон сууцны хорооллоос гадна худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ байхаас гадна энэ олон ажлын байрныхаа дийлэнхийг газраа чөлөөлсөн айлуудад өгөхөөр төлөвлөжээ.

Нийтдээ 157 айл газраа чөлөөлөхөөс дийлэнх нь түрээсийн мөнгө аван нүүсэн байна. Гэр хорооллыг орон сууцаар солих ажлыг гардан хийж буй бусад гүйцэтгэгч компаниас “Гранд лайн” компанийнхан зураг төслөөрөө ялгарч байсан. Учир нь, тэд зураг төслөө Туркт захиалан гаргуулснаас гадна Европ стандарт, стилийг баримтлах гэнэ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг багтаасан эл бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орон сууцны хорооллоос гадна худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ байхаас гадна энэ олон ажлын байрныхаа дийлэнхийг газраа чөлөөлсөн айлуудад өгөхөөр төлөвлөжээ. Энэ талаар “Гранд Лайн” компанийн захирал Э.Мөнхжин “Одоогийн байдлаар эхний 1,2,3 дугаар хэсгийн газар чөлөөлөгдсөн. Амгалан ДЦС баригдвал эрчим хүч, дулааны асуудал үүсэхгүй. Бид зураг төслөө Туркт хийлгэсэн. Тийм ч болохоор ногоон байгууламжийг түлхүү зурагтаа тусгаж өгсөн” хэмээв. Тус компанийн ажилтай танилцсан НИТХ-ын дарга Д.Баттулга “Сайхан зураг төсөл гаргажээ. Гэхдээ нэн даруй төслөө холбогдох байгууллагаар нь батлуул. Х

эрвээ батлуулахгүй бол энэ төлөвлөлтөөрөө баригдана гэвэл хэцүүхэн шүү” хэмээн анхааруулсан. Харин нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хаврын урь ч орж, бүтээн байгуулалт энд тэндгүй эхэлж байна. Тиймээс газар суларсан бол барилгын ажлаа хурдан эхэл” гэсэн үүрэг өгөв.

Албаныхны очсон хотын төв гэгдэх 12 дүгээр хорооны арын хэсгийг хариуцсан “Моннис урбан девелопмент” компанийн хувьд асуудал өөрөөр яригдаж байлаа. Газраа амжилттай чөлөөлж чадсан тус компанийнхан ажлаа эхлэе гэхээр багагүй бэрхшээлтэй тулгарч буйгаа учирлав. Энэ талаар компанийн захирал Д.Сайнбаяр ”Манай хариуцсан байршилд нэг айлаас бусад нь үнэ хөлсөө тохироод нүүсэн. Үлдсэн айлын хувьд газрын гэрчилгээ байхгүй мөртлөө нүүхгүй гэсэн.

Нөгөөтэйгүүр, газраа чөлөөлсөн  зарим нэг айл кадастрын зурагт тусгагдаагүй 100-200 ам.метр газрынхаа гэрчилгээг гаргуулна хэмээн дүүргийнхээ Газрын алба руу явж буй сурагтай. Ийм байж болохгүй биз дээ. Бид 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр энэ ажлыг эхлүүлэх гэж байгаа. Гэтэл хотын захиргаа дэмжиж байхад, дүүргийнх нь нэг газар ажил тушин гэрчилгээ гаргаж болох юм уу” хэмээн бухимдангуй өгүүлсэн юм.

Түүний гомдлыг сонссон НИТХ-ын дарга “Дахин төлөвлөлтөд хамрагдсан байршлын иргэдэд дахин газрын гэрчилгээ гаргана гэж байхгүй. Газрын албаныханд зөвшөөрөлгүй айлыг нэн даруй нүүлгэ гэсэн үүрэг өгнө” хэмээсэн. Тэрээр боломжийг алдалгүй “Манай ажлыг дэмжсэн хөрөнгө оруулагч гадаадаас барилгын ажилтан оруулж ирэхээр болсон. Гэтэл багагүй бэрхшээлтэй тулгарах бололтой. Энэ мэт асуудал шийдэгдвэл ирэх сарын 1-нээс барилгын ажлаа эхэлнэ” гэлээ.

Ямартай ч, энэ жилээс эрчимжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишиг загвар болох долоон байршлын ажил эхэллээ. Гэхдээ гүйцэтгэгчдийн хувьд НОСК байгуулагдан иргэдийг хямд байраар хангаж эхэлбэл, бидний барьсан барилга борлогдохгүй байх вий гэсэн айдастай байгаагаа ч дуулгасан.

Барилгынхныг сандаргасан НОСК-ын талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Санаа зоволтгүй. Харин ч НОСК та бүхэнд дэмжлэг болох учиртай. Та бүхний барьсан барилгыг урьдчилгаа мөнгөгүйгээс авч чадахгүй байгаа иргэдэд НОСК борлуулж өгнө. Энэ талаар удахгүй барилгын компанийн удирдлагуудтай уулзана” гэсэн юм.