Метро барих ажил ирэх сард эхэлнэ
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Хотын дарга оролцлоо. Тэрээр энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм.
Энэ жил хот байгуулалт, дэд бүтцийн салбар 95 сая, нийгмийн салбар 48 сая, авто замын салбарт 39 сая, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ, тохижилт ногоон байгууламж чиглэлд хөрөнгө оруулан бүтээн байгуулалт хийх юм байна.
Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар метро төсөл, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээн байгуулалт өрнүүлэх юм байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай, гурван үе шаттай гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг энэ онд эхлүүлэх гэнэ.
Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулахад зориулж энэ онд нийслэлийн төсөвт 16.6 тэрбумтөгрөг тусгасан бол дараагийн ээлж нь Хайлааст, Чингэлтэй дэд төв/2016-2020/, Амгалан, Улиастай дэд төв хөтөлбөр /2018-2024/-ийг тус тус хэрэгжүүлэх гэнэ. Эдгээрт АХБ-ны зээл 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар 96 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн нийслэлийг метротой болгох ажил энэ дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа аж.
Нийслэлээс энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтийг долоон газар хийхээр төлөвлөсөн байна. Дахин төлөвлөлтөд нийт 152 мянга 502 иргэн хамрагдах аж.