Э.Бат-Үүл: Төсвөө зориулалтаар нь ашиглахад л хэмнээд эхэллээ
Энэ жил 374 жилийн ойн баяраа тэмдэглэсэн Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт, өнгөтэй өөдрөг ажил хэрэг өрнөсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын дарга Э.Бат-Үүл болон түүний хамт олон энэ ажлаа хүлээж аваад нэг жил өнгөрчээ. Жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлын талаар ярилцлаа.
-Хотын шинэ удирдлага ажлаа хүлээж авснаас хойш нэг жил боллоо. Өнгөрсөн хугацаанд юу амжуулсан байна?
-Саяхан бид тайлангаа нэгтгэхэд 55 онцлох ажил хийснээ харлаа. Бүгд хэрэгжээд дуусчихаагүй, эхлээд явж байгаа нь бий л дээ. Юун түрүүнд, энэ жил хотод 282 км урт авто зам шинэчилсэн. Өмнө нь, ийм хэмжээний зам нэг жилийн дотор барьж байсан удаагүй.
Мөн хот маань хүүхдэд ээлтэй болж тэдэнд зориулсан автобус явдаг боллоо. Замын түгжрэлийг сааруулах зорилгоор өнөө үеийн нөхцөл байдалд тохирсон дүрэм журам боловсруулж хэрэгжүүлсэн. Нүдэнд харагдахгүй хэрнээ үр дүнгээ өгсөн ажлаас дурдвал, нийслэлийн 152 хорооны ажлыг үнэлэх хэмжүүртэй болсон явдал.
Эрүүл аюулгүй байдлын индекс, амьдрах орчны зураглал гэсэн хоёр чухал зүйл нэвтрүүлсэн юм. Одоо үүнийг хараад л хорооны “биеийн байдал” ямар байгааг шууд мэдэж болно гэсэн үг. Энэ индексээр нэг цочмоор дүн гарсан.
Тэр юу гэвэл нэг хороонд сургуулийн насны 1500 хүүхэд бий гэх бүртгэл байдаг юм байна. Гэвч газар дээр нь очоод үзвэл тэнд бүртгэлээс гадна маш олон хүүхэд байгааг тогтоолоо. Зөвхөн энэ гэхэд цаашид маш том ажил болно. Үүнтэй уялдаад Эрүүл аюулгүй байдлын индекс тодорхойлох ажил хүлээж байгаа. Иргэний амьдрах орчны зураглалаа бариад хороо бүрээр явж 2014 онд бүгдээрээ юу хийх вэ гэдгээ хамт шийднэ. Автобусны буудал барих уу, сургууль эсвэл зам тавих уу гэдгээ нийслэлчүүдтэйгээ зөвшилцөж тогтоно.
-Улаанбаатар хотыг өөрчлөх ажил хэрэгжүүлэх ч оршин суугчдын хэт их төвлөрөл саарахгүй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
Шувуун фабрик, Биокомбинатын шинэ зам
-Хот хөгжиж, тэлнэ гэдэг хугацаа шаардах ажил. Бид Шувуун фабрик, Биокомбинатыг дагуул хот болгохоор төлөвлөж ирэх жил зам тавихаар төлөвлөсөн. Автобусны чиглэлийг нь ч гаргачихлаа. Зөвхөн Биокомбинат л гэхэд 60 мянган хүнтэй хот болох ч тэр болтол цаг хугацаа хэрэгтэй.
Нөгөө талаас, хот гадагшаа тэлэхээс илүү хотын төв рүү бөөгнөрөх асуудалд нэрвэгдчихэж. Үүнээс үүдээд дулааны шугам сүлжээ хэзээ зад үсрэх бол гэхээс л айж, заримдаа нойр хүрэхээ байсан. Хотын төв рүү чиглэсэн шугам сүлжээнүүд 1961, 1971 онд ашиглалтад орсон, шаардлага хангахад хэцүү болсон эд.
Ийм шугамны дэргэдүүр завсар зайгүй барилга барих зөвшөөрөл олгосноос болж инженерийн шугамаа засварлах боломжийг ч хаачихаж. Захаас нь цэгцэлж байна. Богино хугацаанд харьцангуй хурдтай. Хур хог гэдэг шиг асар их асуудалтай л зууралдаад явж байна даа.
-Та мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын иргэдийг төвийн шугам сүлжээнд холбож амины орон сууцтай болгохыг голлон дурдсан. Энэ ажил ямар шатандаа яваа бол?
-Үүний өмнө нэг түүх хэлье. Японы Токио хотод хийж байгаа ажилтай танилцаж явтал 3.7 га газарт шинэ хороолол барих гэж 16 жил ажилласан хүнтэй таарсан. Зөвхөн иргэдтэй хэлэлцээр хийж, гэрээ байгуулахад 12 жил зарцуулаад, үлдсэн дөрвөн жилдээ хорооллоо барьжээ. Тэрийг сонсоод мөрийн хөтөлбөр гаргахдаа манай гэр хорооллынхон ингэвэл яах вэ гэж их сэтгэлээр унасан.
Гэвч одоо сэтгэл хангалуун байгаа шүү. Жилийн дотор үндсэн тохиролцоонд хүрээд, хөрөнгө оруулалтаа эхэлж, суурь тавиад байна. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 20 газар байгаагаас 10 нь тохиролцчихлоо. Иргэдтэй уулзахаар орлого багатай нь газраа орон сууцаар сольё гэдэг.
Харин боломжтой нэг нь хауст орох хүсэлтэй байгаа нь ажиглагдсан. Миний хүслээр болчихдог бол бүгдээрээ хауст амьдармаар байгаа юм. Гэвч газрын эзэн өөрөө л шийдвэр гаргана. Нөгөө талаас, хөрөнгө оруулагч нь нийтийн орон сууц барих сонирхолтой байдаг. Харьцангуй өртөг бага, ашиг ихтэй болохоор тэр. Өөрөөр хэлбэл, захиалагч, гүйцэтгэгч хоёрын сонирхол нэг цэгт уулзаж байхад яах ч аргагүй.
-Анх 600 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн нийслэлд 1.2 сая хүн амьдарч байна. Энэ төвлөрлийг багасгахаар татварын асуудал гарсан гэх юм?
-Их чухал асуулт байна. Сайтар бодоод үзээрэй. Үнэнийг хэлэхэд, иргэд хотод төвлөрч байгаа нь муу үзэгдэл биш. Зах зээлийг идэвхжүүлж байна шүү дээ. Хөдөлмөрийн салбар нягтарч байна. Энэ бол илүү их чадалтай болж байна гэсэн үг. Гэвч нөгөө талдаа хүмүүсийг шилжиж ирэхэд нөгөө инженерийн үйл ажиллагаа, сургууль, эмнэлэг нь хүрэлцэхээ больж, асуудал үүсдэг. Гэвч энэ нь асуудал болохоос бэрхшээл биш.
Боломжтой нэг нь өөр газарт амьдрахаар явахад үлдсэн хэсэг нь бүүр орлого багатай хэсэг рүү шилжинэ
Энэ асуудлыг нийслэлийн засаг захиргаа шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Иргэдийн хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулах ёсгүй. Товчхондоо, тухайн иргэний байшин байнга үнэ цэнээ хадгалах ёстой юм. Түүний тулд байшинг нь тордож, инженерийн байгууламж, эмнэлэг, үйлчилгээний байгууллагыг сайн ажиллуулах хэрэгтэй. Тэр үед иргэний байр орон сууцны үнэ алдагдахгүй.
Жишээлбэл, дөрөвдүгээр хорооллын орон сууц хуучрахаар ямар аюул бий болох билээ. Амьдрах орчин эрс муудна. Улмаар оршин суугчид дайжиж эхлэх юм. Боломжтой нэг нь өөр газарт амьдрахаар явахад үлдсэн хэсэг нь бүүр орлого багатай хэсэг рүү шилжинэ. Дэлхий дахинд оршиж байгаа хот төлөвлөлтийн нэг бэрхшээлийг одоогийн европын орнууд бидэнд сэрэмжлүүлээд байгаа. Эцэстээ ядуу иргэд олширсноор гэмт хэрэг дийлдэхээ байж, цагдаа ч очоод дийлэхгүй болдог. Тиймээс бид энэ байшинг засах, тордох замаар үнэ цэнийг нь хадгална гэсэн үг.
-Нийслэлийн төсөв хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Бид ирэх сарын 28-нд төсвөө хэлэлцэж батлах учиртай. Нийслэлийн хэмжээнд төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөг. Нийт улсын төсөвтэй зүйрлээд үзвэл таван хувь нь юм. Тэгсэн мөртлөө ДНБ-ий 63 хувийг ганцаараа бүрдүүлж байгаа хотын хувьд төсвийн хуваарилалт шударга бус нь харагддаг.
Бид ядахдаа 10 хувийг тусгаж чадвал “өвгөрч” хуучирсан дэд бүтцээ шинэчилмээр байна. Одоогоор хуучин хорооллуудаа сэргээхэд 450 тэрбум төгрөг хэрэгтэй. Хэрэв энэ мөнгө төсөвт багтаад ирвэл 3-4 жилийн хойно гурав, дөрөв, 13 дугаар хорооллыг шинэчилнэ.
-Ерөнхий сайд авлигажсан төсөв гэж ярьсан нь асуудал дэгдээсэн ч та түүнийг дэмжээд байсан. Яагаад дэмжив?
-Ерөнхий сайд авлигажсан төсөв гэдгээрээ маш чухал санаа хэлсэн. Хүмүүс тэр үгэнд нь нэлээд хөнгөн хандах шиг болсон. Ерөнхий сайд төсвийг хийсвэрээр нэмдэг явдалд л бухимдаад байгаа юм. Би ч гэсэн түүнтэй хамт тууштай ажиллая гэж боддог шүү.
-Зарим хүн өөрөө авлига авахын тулд төсвөө нэмчихсэн юм шиг ойлгоод байх шиг?
-Ерөнхий сайдын гол санаа нь төсвийг хийсвэрээр нэмдэг явдал. Энэ нь бизнес болчихсон хэрэг. 500 сая төгрөгөөр барьчих байшинг таван тэрбум болгоод, тэрбумаар зам тавьчих байсан бол гурван тэрбум хүргэх жишээтэй. Үүнийг л ерөнхий сайд юу вэ, татвар төлөгчдийн мөнгийг идэж уух нь ямар учиртай юм бэ гээд бачимдсан хэрэг.
Аргагүй шүү дээ, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт баригдах ижилхэн сургуулийн зураг төсөл өөр өөр төсөвтэй байх жишээтэй. Угтаа холболт нь өөр байхаас биш нэг л маягийн зурагтай байх ёстой. Гэвч тус бүрд нь төсөв зохиогоод үнийн жишиг нь хоорондоо алд дэлэм зөрсөн байгаа юм. Хот тохижилтын төсөв батлахаар нохойны хөшөө барьчих жишээтэй. Миний бодлоор ерөнхий сайд энэ бодолдоо тууштай байна гэж бодож байгаа. Маш чухал зүйл хэлсэн шүү.
-Өнгөрсөн жил хотын төсвөөс мөнгө илүү гарсан болов уу?
-Чадахаар барах уу. Жишээ нь, тэр мөнгөөр гудамжаа цэцэгжүүллээ шүү дээ. Манай хот тохижилтынхныг гудамжинд цэцэг тарьж байхад хүмүүс долоо хоноод л алга болно гэж бодож байсан. Гэтэл энэ жилийн цэцэгс дулаан өдрүүдэд нийслэлчүүдээ баясгалаа. Энэ цэцгээр дамжуулж хотоо хайрлах үзэл бий болгосон.
Хэний ч сургаалаас илүү үр дүнтэй. Хотын гудамж талбайг үүр шөнөөр угааж ажилласан. Тэгэхэд 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан шүү. Өөрөөр хэлбэл, бид нохойны хөшөө бариагүй яг зориулалтын дагуу тохижилтоо хийхэд л хэмнээд эхэлсэн хэрэг.
-Тэгвэл энэ жил хэр авилгажаагүй төсөв зохиосон бэ?
-Энэ жилийн төсвийг авлигажаагүй төсөв болж чадна гэж бодож байна. Яагаад гэхээр, бид одоо 10 хоног хороодоор явж ажиллана.
Тэгээд иргэдийн санал бодлыг сонсоод үйл ажиллагаанд шууд тусгах юм. Мөн худалдан авах үйл ажиллагааг сайжруулъя гэсэн. Ингэснээр төсөвт шигддэг авлигал гэдэг зүйл байхгүй болох боломжтой юм.