Улаанбаатарын татах хүч
Монголын Барилгын Үндэсний Ассиоциацийн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан
2013.10.29

Улаанбаатарын татах хүч

Саяхан би интернэтээс жуулчдын очих дуртай орнуудын тухай өгүүлсэн нэгэн нийтлэл олж, сонирхон харж суутал Монгол Улс сүүлээсээ аравт эрэмбэлэгдсэн байхыг олж хараад ихэд цочирдов. 2013 оны Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Аялал, Жуулчлалын Өрсөлдөх чадварын тайланд тусгаснаар жуулчдад хамгийн найрсаг бус ханддаг орнуудын жагсаалтыг сонирхоцгооё:

140. Боливи  4.1
139. Венесуэль 4,5
138. ОХУ 5.0
137. Кувейт 5.2
136. Латви 5.2
135. Иран 5.2
134. Пакистан 5.3
133. Словак 5.5
132. Болгар 5.5
131. Монгол 5.5 гэсэн байрыг тус тус эзлэсэн байна.

Угтаа бол тус тайлан нь улс орнуудын аялал, жуулчлалын талаар хэрэгжүүлж буй хууль эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчин болон дэд бүтцийн хөгжил, нөгөө талдаа зөөлөн дэд бүтэц нь болох хүний нөөц, соёлын болон байгалийн баялаг зэргээр харьцуулан харуулжээ. Тухайлбал, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагууд, агаарын болон газрын тээвэр, аялал жуулчлалын дэд бүтэц, хүний нөөц, соёл болон байгалийн баялаг гэх зэрэг хүчин зүйлүүдийг хамааруулан дүгнэсэн ажээ.

Яагаад ч юм, хамгаас түрүүнд улсын маань нийслэл нэг л болохгүй байгаа юм байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Мэдээж ирсэн гийчид эх орны минь онгон сайхан байгаль, монголчууд бидний найрсаг зочломтгой ёс заншлыг нүдээр үзэж, нэгийг бодоцгоон, биднийг дүгнэдэг байх. Манай орныг зорих жуулчдын дийлэнх нь эхлээд нийслэл хотод хөл тавиад түүний ойр орчмын газруудыг сонирхож үзэцгээн, хөдөөгийн сайхныг бишэрч алмайрах, аяллынхаа дараа мөн л Улаанбаатараас нутгийнхаа зүг хөлгийн жолоо залж таардаг.

Тэгэхээр бид хүндлэн угтах жуулчиддаа ямархуу сэтгэгдэл төрүүлдэг болохоор дээрх жагсаалтад баян ходоод болох шахдаг байна вэ? Энэ асуулт намайг нэлээд цочирдуулсан болохоор Монголд чухам ямар асуудлууд оршиж байж болох, ялангуяа Улаанбаатар хотын талаар нэлээд материал олж үзлээ.

Барьж амжаагүй зочид буудлууд, томруулж амжаагүй нисэх буудал, засч амжаагүй зам харгуй зэрэг том зүйлүүдийн талаар бодохоосоо урьтаж бидний хийж чадах багахан боловч томорч харагддаг асуудлын талаар санал бодлоо хуваалцахыг хүслээ. Ингэхдээ ч хамаг бүгдийг хамж шимэлгүй, харин нэг ч атугай асуудлын учрыг олж, түүний дотор Улаанбаатарын хот төлөвлөлт, хот байгуулалтыг хэрхэн дэлхийн хэмжээнд хүргэх вэ гэдэг асуудлын учгийг тунгаахаар зорьсон юм.

Хотын материаллаг бүтээн байгуулалт гэдэг бол нэг хэрэг, харин хотын хэтийн төлвийн хөгжилд зайлшгүй харгалзан үзэх ёстой зөөлөн дэд бүтэц болох оюун санааны бүтээн байгуулалт хамгийн чухал хүчин зүйл байдаг тул дээрх тааламжгүй байдлуудыг засах нь юу юунаас илүү чухал гэдэгтэй олонхи нь санал нийлэх бизээ.

Авто замын түгжрэл, нэрмээс болох замын хөдөлгөөний соёлын сурц, унаатай нь ч явган нь ч хэнэггүйхэн шидлэх хог, хаягдах новшиндоо дарагдан тоосрох хотын гудамжууд, хаа сайгүй замбараагүйтэх задгай худалдаа, хөл тавих зайгүй болтол нь хаа дуртай газарт хөндлөн гулд тавьчихдаг машинууд, амандаа багтах хэмжээгээр үнэ хөлс нэхэх сайн дурын такси жолоодогчид, гадаад хүмүүст жихүүрхэж ихэрхэх аяг зан гээд Улаанбаатартай шууд холбоотой бүхий л асуудлыг хэн бүхэн мэдэж байгаа тул тэр болгоныг тоочихоо  азная.

Өдөр тутмын амьдралд маань хэвшил болсон энэ бүхнээ бид тэр бүр анзаардаггүй ч өрөөлийн байтугай, өөр оронд удсан өөрсдийн нэгний нүдэнд замбараагүй, соёлгүй, хэнэггүйхэн харагдах их хотын маань иймэрхүү нэгэн дүр зураг нь хотыг дүүргэн сүндэрлэн босох гоёмсог хорооллууд, хаа сайгүй тавигдах зам талбайн бүтээн байгуулалт, өнгө засахаар чармайж буй нийслэл хотын өнгө төрхтэй огт зохицохгүй байгааг өгүүлэх нь бас илүүц биз.

Байснаар нь, байгаагаар нь, байлгах хүслээрээ харах өнцөг бүр өөрсдийн онцлог, шинж чанар, шийдлүүдийг дагуулах нь гарцаагүй. 2013 оны эхээр батлагдсан олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлснээр боломжийн гэж хэлж болохоор үр дүнтэй байна. Өнөө хэр зарим нэгэн хүн хуулиар хориглосон гудамж талбайд тамхи татах үзэгдэл байсаар байгааг эс тооцвол шүү.

Ардчилагсан нам төр засгийн эрх мэдлийг гартаа авсан даруйдаа хэрэгжүүлж эхэлсэн автомашины дугаарын хязгаарлалтыг иргэд нааштай хүлээж авсан нь нийслэлийн иргэдийн соёлт түвшинд гарсан нэг ахиц, чухал үзүүлэлт гэлтэй. Харин хөдөөнөөс нүүдэллэн ирэгсэд хотын соёлд уусан нэгдэж чадахгүй байгаа явдал нь сэтгэлд нийцэхгүй олон зүйлсийн нэг нь яах аргагүй мөн.

Хотын хөгжил гэдэг ойлголтыг зарим талаар түүний татах хүчний тасралтгүй өсөн бэхжих үйл явц гэж нэрлэх нь ч байдаг.

Замын гэрэлтэй уулзвар, бас дээр нь цагдаа зогсож байвал байдал арай гайгүй. Хэрвээ цагдаа харагдахгүй бол гэрлэн дохиог дайрах үзэгдэл хавтгай байдаг. Бусдаас илүүрхэх гэж андууран буруу урсгал сөрж гацаах, багахан зайд саад болон зогсоох жолоочид л замын түгжрэл амархан үүсгэж орхидог.

Хэдийгээр жижиг асуудал юм шиг мөртлөө засаглал, захиргаадалт зайлшгүй байх ёстойг, хотын иргэдийнх нь ёс суртахуун дорой буурай байгааг давхар илтгэн харуулж байгаа хэрэг билээ. Тоглоомын дүрэм бол дүрэм. Хөзөр тоглож суухдаа тамгаа ноёнд өгч, хожилоо алдахыг хэн л хүлцэн зөвшөөрөх билээ.

Бүгд л ар гэрлүүгээ, ажлаа амжуулах гээд л яарцгааж байгаа. Цөөн хэдэн амин хувиа илүүд үзсэн жолооч улаан гэрэл дайраад эхлэхээр зарим нэг нь санаатай дагалдан, зарим нь аргагүйн эрхэнд араас нь хошуурч түгжрэл үүсгэж орхидог үзэгдэл нь гэм биш зан болоод байна. Ингэж хэлснээрээ авто замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх эрмэлзэлтэй нь дийлэнх байхыг үгүйсгэх гэсэнгүй.

Гэвч дийлэнх иргэд нь тоглоомын дүрмээ хүндэтгэдэг Европ, Америк тивийн улсуудад замын гэрэлтэй уулзварт заавал цагдаа зогсох шаардлагагүй ба үүгээрээ ч тухайн улсын иргэд өөрсдийн ухамсрын түвшингээ тодотгон харуулж байгаа хэрэг биз. Германы нийтийн тээврийн автобус, метронд тасалбар шалгагч гэж байдаггүй нь тэндхийн иргэдийн ёс суртахууны хүмүүжил ямар өндөр түвшинд хүрснийг л харуулж байгаа бус уу?

Тэд яахаараа нийтийн соёлыг тэгтлээ хүндэтгэж үздэг билээ? Мэдээж тэдэнд дүрэм зөрчих нэгнийг олж илрүүлж, торгож шийтгэх дэвшилтэт арга барил байгаа. Тэгдэг хэд нь ч тун цөөхөн л байгаа. Угтаа замын хөдөлгөөний дүрэм гэдэг бол тийм ч хэрэгжүүлэхийн эцэсгүй хэцүү зүйл биш шүү дээ.

Хувь хүнээс тэгтлээ айхтар ухамсар, ёс суртахууны хүмүүжил ч шаардаад байхаар зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Тэгсэн мөртлөө л бид энэ тал дээр бусдын дор орчихоод байх юм. Магадгүй байснаараа л байх муйхарлал  байгаа байдлыг маань хүндрүүлж, байлгах гэсэн хүслийг хязгаарладаг байх даа.

Энэ бүхнээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр цөөнх гэхэд ихдэх, дийлэнх гэхэд дэндүү багадах нийслэлийн иргэдийн хувийн ухамсар, ёс суртахууны хүмүүжил тааруугийн улмаас хаа тааралдсан газарт хогоо хаяж, нус цэрээ нээж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байх явдал дэндүү түгээмэл, тэр ч байтугай байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрөгдсөөр байгаа юм.

Магадгүй гэр орондоо гаргах ааш авираа гудамжинд үзүүлдэг байх ч гэж бодогддог. Сайн, саар бүхний цаана зөвхөн хүн л буй. Иймд бодит ахуй, оюун санааны хүчин зүйлүүдийг хамтад нь харгалзан үзэж хотын удирдлагаа бэхжүүлж, иргэдийн хотын соёл, боловсролын түвшинг сайжруулах явдал юу юунаас илүү чухал болж байна. 

Хотын иргэдийн хэвшсэн үзэл санааны талаар ярьж байгаа болохоор тэдний ухамсар, ёс суртахууны хүмүүжлийг дээшлүүлэхээс ч амаргүй зүйл байх нь ойлгомжтой.

Энэ тал дээр бид Сингапур улсын туршлагаас суралцахад тун гэмгүй санагддаг. Сингапурын засгийн газар ногоон хот болох төлөвлөгөөний дагуу хотоо хөгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн соёл, боловсролын түвшинг дээшлүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үздэг тул ёс суртахууны хүмүүжил, нийгмийн дэг журам, орчны ариун цэврийн тал дээр цогц хэм хэмжээг бий болгон хуулчилсаны сацуу ягштал биелүүлэхийг шаарддаг ажээ.

Тэнд хаа хамаагүй хог хаях, дуртай газраа нус  цэрээ нээж аяглах нь байтугай, бохирын усыг татахгүй орхих, нийтийн эзэмшлийн өвс мод зэргийг гэмтээсэн тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх ёстойг ойлгомжтой, тодорхой зааж өгсөн байдаг болохоор тэндхийн иргэдийн хүмүүжил, ёс суртахуун маш дэг журамтай болсон гэдэг. Эдүгээ Сингапур хот өөрийгөө сэтгэл санааны дарамтгүй газар хэмээн сурталчилдаг.

Үүнийгээ таны суух автобусны хаалган дээр “Бусдыг буулгасны дараа дарааллаараа орвол та хурдан явна” гэх сануулгатай зураг наах зэргээр энгийн бөгөөд, хялбар аргаар харуулдаг. Иймэрхүү цогц арга хэмжээг тууштай авч явуулсаны үр дүнд Сингапур улс нь маш богино хугацааны дотор хөгжингүй ногоон хот болох зорилтоо амжилттай хэрэгжүүлснээр олон улсын жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Дээр өгүүлсэн бүхнийг дүгнээд хэлэхэд эрчтэй хөгжлийн гараан дээрээ ирчихээд байгаа Улаанбаатар хотын хувьд материаллаг бүтээн байгуулалтандаа анхаарахын зэрэгцээ иргэдийн оюун санааг өөрчлөх ажлыг хотын захиргааны үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөнд тууштай тусган хэрэгжүүлж чадвал цөөн хэдэн жилийн дараа Улаанбаатарын зөөлөн хүчин зүйлийн нөлөөлөлд гадаадын иргэд татагдаж, тэр хэрээр хөрөнгө оруулалт тасралтгүй урсан орж ирэх нь лавтай.

Гэвч соёлтой, дэг журамтай, цэвэр цэмцгэр Улаанбаатарыг буй болгочихвол бүх зүйл болоод явчихна гэсэн үзэл санаагаар өөрсдийгөө хязгаарлаж бас боломгүй. Хотын иргэд үзэл санааны хувьд уужуу талбиу, олон ургальч үзэлд хүлээцтэй байх тал дээр багагүй ажил хийх хэрэгтэй санагддаг.

Энэ нь хотын иргэдийн хэвшсэн үзэл санааны талаар ярьж байгаа болохоор тэдний ухамсар, ёс суртахууны хүмүүжлийг дээшлүүлэхээс ч амаргүй зүйл байх нь ойлгомжтой. Улаанбаатар хотын татах хүчийг хэрхэн бүрэлдүүлэх талаар өөрийн санаа бодлоо цөөн хэдэн үгээр хуваалцъя.

Хотын хөгжил гэдэг ойлголтыг зарим талаар түүний татах хүчний тасралтгүй өсөн бэхжих үйл явц гэж нэрлэх нь ч байдаг. Хотын татах хүч нэмэгдэхийн хэрээр зөвхөн хөрөнгө оруулалт, жуулчлал, оршин суугчдын тоо өсдөг гэж явцуу ойлгож болохгүй. Хамаатуулан ярьж болох олон зүйл байх хэдий ч гол үзүүлэлт болох тэдгээр гурван үзүүлэлт өнгөц харахад нэг цогц мэт боловч үнэн чанартаа өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх хэсгийг үнэн чанартаа гадаад жуулчдын мөнгийг өөртөө татахаар хичээх үйл явц болохоор түүний зүй тогтлыг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Гадаадын жуулчдыг өөртөө татахын тулд тэдний үзэж сонирхох зүйлийг хангалттай бэлдэж сэтгэл ханамжийн баталгааг буй болгох нь зүйн хэрэг.

Оршин суугчдыг өөртөө татахын тулд тэдний амар тайван ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрэлдүүлэх ёстой. Гэсэн хэдий боловч дээрх гурван хүчин зүйл харилцан сүлэлдсэн, бие биесээ нөхвөрлөх чанартай байдгийг ч бодолцох нь зүйтэй болов уу!

Хүн болгон өөр өөрийн амьдралын хэвшилтэй, түүнд тухайн хүний соёл илрэн гарч байдаг болохоор тэдний өвөрмөц онцлог, хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэн зохион байгуулах вэ гэдэг асуудал бол тухайн хотын татах хүчинг буй болгох ажлын гол зангилаа асуудал юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үг байдаг л даа.

Гэхдээ л тухайн хот оршин суугчиддаа өөрийн тогтсон амьдралын хэвшлийг хүчээр тулгадаг байх юм бол тухайн хот хүмүүсийг өөртөө татах бус харин ч зугтаалгаж мэдэх бус уу? Тийм болохоор олон ургальч соёлтой хот л татах хүч хамгаас ихтэй байдаг аж. Яагаад гэвэл тийм хотуудад хүмүүс өөртөө тааламжтай амьдралын хэвшил болон найз нөхдийн хүрээллийг харьцангуй хурдан олж тэр хэрээр амар тайван амьдрах боломжтой болдог байна.

Харин нэгэн хэвийн амьдрах орчин нөхцөл бүхий хот өөр өөр хүмүүсийг тогтсон хэвшлийн дагуу байхыг шаардах юм бол тэдэнд таагүй байдал үүсгэж, тэр хэрээр тухайн хотын татах хүчний нөлөөлөл буурах хандлага гарч таарна. Аливаа хотын олон ургальч байдал түүний гадаад ертөнцөд хүрээгээ тэлэхэд тустай төдийгүй тухайн газрын бодит хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, улам түргэн хурдацтай хөгжихөд тус нэмэр болдог ажээ.

Хүн амын бүтцийн олон янзын байдал болон соёлын амьдралын олон талт нөхцөл нь олон улсын зэрэглэлтэй томоохон хотуудын соёл, ахуйн томоохон онцлог шинж болсоор байна. 20 дугаар зууны 80-аад оны үед Нью Йорк хотын иргэд 121 улсын хэлээр ярьж байсан бодит баримт байдаг. 1997 оны статистикийн тоо баримтаас үзвэл тус хотын 7 сая 600 мянган хүн амын 36 хувь нь буюу 2 сая 700 шахам иргэн гадаадад төрсөн байжээ. 2000 оны АНУ-ын хүн амын тооллогоор Нью Йорк хотын 8 сая хүн амын 35,9 хувь нь гадаадад төрсөн үзүүлэлттэй гарчээ.

Хотын иргэд үзэл санааны хувьд уужуу талбиу, олон ургальч үзэлд хүлээцтэй байх тал дээр багагүй ажил хийх хэрэгтэй.

Харин энэ үзүүлэлт нийт АНУ даяар 11,1 хувьтай байгаа юм. Америкийн судлаач Раймонд Гастиль Нью Йоркийн соёлын тухай бичсэн өгүүлэлдээ “Хүн ам ба үндэстнүүдийн энэхүү өвөрмөц бүтэц нь Нью Йорк хотыг америкийн аль ч газартай харьцуулсан хавьгүй европжуу төрхтэй харагдуулдаг” хэмээн бичжээ.

Бараг 10 сая шахам хүн амтай Нью Йорк хотод олон үндэстний хүн ам ийнхүү найрсгаар зэрэгцэн амьдардаг болохоор тэдний соёлыг нэг тогоонд уусган нэгтгэж тэр хэрээр цаглашгүй их эрч хүч ундарч байдаг ажээ. Лондон хот ч мөн өөрцгүй хүн амын бүтцийн хувьд тун нарийн төвөгтэй газар билээ. 

Тус хотын 7 сая 500 мянган хүн ам дэлхийн 300 шахам хэлээр ярьдаг гэсэн тооцоо байдаг. 2000 оноос 2001 онд Лондон хот 190 мянган цагаач иргэн хүлээн авчээ. Лондонгийн хүн амын гуравны нэг хувь нь бага үндэстэн байдаг байна. Тэдний тооны харьцаа ирэх таван жилийн дотор 50 хувиар өсөх хандлагатай байна. Германы «Фокус» сэтгүүлд мэдээлснээр 2016 он гэхэд 700 мянган өөр үндэстний цагаачид тус хотод шилжин суурьших аж.

Үүнээс үзэхэд томоохон хотын иргэдийн уужуу тайвуу ухааны цараанаас тухайн газрын татах хүчин шалтгаалдаг болохыг олж харахад төвөггүй. Гэтэл Улаанбаатарын иргэдийн хувьд хүмүүсийг гадаад дотоодынх гэж ялгаад зогсохгүй хот хөдөөгийн хүмүүс гэсэн ойлголт ухамсарт нь гүн шингээстэй байдгийг өгүүлэх юун.

Одоогоор манай хотод болж бүтэхгүй зүйл олон байгаа боловч үзэгдэх харагдах бүтээн байгуулалтын тал дээр дэлхийн шилдэг тэргүүний хотын эгнээнд хүрнэ гэдэг нь эргэлзээгүй хэрэг. Харин хотын оюун санааны хувьсал, олон ургальч байдалтай эвлэрэнгүй бус хандах байдлаа анзааран ухаарч, зүй гольдролоо зөв чиглүүлэх нь бидний тулгамдсан асуудал болоод байна.

Сайн ч бай, саар ч бай бүхний цаана бид бүгдээрээ байгаа. Улаанбаатар маань хөгжиж байна. Хэдийгээр удаан ч гэсэн өөрийн жамаар хөгжин дэвжиж байгааг бид харж байна. Тийм болохоор төрөлх хотдоо сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье.

Монголын Барилгын Үндэсний Ассиоциацийн дэд ерөнхийлөгч Нямрагчаагийн Баярсайхан