Орон сууцнаас дутахгүй амьдрах боломж олгоно гэв
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.16

Орон сууцнаас дутахгүй амьдрах боломж олгоно гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ээлжит зангиагүй уулзалтаа хийлээ.

Уулзалтын урилга сэтгүүлчдэд хаягтай ч энэ удаагийн уулзалтад иргэд идэвхтэй оролцсоноороо онцлог байлаа. Ярилцсан сэдэв нь Газар шинэчлэн зохион байгуулах журмын тухай. Энэхүү шинэ журмыг хэвлэлийнхэн болоод иргэд “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-тэй үргэлж андуурдаг учраас ийн тусад нь тайлбарлахаар болсноо хотын дарга уулзалтын эхэнд онцолж байлаа.

Өнөөдөр улаанбаатарчуудын тал хувь нь гэр хороололд аж төрдөг гэдгийг хүмүүс хэдийнэ цээжилсэн. Хотын суурьшлын талбайн 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороололд аж төрж буй хүмүүс эзэмшдэг гэдгийг харин тэр бүр мэддэггүй. Тэднээс газраа өмчлөөд өөрийн болгоод авсан хүмүүс ихэнх нь.

Газар гэдэг өдөр сараар бус цаг минутаар үнэд орж байгаа өдгөөд гэр хорооллынхон өөрийн гэсэн өмчтэй, үнэ цэнэтэй аж төрж байгаагаа бүр ухамсарладаггүй. Хойшдоо ч улам бүр үнэтэй болгох, орон сууцныхнаас дутахааргүй тухтай аж төрөх боломжийг “Газар шинэчлэн зохион байгуулалт” олгоно гэдгийг хотын мэр Э.Бат-Үүл болоод “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадорж нар ой тойнд буутал тайлбарлалаа.

Хотын суурьшлын талбайн 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороололд аж төрж буй хүмүүс эзэмшдэг.

Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд аж төрж байгаа. Хуульд заасан 0,07 га гэдэг чамлахааргүй хэмжээ. Мэдээж түүнээс бага болоод их хэмжээний газар эзэмшигчид цөөнгүй. Нэг айл өрх л гэхэд хашааныхаа нийт газрын 20-30 хувийг огт ашигладаггүй гэсэн тооцоо судалгаа байдаг ажээ.

-Муу усны нүх, жорлон байрладаг хэсэг болон хашааны булан тохойд үлдэж, зэрлэг өвч ургамал үрждэг ашиглалтгүй эдгээр талбайг нийлүүлбэл чамгүй хэмжээний газар бий болох нь гарцаагүй. Тиймээс айл өрхүүд нэгдэн нийлж газраа зөв зохион байгуулснаар ашиглалтгүй талбайнаасаа нөөц газар бий болгон түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь газар шинэчлэн зохион байгуулалтын эх үндэс юм байна. Тэгээд хүмүүс бие засах, шингэн хог хаягдлаа яах вэ гэж та асуух гээд байна уу. Энэ асуудлыг чинь харин таны гэрт оруулж өгөх ажээ. Цэвэр бохир усны шугам татаж, автомашин, явган хүн зорчих зам тавих, ойр орчмын хүүхэд хөгшид нарлах цэцэрлэг байгуулах үүргийг харин та бүхний нөөц газрыг авсан хүмүүс хариуцах юм

. Иргэд өөрсдөө ч эвлэж нэгдээд энэ ажлыг хийж болох ажээ. Заавал аль нэг компаниар хийлгэх бус өөрсдөө хийнэ гэвэл бүүр ч сайн гэдгийг хотын дарга онцолсон. Гэвч иргэдэд шугам сүлжээ байгуулах, зөв зохион байгуулалт хийх санхүүгийн эх үүсвэр байхгүй, хувийн компанид итгэхэд хүндрэлтэй гэж үзвэл энэ ажлыг хотоор гүйцэтгүүлж болох ажээ.

Хот ийн ажиллахдаа гаргасан зардлаа нөөц газрыг арилжаалж нөхөх бөгөөд нөөц болгон сулласан газартаа юү барьж болох, юү барьж болохгүйг иргэд өөрсдөө шийдэх жишээтэй. Ийм байдлаар гэр хорооллыг тохижуулаад зогсохгүй, том газартай ч үнэд хүргэж чадахгүй байгаа иргэдэд газраа багахан хэмжээгээр танаад үнэд оруулах боломжийг бүрдүүлж өгч байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлж байна.

Монголчууд гэхээр “Хашаанаас гаднах нь надад падгүй” гэсэн өчүүхэн бодлоос ангижраагүй өнөөдөртэй золгожээ.

Одоогоор хэрэгжиж эхэлсэн жишээ ч бий гэнэ. Хэд хэдэн иргэд нийлж яг ийм байдлаар тав тухтай орчинд аж төрөх болжээ. Хийж хэрэгжүүлэхээр санаачилга гаргасан нь ч цөөнгүй. Тэдний төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн, иргэдийн “Есөн эрдэнэ” бүлгийн ахлагч  н.Гомбо уулзалтад оролцож, хүмүүсийн зөвшөөрсөн газарт шинэ зохион байгуулалтаа яаралтай хийж эхлүүлэхийг шаардаж байлаа.

Цаашид ч шинээр зохион байгуулалтад орох хүсэлтэй айл брх олон байгааг мөн дуулгав. Гагцхүү ийн шинээр зохион байгуулахад өөрийн гэсэн газар өмчлөлийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбай дээр дур мэдэн суурьшсан айл өрхүүд хүндрэл учруулж байгааг иргэн Н.Гомбо хэллээ. Үүний хариуд хотын мээр хэлэхдээ:

-Олны эрх ашиг гэдэг ганц хүний эрх ашгаас ямагт дээгүүр байх ёстой. Олонх нь ая тухтай орчинд аж төрөх гэж хичээж байхад саад болсон хүнд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасанчлан албадан арга хэмжээ авах боломж бий гэсэн юм.

Нэгэнт гэр хорооллын  бүх айлыг орон сууцанд оруулах боломжгүйгээс хойш хагас заримыг нь өөрийн өмчлөлийн газар дээр нь ая тухтай, цэвэрхэн, тохилог орчинд аж төрөхөд анхаарахаас аргагүй. Өнөөдөр манайхны нэрлэдэг гэр хорооололгүй улс орон гэж нэгээхэн ч үгүй. Гэхдээ тэрхүү хорооллыг эмх цэгцэнд оруулж, орон сууцнаас дутахааргүй хөгжүүлсэн газар гэвэл АНУ, Япон гээд олон бий.

Өөрийн өмчлөлийн газраа үнэ цэнэтэй байлгахын тулд хүмүүс хашаагаа юугаар барих, байшингаа ямар өнгөөр будахаа хүртэл бодож болгоодог. Гэтэл монголчууд гэхээр “Хашаанаас гаднах нь надад падгүй” гэсэн өчүүхэн бодлоос ангижраагүй өнөөдөртэй золгожээ. Ямартаа л Дэнжийн мянгын чимээгүй хоттой зэргэлдээ айлууд газраа зарахдаа “Манайх хоёрхон шарилтай, хөршийнх гурван шарилтай” хэмээн рекламддаг гэх хошигнол гарч байхав дээ.

Ийм л нэг явуургүй бодлоо гээж, хамтдаа сайхан орчинд аж төрөхөд “Газар шинэчлэн зохион байгуулалтын журам” туслах юм байна. Сонжоод, судлаад хэрэгжүүлэх гээд үзээрэй. Мэдээж, алдаа оноо бий л байх. Түүнийг нь ч бас хамтдаа засч, залруулж болно шүү дээ.