Хотын даргын зөв
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.09.17

Хотын даргын зөв

Намрын нар ээсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотод ажил ид “буцалж” байна. Шавар намагтай гудамжинд шинээр зам тавьж, орон сууцны хорооллууд сүндэрлэн босч байна. Түүнийг дагаад газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэд ч олшров.

Мөн дэд бүтэц татаад өгчивхөл айл саахалтаараа нийлээд орон сууцаа барьчихна гэх иргэд ч олон болж. Уур уцаартай өдрүүд ч ард хоцорч байх шиг. Авто замуудыг шинээр барьж, зарим уулзварыг өргөтгөн шинэчилснээр түгжрэл үгүй болов.

Жишээ татвал, Нисэхээс хотын төв рүү орж ирэхийн тулд өмнө нь хоёр цаг зарцуулдаг байлаа. Одоо 30-40 минут давхиад ажилдаа ирдэг боллоо. Тасганы овоо орчмын авто замын хөдөлгөөн ч бас жолооч, зорчигчийн тэвчээрийг барсан замын нэг байж.

“Гудамж” төслийн хүрээнд уулзваруудыг өргөтгөн шинэчилснээр дөрвөн чиглэл рүү явах урсгал эрчимжиж, түгжрэл үгүй болов. Мөн “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, Үйлдвэр 120-ын авто замын автобусны буудлын орчимд тус тус гүүрэн гарц байгуулснаар явган зорчигчид аюулгүй газраар зорчдог болсон байна.

Гэхдээ энэ нь ердөө жишээ болгосон бүтээн байгуулалтын ажил. Үүнээс олон ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн, ирэх жилүүдэд ч үргэлжлэх учиртай. Одоо харин нийслэлээ дэлхийн хамгийн сайхан хотын нэг болгохын тулд иргэн бүр үүрэг хүлээх цаг болжээ. Ядаж л гудамжинд хогоо, шүлсээ хаяхаа болъё.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хотын удирдлагууд хогноосоо салахын тулд их л олон арга хэрэглэж, туршиж үзэж байна. Үүний хүчинд гэр хорооллынхон хогоо уутанд хийгээд ачуулдаг боллоо. Өмнө нь 200-250 литрийн багтаамжтай поошигт хогоо хийн, ачигч нарыг мөн ч их “тамладаг” байж.

Өөрсдөө ч өргөж, үйлээ үзнэ. Одоо бол хэн, хэндээ амар, ууттай хогоо хашааныхаа хаалганы өмнө гаргаад л боллоо. Ачаад явсан байна. “Хог ачихгүй байна, хогондоо дарагдаж гүйцлээ, таван сар болж байна” гэх гомдол буурав. Өмнө нь ч хогтойгоо зусаж, намарждаг байж дээ. Нэг үеэ бодвол хогны асуудал багасаад л байна.

Харин бороо хур их орохоор гэр хорооллын орчимд хөрсний бохирдол л зовоох шинжтэй. Гэхдээ гэр хорооллыг барилгажуулах ажил газар бүрт эрчимтэй эхэлбэл, хөрсний бохирдол аажимдаа шийдэгдэх боломж бий.

Бас нэг сайн мэдээ нь, энэ зун нийслэлд улиангарын “хөвөн” хийссэнгүй.

Мөн нийслэлээс энэ жил хотын цэцэрлэгжүүлэлтэд тав орчим тэрбум төгрөг зарцуулсныг толгойтой бүхэн л шүүмжиллээ. Агаар, хөрсний бохирдлыг багасгахын тулд ийм хэмжээний хөрөнгө зарцуулахаас ч өөр арга байгаагүй биз. Хаа очиж, урьд жилүүдтэй харьцуулахад, нийслэлийн ногоон байгууламжийн тоо хэмжээ өсөөд л байна.

Бас нэг сайн мэдээ нь, энэ зун нийслэлд улиангарын “хөвөн” хийссэнгүй. Жил бүр цэцэрлэгчдийг бэлтгэж, хавраас эхлэн улиасны тайралт хийлгэснээр харшил хөдөлгөдөг байсан “хөвөн” үгүй болсон юм билээ. Цаашид нийслэлийг цэцэрлэгжүүлэх ажилд оюутнуудыг дайчилдаг болбол яасан юм бэ? Санаачлага гаргаад мод тарьсан ч яадаг юм.

Жил бүрийн хавар их, дээд сургуулийг төгсч байгаа оюутнууд сургуулийнхаа ойр орчмыг цэцэрлэгжүүлдэг болчихвол том бүтээн байгуулалт болно. Анги бүр 10 мод таръя л даа. МУИС-ийг хар, жил бүр хэдэн зуун оюутан төгсдөг. Гэтэл ойр орчимд нь хуучин цагт тарьсан модод л байхаас шинээр тарьж ургуулсан мод үгүй.

Энэ том сургуулийг төгсөгчид жил бүрийн хавар “Эко хот” аяныг дэмжээд ажилласан бол өдийд тус сургуулийн ойр орчим нийслэлдээ хамгийн сайханд тооцогдох цэцэрлэгжилттэй сургууль болсон байх байсан биз.

Хотын удирдлагуудын санаачилсан ажлыг дэмжээд ажиллацгаая. Тэгж байж Улаанбаатар хотоо улсын нийслэл шиг болгож хөгжүүлнэ.

Гэхдээ оройтох юу билээ, ирэх хавраас үзээд алд. Дунд сургуулийн ахлах ангийн төгсөгчид ч бас юу дутах билээ, мод тарих аян өрнүүлбэл, гэр хорооллын дунд сургуулиуд өнгө засаад л ирнэ. Ер нь тэгээд цэцэрлэгжүүлэх ажил зөвхөн хотын захиргаанд хамаатай хэмээн суугаад байвал илүү урт хугацааг туулж, Улаанбаатар хотоо эко болгох байх шүү.

Хотын удирдлагуудын санаачилсан ажлыг дэмжээд ажиллацгаая. Тэгж байж Улаанбаатар хотоо улсын нийслэл шиг болгож хөгжүүлнэ.

Бүтээн байгуулалтыг хот нь, төр нь хувийн хэвшилтэйгээ хамтраад хийг, харин та бид дэмжиж, зарим нэг ажлыг санаачлах хэрэгтэй. Хотын даргын зөв. Дэмжиж байна.