Дэлхийд анх удаа 9999 өсвөрийн шатарчин нэг дор оюун ухаанаа уралдууллаа
Тэмцээнд оролцогч 9999 өсвөрийн шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон нь онцлог байв.
2014.09.22

Дэлхийд анх удаа 9999 өсвөрийн шатарчин нэг дор оюун ухаанаа уралдууллаа

Отгонтэнгэр хайрхан, Богд Очирваань уулаар овоглосон Завхан аймагт “Өсвөрийн Мон­гол шатарчин 9999” тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Монголд төдийгүй дэлхийд анх удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд оролцогч 9999 өсвөрийн шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон нь онцлог байв. Тиймээс ч монгол хүүхдүүдийн тэр тусмаа Зав­хан нутгийн оюунлаг ба­га­чуудын тэмцээнийг со­нир­хохоор Олон улсын шатрын хол­бооны Ерөнхийлөгч Кир­сан Илюмжинов манай улсад хүрэлцэн ирэхээ мэ­дэгд­жээ.

Энэхүү тэмцээнийг сур­валжлахаар хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн төлөөлөл, зо­хион байгуулах ажлын хэ­сэгт  Монголын шатрын хол­боо, Хөдөлмөрийн яамны мэр­гэ­жилтнүүд өнгөрөгч пүрэв гарагт Завханы зүг хүлгийн жолоо залсан юм.

Улмаар Завхан аймгийн Улиастай суманд хүрэлцэн очиж, 22 сум руу томилогдсон. Бидний хувьд Завхан аймгийн Отгон суманд ажиллах үүрэг ногдов. Хангайн нурууны төгсгөл буюу Отгонтэнгэр хайрхны өвөр бэлд байх  Отгон суманд “Өсвөрийн Монгол шатарчин 9999” тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, өндөрлөлөө. 

Тус сумын ЕБС-ийн 270 өсвөрийн шатарчин хоёр өдрийн турш оюун ухаанаа сорьсноос 24 сурагч шилдгээр шалгарав.  Шилдгээр шалгарсан сурагчид сум орон нутгаа төлөөлж,  Улиастай хотноо зохиогдох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд авьяас чадвар, оюун ухаанаа сорих юм.

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилсэн  тус тэмцээнийг Завхан аймгийн Холбооны газрын дарга Д.Батмэнд, Отгон сумын Засаг дарга Ж.Амарбаяр, МСҮТ-ийн Улаанбаатар хотын бүсийн менежер н.Нарантуяа, шатрын багш Ц.Энхбат   нарын хүмүүс амжилттай зохион байгууллаа.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачлан хэрэгжүүлсэн гурван тулгуурт бодлогын хүрээнд аймгийн хэмжээнд өрх бүрийг шатартай болгож, улмаар хүүхэд бүрийг шатарт сургах зорилт тавьсан нь амжилттай хэрэгжжээ. Өмнө нь  Завхан аймгийн хэмжээнд нийт 2222 морин хуурч бэлтгэгдэж, хүүхэд хүүхдээ хөгжимд сургасан нь эдүгээ бодит ажил болжээ.

Харин одоо өрх бүр шатартай болсноор хүүхэд бүрийг шатрын спортод “дурлуулах” ажил амжилттай хэрэгжиж байгаа нь энэ юм. Тэмцээнийг нээж тус сумын Засаг дарга Ж.Амарбаяр үг хэлж, нийт оролцогчдод амжилт хүссэн. Тэрбээр “Манай сумын ЕБС-ийн сурагчдын 80 хувь нь шатар тоглож сурсан нь томоохон амжилт гэж үзэж байгаа.

Цаашид хүүхэд бүрт шатар зааж, сургах зорилт тавин ажиллаж байна. Улс орны хувьд хүнээс илүү үнэт баялаг гэж үгүй. Ялангуяа боловсрол, эрдэм, мэдлэгтэй шинэ үеийг бүтээх иргэдийг бага, балчираас нь бэлтгэх нь туйлын чухал юм. 

Тиймээс ч оюуны спортыг алс баруун аймгийн хүүхэд багачуудад зааж, сургаж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Дашрамд дурьдахад, Отгон суманд зохиогдсон  тэмцээний сүүлчийн өдөр буюу өчигдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан тус суманд хүрэлцэн ирж, оролцогчдод амжилт хүсэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Завхан аймаг Монгол Улсын оюуны ундарга болсон нутаг. Шатрын спортын таван их мастерын хоёр нь буюу Б.Хатанбаатар, Б.Мөнгөнтуул нар энэ нутгаас төрсөн нь үүний жишээ юм.

Тиймээс ч энэхүү танхимд шатар тоглож буй 270 сурагчаас ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах эрхэм нэгэн төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Б.Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Түүн шиг монголчуудад,  Завханчууд бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй байна. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм.