Э.Бат-Үүл: Цахилгаан машины туршилт амжилттай болвол нийтийн тээвэрт нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл
2014.09.15

Э.Бат-Үүл: Цахилгаан машины туршилт амжилттай болвол нийтийн тээвэрт нэвтрүүлнэ

Япон улсын "Митсубиши Моторс" компаниас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт цахилгаан автомашин хандивлалаа. 100 хувь цахилгаанаар ажиллах энэхүү машиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Цахилгаан машины давуу талаас дурьдвал?

Энэ машин сард 60 мянган төгрөгийн зардалтай. Тодруулбал, зарим машины өдрийн хэрэглээг бүтэн сарын турш зарцуулна. Мөн ямар ч утаа гаргахгүйгээрээ байгаль орчинд ээлтэй машин. Албан бус судалгаагаар монголчууд нэг жилд 1.3 тэрбум ам.долларын шатахуун импортлодог байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд метро барих зардал юм.

Тэгэхээр иймэрхүү хэмнэлттэй машиныг хэрэглээнд нэвтрүүлснээр бид шатахууны зардлыг хэмнэх боломж гарч байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг. Тэгвэл  энэхүү эко машин нь утаа ялгаруулахгүй, байгаль орчинд ээлтэй унаа юм. Харин Монголын хүйтэн өвлийг хэрхэн давахыг энэ жил туршиж үзнэ.

"Митсубиши Моторс" компанийнхан автомашинаас гадна мини автобус, ачааны машин зэргийг үйлдвэрлэсэн байдаг юм билээ. Тиймээс туршилт амжилттай болвол төрийн албанд цаашлаад хотын нийтийн тээвэрт нэвтрүүлнэ. Би ч бас энэ машиныг унана.

-Та өөрөө унана гэлээ. Төрийн ажиллагаанд унахад хэр тохиромжтой вэ?
Албан бус судалгаагаар монголчууд нэг жилд 1.3 тэрбум ам.долларын шатахуун импортлодог байна.

Миний хувьд бол тохиромжтой санагдсан. Шатахуунд их мөнгө зарцуулж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж, тансаглаж болохгүй. Тиймээс энэ машиныг хэрэглэх нь зөв.  Би энэ машиныг унах гэсэн, Тамгын газраас надад өгөхгүй юм. Тэгэхээр би өөртөө тушаал гаргаж байгаад унана даа.

-Хотын захиргаанд өмнө нь хоёр машин өгсөн гэсэн. Тэдгээр машиныг хэрэглэж байгаа юу?

"Митсубиши Моторс" компанийнханд талархал илэрхийлье. Миний бие 2012 оны намар Токио хотод очихдоо автомашины үзэсгэлэнг үзэж явахдаа энэ цахилгаан машиныг харж байлаа.

Тэр үед энэ машиныг 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай гэдгийг сонсоод тус компанийнханд манай нийслэлд турших санал тавьсан.

Энэхүү саналыг таатай хүлээн авч өнгөрсөн зургаадугаар сард хоёр машин өгсөн. Эдгээр машинаар улсын баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг наадмын талбай руу зөөсөн. Энэ үед шатахуун  зарцуулахгүйгээр, дөрвөн мянган төгрөгийн цахилгаанаар цэнэглээд 150 км зам туулж байсан.