Х.Лхамсүрэн: Борлуулах газаргүйгээс ганц хоёр сар л худалдаалаад зогсчихвол их хүндрэлтэй байна
Монголын Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацаас нийслэлийн хэд хэдэн дүүргүүдэд эрт ургацын ногооны худалдааг зохион байгуулж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн гүйцэтгэх захирал Х.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Хэзээнээс эхлэн шинэ ургацын ногоог худалдаалж эхлэсэн бэ ?
Өнгөрсөн жил Засгийн газраас эрт ургацын ногоог иргэдэд хүргэх бодлого явуулж түүний үндсэн дээр бидэнд ногоо худалдаалах асрыг үнэгүй барьж өгсөн. Харин энэ жил “Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци”-аас мэргэжлийн холбоодод эрт ургацын ногоог үргэлжлүүлэн худалдаалах санал гаргасан.
Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүрэгтэй хамтран 8 сарын 15-наас шинэ ногоог нийслэлд хэрэглэгчдэд зориулан худалдаалж байна.
-Танай байгууллагаас үзэсгэлэн худалдааны хүрээнд ямар ажлыг хийж байна вэ, хичнээн салбартай вэ ?
Манай байгууллага нийслэлд байгуулагдаад таван жил болж байна. Нийт 17 аймагт салбартай. Бид энэхүү үзэсгэлэн худалдаанд ямар ч бордоо ашиглалгүй монголын хөрсөнд тарьсан цэвэр ногоогоо иргэддээ хүргэхээр оролцож байна.
-Энэ жил аль аймгаас хэдэн ногоочид хамрагдаж байна ?
Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймгуудаас нийт 44 ногоочид хамрагдсан. Яг одоо энд 30 гаруй ногоочид бүлэг болон нэг хэсэг нь ногоогоо хурааж , үлдсэн нь борлуулах ажлыг хийж байна.
-Танай байгууллагыг дэмжин ажилладаг ямар байгууллагууд байна ?
Засгийн газар Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албаас шинэ ногооны ургацын худалдааг зохион байгуулахад үнэгүйгээр бүх зүйлийг бэлдэн дэмжин ажиллаж байгаа.
-Үзэсгэлэн худалдааг явуулж байхад хүндрэл бэрхшээл тохиолдож байна уу ?
Реклам, зар сурталчилгаа дутмаг байгаагаас хүмүүст тэр болгон мэдээлэл сайн хүрэхгүй байна
Реклам, зар сурталчилгаа дутмаг байгаагаас хүмүүст тэр болгон мэдээлэл сайн хүрэхгүй байна. Мөн бид өвлийн хүлэмжний дулаалгатай болвол 11 сарыг хүртэл худалдаа хийх бодолтой байгаа. Борлуулах газаргүйгээс ганц хоёр сар л худалдаалаад зогсчих гээд байгаа нь хүндрэлтэй байна.
-Ач холбогдолтой тал нь юу байна вэ ?
Үүнийг зохион байгуулснаар нэгдүгээрт манай гишүүн дэмжигчид оролцох боломжтой, хоёрдугаарт энэ бол баталгаатай хүнс. Хэрэв янз бүрийн асуудал гарвал эдгээр хүмүүстэй буцан холбоо барих бүрэн боломжтой бөгөөд өвөл ч зооринд байх ногоог нь худалдан авч болно.
-Цаашдаа энэ үзэсгэлэн худалдааг явуулахад шаардлагатай анхаарах зүйл юу байгаа вэ ?
Цаашид борлуулалтын цэгийг олон болгох эсвэл томруулах хэрэгтэй. Тэгвэл намрын ногоон хөтөлбөрт оролцож амжаагүй байгаа хүмүүсийг оролцуулж чадна. Ассоциацийн зүгээс фермерүүд хүнсээ борлуулаад буцахад, дараагийн ээлж нь ирэн борлуулдаг тийм газартай болох хүсэлтийг тавьж байна.
-Танай байгууллагаас өөр ямар үйл ажиллагааг явуулдаг вэ ?
Манай байгууллага өнгөрсөн сард Дархан-Уул аймагт “Төмс хүнсний ногооны үнэгүйдэл түүнээс гарах арга зам” гэсэн хэлэлцүүлэг явуулсан. Түүний үр дүнд бид засгийн газарт арван шаардлагыг хүргүүлсэн.
Мөн манайхаас тариаланчдад хэдэн жил ногоо тарьж байгаа болон газрын га хэмжээ, ногооны төрлүүд, хэдэн төгрөгөөр борлуулах зэргийг дурдсан гарал үүслийн бичигтэй болгохоор ажиллаж байгаа. Хэрвээ асуудал үүсвэл ногоочид ч хариуцлагаа хүлээх боломжтой болох юм.
Монголын хөрсөнд тарьсан шинэ ногоогоо борлуулахаар Өмнөговь, Сэлэнгэ, Дархан аймгийн ногоочид ирж худалдаагаа хийж байгаа билээ. Тэгвэл уг үзэсгэлэн худалдаанд оролцсноор ногоочид ямар сэтгэгдэлтэй байгаа талаар ярилцсан юм..
-Та аль аймгаас ирж ногоогоо борлуулж байна вэ ?
Намайг Э.Байгальмаа гэдэг. Дархан-уул аймгаас ирсэн.
-Ямар ямар төрлийн ногоог хэдэн төгрөгөөр худалдаалж байна ?
Хоёр төрлийн ногоог 1000 төгрөгөөр, лууван сонгиныг 1500-аар, төмс 1000-аар борлуулж байна.
-Ногоогоо борлуулж байхад хүндрэлтэй тал байна уу, бас ашигтай тал нь юу байна?
Ногоогоо ихээр хадгалах газаргүй учраас хэцүү байна. Харин ашигтай тал нь хөрсөн дээрээ тарьсан ногоогоо өөрсдөө худалдаалж байгаа учраас сайхан байгаа.
Сэлэнгэ аймгийн ногоочин н.Батцэцэг
-Та энэ худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ ?
Би Нийслэлийн хөдөө аж ахуйн ассоциаци, Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциацаас зохион байгуулж буй энэ худалдаанд хоёр дах жилдээ оролцож байна. Цаашдаа ч ийм худалдаанд тогтмол оролцох бодолтой байна.
-Хичнээн төрлийн ногоог хэдэн төгрөгөөр борлуулж байна ?
Нийт 20 гаруй төрлийн ногоо байна. Лууван манжинг 800-1000 төгрөгөөр, өргөст хэмхийг 2500-аар борлуулж байгаа юм.
- Ирэх жил энэ худалдааг зохиох үед санал дэвшүүлмээр байна уу ?
Ирэх жилээс бидний байрлах байрыг улам илүү тохижуулан өвлийн хүлэмжэй болговол их сайн байна. Хэрвээ тэгвэл монгол ногоогоороо өвлийн улиралд ч иргэдийг хангах боломж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч н.Сэлэнгэмөрөн:
-Хэзээнээс сармис тариалж байна вэ, энэ худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна?
Манайх 1992 оноос хойш сармис тариалж байгаа. Энэ худалдаанд 2005 оноос эхлэн оролцож байна.
-Сармис тариалахад хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?
Сармисыг тариалахад яг л нялх хүүхэд асарч байгаа юм шиг арчилгаа их шаарддаг. Бүх ажиллагааг гараараа хийх шаардлагатай. Усаа яг сайн тааруулах ёстой. Жилийн дөрвөн улирлын туршид байнга арчилж байж сайн сармисыг ургуулж чаддаг.
-Хэдээр худалдаалж байна, хүмүүс хэр их авч байна ?
Сармисны хумсны тоогоос хамаараад үнэ нь өөрчлөгддөг. Нэг боодолдоо 25 хумсаар сүлжсэн нь 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Хүйтрэх тусам сармисны үнэ буурна.2010 оноос эхлэн сармисны хэрэглээ их болсон. Ялангуяа Завханы ягаан сармисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийн тулд авч байгаа.
Зөгийн бал худалдаалагч Сэлэнгэ аймгийн иргэн Д.Баттулга:
-Зөгийн балыг хэдээр худалдаалж байна вэ ?
Би цэвэр зөгийн балаа худалдаалахаар ирсэн. Энд байгалийн, таримал цэцгийн гээд гурван төрлийн бал байна. 750 грамм зөгийн балыг 17 мянган төгрөгөөр худалдаалдаг. Нийслэл дүүрэг гээд гурван газар шинжилгээ хийлгэн гэрчилгээ авсан ямар нэгэн хольцгүй цэвэр бал учраас хүмүүс өргөнөөр худалдан авч байна.
-Зөгийн балны хэрэглээний талаар мэдээлэл өгвөл ?
Цэвэр зөгийн балыг сүүдэртэй газар хадгалах ёстой байдаг. 250 грамм усанд амны халбагаар нэгийг хийн зургаан цагийн дараа уудаг. Долоо хоног ууж, долоо хоног ходоодоо амраах байдлаар курс эмчилгээ хийдэг. Сахарын өвчинд хэрэглэвэл нэн сайн. Ассоциацаас бүх зүйлийг хангаж өгч байгаад сэтгэл хангалуун байгаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн н.Оюунцэцэг:
Би Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацаас зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд оролцон ногоогоо борлуулж байгаа. Голчлон даршилсан ногоо худалдаалахаар ирсэн. Даршилсан огурцыг 3000-8000 төгрөгөөр, салатыг 3500 төгрөгөөр зарж байна.
Өмнөговь аймгийн тариаланч н.Цэндсүрэн:
Давжаа алим худалдаалахаар ирсэн. Өмнөговь аймгаас 30 км урагш Хадат гэдэг газар ургадаг. Нийт зургаан төрөл байдгаас бид шөвгөр улаан хэмээх исгэлэн амттай алимыг авчирсан. Ямар ч химийн бодис ороогүй жинхэнэ цэвэр жимс юм.
-Сэлэнгэ аймгийн иргэн н. Баярмаа
-Хэзээнээс энэ худалдаанд оролцож байна вэ, хэдэн төрлийн ногоог худалдаалж байна?
Би 8 сарын 15-наас эхлэн бүх төрлийн ногоогоо борлуулахаар ирээд байна. Төмс лууван гээд арав гаруй нэр төрлийн ногоо зарж байгаа.
-Хүндрэлтэй зүйл байна уу ?
Өмнөх жилүүдэд ногоогоо зарах гэхэд дэмжих хүмүүс байхгүй учраас их бэрхшээлтэй байсан. Харин сүүлийн жилүүдэд Засгийн газраас дэмжиж тусалсан. Мөн Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн гишүүн болсноор бид цаг алдалгүй мэдээлэл авах болсон. Ченжүүдийн гар дамжуулахгүй өөрсдөө борлуулж байгаа нь их ашигтай юм.
- Санал дэвшүүлмээр зүйл байна уу?
Биднийг өвөл ногоогоо зооринд хийлгүйгээр үргэлжлүүлэн худалдаалж болохуйц өвлийн хүлэмжтэй болговол их сайн байна.