МАХН-ын төвийн бүсийн гишүүд, дэмжигчид Дархан-Уул аймагт чуулга уулзалт хийсэн юм
2014.08.21

МАХН-ын төвийн бүсийн дэмжигчид чууллаа

МАХН-ын төвийн бүсийн гишүүд, дэмжигчид Дархан-Уул аймагт чуулга уулзалт хийсэн юм. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараах зүйлийг тодрууллаа.

-Төвийн бүсийн чуулга уулзалтаар ямар асуудал хэлэлцэж байгаа вэ?
-Уулзалт зөвлөгөөний гол зорилго нь оны сүүлээр хуралдах Бага чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярихад чиглэж байгаа.

Мөн МАХН МҮАН-тай хамтарч “Шударга ёс“ эвслийг байгуулж, дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ард иргэд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа талаар намын анхан шатны идэвхтэн сонгуультнаар дамжуулан мэдээлэл солилцож байна.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөж ярилцахаас гадна намын дотоод асуудлыг түлхүү хэлэлцлээ.

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар гишүүдийн саналыг сонсож байгаа гэлээ. Тэгвэл МАХН өнгөрөгч хаврын чуулганыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулган үр дүн муутай бол­сон гэж үзэж байгаа. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдээ нэн тэргүүнд үргэлжүүлэн авч хэлэлцэх ёстой. Үүнд хэд хэдэн хуулийн төсөл бий.

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой. Энэхүү хуулийн төслийг хэлэлцсэнээр улс төрийн намууд тогтворжиж, төлөвших ач холбогдолтой.

Мөн Сонгуулийн тухай хуулийг хэлэл­цэж, тодорхой болгох хэрэгтэй байна. УИХ-ын үйл явцыг харахад цаг үеийн улс­төрж­сөн нөхцөл байдал руу чиглэгдэж, улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, давж гарах гарцыг эрэлхийлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

Иймд МАХН шүүмжлэлтэй хандаж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээр дамжуулан үйл ажиллагааг нь зөв гольдиролд оруулах чиглэл өгч ажиллана.

Харин залуус давамгайлсан Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны гишүүн Э.Ууганбаяраас чуулганаас ямар үр дүн хүлээж байгааг нь асуухад “Намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар өөрсдийн дүгнэлтийг өгнө.

АН-тай хамтран байгуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал бодлоо илэрхийлнэ” гэж байв.

Харин үдэш нь халуун наранд хуралдсан алжаалаа тайлж, бүжиг танц үсэргэн бүтэн өдрийг ажилч, бүтээлч, басхүү хөгжөөн, наргиантай өнгөрөөсөн тэдэнд нэгэн гэнэтийн бэлэг тохиосон нь “Залуучууд” театрын авьяаслаг уран бүтээлчдийн тоглолт байв. Тус хамт олон чуулга уулзалтад оролцогчдод зориулан үнэ төлбөргүй бүтэн концерт тоглосон юм.

Аяганы хариу өдөртөө гэдэг шиг үүнийх нь хариуг төвийн бүсийнхэн баярласан сэтгэлээ тус тусын урлагийн үзүүлбэр, мэндчилгээгээр хүргэсэн. Тэдний тоглолт нижгэнэсэн алга ташилт, “Залуучууд” театрынхны “Мэргэжлийн байлаа” гэсэн урмын үгээр шагнагдсан юм. Аймгаа магтсан шүлэг, хуурын тат­лагатай уртын дуу “Зулзагын гол”-д шуранхайлж бүтэн өдрийн уулзалт баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн өндөрлөлөө.

Уг уулзалтад Дархан-Уул, Булган, Орхон, Төв болон Сэлэнгэ гэсэн таван аймгийн намын идэвхтэн гишүүд, дэмжигчид орол­цож, санал бодлоо солилцсон юм. Чуулга уулзалтыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ахалсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Цолмон болон Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян нар оролцсон.