Г.Шийлэгдамба: МАХН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаархи мэдээлэл гарч эхэлсэн билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баталгаажуулсан.
Тэгвэл лхагва гариг буюу өчигдөр МАХН-тай холбоотой бас нэгэн мэлээлэл гарсан нь намынх нь байрыг битүүмжилсэн гэсэн мэдээлэл юм. Бид энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Өнөөдөр МАХН-ын байрыг битүүмжилсэн гэсэн яриа олны дунд гарлаа. Ямар учраас ийм яриа гарах болов?
Битүүмжилсэн зүйл байхгүй. Та бүхэн харж байгаа байх. Хэвийн л үйл ажиллагаагаа явуулж байна.
-Эсвэл битүүмжлэнэ гэсэн асуудал яригдсан юм уу?
-Огт яригдаагүй.
-Энэ байранд ямар байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бүгдээрээ намын дэргэдэх төрийн бус байгууллагууд.
-Та намын даргатайгаа уулзаад ирсэн. Биеийн байдал нь ямар байна вэ. Мөн Монголд ирнэ гэсэн мэдээлэл байсан?
-Намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг хүний хувьд цаг үеийн болон бусад асуудлаар намын даргатайгаа санал солилцохоор байнга БНСУ руу явдаг. Сая ч гэсэн үүний нэгэн адил яваад ирлээ.
Намын дотоод ажлын талаар зөвлөлдсөн учраас энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлах шаардлагагүй байх. Намын даргын ирэхээр төлөвлөж байсан цаг хугацаатай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарсан.
Онцгой шалтгаанаас болоод ирэх хугацаагаа хойшлуулсан зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зөв байх. Бид намын бүсийн чуулга уулзалтаа долдугаар сарын 27, 28-нд хийхээр төлөвлөж байсан боловч хойшлогдсон. Тэр үйл ажиллагаанд дарга оролцох санаатай байсан юм.
Гэвч сая очиж уулзахдаа эмч нарынх нь дүгнэлтийг харлаа. Өдий хүртэл эмчлүүлсэн хүний хувьд эцсийн үр дүнг нь баталгаажуулсныхаа дараа нааш цаашаа явах асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг эмч нар нь гаргасан юм байна.
Байгаа орчноо өөрчилснөөр эмчилгээний дэглэм алдагдах эрсдэлтэй. Тиймээс хэсэг хугацаанд эмч нарын зөвлөмжийн дагуу байх нь зөв гэж гэж үзсэн юм билээ. Битүүмжилсэн зүйл байхгүй. Та бүхэн харж байгаа байх. Хэвийн л үйл ажиллагаагаа явуулж байна