Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга энэ сарын 27 юм уу 28-нд эх орондоо ирнэ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.07.18

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга энэ сарын 27 юм уу 28-нд эх орондоо ирнэ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд хаврын чуулганыг хэрхэн дүгнэв. Монгол Улсын нийгэм эдийн засагт хэр үр дүнтэй чуулган болж өндөрлөсөн гэж үзэж байна вэ?

-Хаврын чуулганыг үр дүнтэй хуралдсан гэж хэлэхгүй. Учир нь хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцэж дуусгасангүй. Уг нь хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль, Өршөөлийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан.

Хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга З.Энхболдын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн дүгнэлтийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин УИХ-ынхаа үйл ажиллагааг дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Уг нь УИХ өөрийнхөө үйл ажиллагаанд илүү шүүмжлэлтэй хандах ёстой байсан. Энэ нь намрын чуулганыг илүү хариуцлагатай хуралдуулахад хүргэж байгаа байх. Намрын чуулганаар эдгээр хуулийн төслүүдээс гадна Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүнг дүгнэнэ.

Ирэх он сонгуулийн өмнөх жил учир Засгийн газар луу чиглэсэн улстөржсөн олон асуудал үүсдэг. Тэр утгаараа хаврын чуулган илүү үр дүнтэй хуралдсан бол намрын чуулганаар гол гол асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэх байсан. Гэвч тэгсэнгүй.

Магадгүй энэ байдал нь намрын чуулганыг илүү тогтворгүй байлгах дүр зураг харагдаж байна.

Ер нь бол хаврын чуулганы үр дүнд сэтгэл дундуур байгаа.

-Та УИХ-ын дарга З.Энхболдын Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн дүгнэлтийг ерөнхийд нь дэмжиж байгаа гэлээ. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа гэж ойлгож болох уу. Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчний хувьд ийм дүгнэлт хийх нь хэр нийцтэй вэ?

-Би нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй байна. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь зарчмын асуудал. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагаанд ямагт шүүмжлэлтэй хандах ёстой.

Нөгөөтэйгүүр Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байх нь УИХ-аас шууд хамааралтай. Энэ талаас нь хэлээд байгаа юм. Энэ талаасаа бол УИХ өөрөө чадамжтай байх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхээс гадна УИХ-д шүүмжлэлтэй хандах ёстой.

Хаврын чуулганы үйл ажиллагааг эргээд санахад ихэнх цаг хугацаагаа Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилох болон нөгөө алдартай “Давхар дээл”-ийн асуудал л ярьсан байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагаанд үр нөлөө үзүүлэхүйц хуулийн төсөл хэлэлцсэн үү, нийгэм эдийн засгийн хямралаас гаргахад тустай хууль баталсан хуралдаан болсон уу. Олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг үүрэг хариуцлагатай ажиллаж чадсан уу гэвэл чадаагүй гэж хэлнэ. УИХ-ын дарга З.Энхболд Их хурлынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж чадсангүй.

-Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Энэхүү хөтөлбөрөөс үр дүн гарах уу?

-Ирэх наймдугаар сарын 27-нд энэ хөтөлбөр дуусна. Засгийн газар 100 хоногийн ажлын тайланг УИХ-д тавих байх. Мөн цөөнх бас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн

ажлын тайланг тавих байх. Миний хувьд цөөнхийг бодитой хяналт тавина гэж үзэж байгаа. Тийм учраас энэхүү хоёр тайлангийн дараа “Эзэн 100” хөтөлбөрт манай нам дүгнэлт хийнэ. Ирэх наймдугаар сард хоёр хөршийн томоохон хэмжээний айлчлал болно.

Манай улсын эдийн засаг хоёр хөрштэй шууд холбоотой учир энэхүү айлчлалаар ямар ямар асуудал хэлэлцэх вэ, гэрээ хэлэлцээрийн асуудал хөндөгдөх үү гээд олон зүйл шалтгаалах учир хүлээлт байгаа.

-Эдийн засаг 100 хоногийн дараа гэнэт сайжрахгүй. Таны хувьд өнөөдрийн байдлаар эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хэрхэн дүгнэж байна вэ?

-100 хоног байтугай үүнээс их хугацаанд ч эдийн засгийн нөхцөл байдлыг өргөс авч байгаа мэт сайжруулж чадахгүй. Харин энэ хугацаанд эдийн засгийг зөв чиглэлд гаргах гарцыг нээж байна. 100 хоногийн хугацаанд хувийн хэвшил төр хоёрын хоорондох харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд дорвитой алхам хийсэн юм болов уу гэж бодож байна.

Энэ нь бизнесийн орчинд дахь төрийн оролцоог бууруулахад чиглэгдсэн. Үр дүн нь яаж гарах нь дараагийн асуудал. Ер нь “Чингис” бондын зарцуулалт үр ашиггүй байна гэсэн шүүмжлэл байгаа. “Чингис” бондоос үлдсэн хөрөнгийг илүү үр өгөөжтэй зүйлд зарцуулах ёстой.

-Засгийн газрын алдаатай, оновчгүй үйл ажиллагаанаас , үдэн эдийн засаг хүндэрлээ гэж дүгнэх хүмүүс олон байна. Хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа намын удирдлагын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-МАХН өнөөгийн нийгэм эдийн засагт болж байгаа нөхцөл байдлын талаар тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Улс төрийн намын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө тодорхой асуудлыг баримттай болон үндэслэлтэйгээр авч үзэх ёстой.

Энэ ч утгаараа бид УИХ, Засгийн газарт манай намыг төлөөлж ажиллаж байгаа хүмүүстэйгээ энэ асуудлаар тодорхой яриа хөөрөө хийж байгаа. Валютын ханшийн өсөлт богино хугацаанд зөвхөн Засгийн газраас шалтгаалаад шийдчих асуудал биш. Эдийн засгийг тойрон хүрээлж байгаа олон нөхцөл байдалтай холбоотой.

Зөвхөн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор авч үзэх ёстой зүйл биш гэж бид ойлгож байгаа. Энэ бол өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан гэрээ хэлэлцээртэй холбоотой.

Хэрвээ эдийн засгийн хүнд байдал үүсвэл улс төрийн хариуцлага тооцохоос гадна УИХ-д суудалтай болон Засгийн газрыг хамтран байгуулсан улс төрийн намуудын хамтын хариуцлага байх ёстой. Улстөржсөн байдлаас бус улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө чиглэсэн нэг бодлого дээр зангидах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо удахгүй ирнэ гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Яг хэзээ ирэх вэ. Ирээд шууд намын даргын ажлаа гүйцэтгээд явах уу?

-Энэ сарын 27 юм уу, 28-нд ирэхээр товлосон. Гэхдээ Н.Энхбаяр даргын хувьд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь бүрэн эдгэрээгүй. Ирээд шууд улс төрийн ажил руу орохгүй. Харин зуны дэлгэр цагт агаар салхинд байж, ойр дотныхон болон намынхантайгаа уулзана.

Ажил төрөл ярихаас илүүтэйгээр бодол санааг нь тайван байлгана. Тийм учраас ирээд шууд улс төрийн ажлаа хийж, зарим хүчнүүдтэй тохиролцоонд хүрч гарын үсэг зурна гэсэн мэдээлэл ташаа. Цагийн юм цагтаа. Хэзээ биеийн байдал нь бүрэн эдгэрнэ тэр цагт улс төрийн үйл ажиллагаанд оролцох нөхцөл байдал бүрдэнэ.

-Н.Энхбаяр даргын хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байх. Бүхий л мэдээллийг цаг алдалгүй та бүгдээс авч байгаа биз дээ?

-Маш тодорхой асуудлуудыг ярьж байгаа. Манай улс төрийн нөхцөл байдал улам жижигрээд байна. Зарим нам нь хэтэрхий олон фракцын зөрчлөөсөө болж бодлогын зарчим алдагдаж байхад зарим нь зөвхөн өөрийн улс төрийг явуулж шүүмжлэх байр сууринаас хандаж байна.

Гэтэл эдгээр нам улс эх орны өмнө тулгамдсан олон асуудалд идэвхитэй хандахгүй байна. Манай намын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт ч хангалттгүй байна. Энэ нь ганц манай намтай холбоотой биш. “Шударга ёс” эвслийг байгуулсан МҮАН-тай ч холбоотой.

Улс төрийн намууд сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй, тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдал руу гол анхаарлаа хандуулаад яваад байгаа нь улс эх орны хөгжлийг урагшуулах бус зогсонги байдалд оруулах, бүүр цаашлаад ухраах байдал руу орчихоод байна. Иймд улс төрийн намууд илүү хариуцлагатай ажиллах ёстой.

Ганц хоёр сайдаар бамбай хийгээд, аль эсвэл ганц хоёр сайдыг огцруулснаар бүх зүйл сайхан болчих юм шиг сэтгэх нь буруу.

Улс орны томоохон асуудлыг шийдэхдээ нийгмийн санал бодлыг сонсох ёстой.

Нийгмийн санал бодлыг сонсох нэг арга бол улс төрийн нам. Нам болгон орон нутагт салбартай бөгөөд намын сонгуульт ажилтнууд албан тушаалтнууд биш. Албан тушаалтнууд нэг чиглэлээр ажилладаг бол намын ажилтнууд салбар салбарт ажилладаг. Гэтэл намаараа дамжуулж асуудлыг шийдэхгүйгээр зөвхөн 76 хүн шийдэж байна. Гэхдээ тэдэнд шийдвэр гаргах эрх нь байгаа л даа.

-Хэрвээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрт үр дүн гарахгүй бол эрх баригчид болон сөрөг хүчнийхэн Шинэчлэлийн Засгийн газартай хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Парламентад суудалтай танай намын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хариуцлага тооцох гэдэг' зарчим бол шинэ содон зүйл биш. Хариуцлага бол өмнө нь ч, одоо ч, ирээдүйд ч байх болно. Ажил хийж байгаа бол хариуцлага байнга хамт явж байдаг. Нэг зоосны хоёр тал. Хариуцлага гэдгийг дахин дахин дурдаад байх зүйл биш. Тэгээд ч тэртээ тэргүй хариуцлага яригдана.

Онцгойлон авч үзэх зүйл биш гэж би хувьдаа боддог. Хариуцдага тооцох цаг мөч гарвал тооцох л хэрэгтэй. Засгийн газар 100 хоногт хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнасны дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй. Бүх хүндрэл ард иргэдийн нуруун дээр бууж байгаа. Ард иргэдийн нуруун дээр байгаа хүндрэлийг ганцхан Засгийн газар шийдэхгүй.

Энэ бол парламентад суудалтай улс төрийн намуудын үүрэх хариуцлага. Нэг хэсэг нь хариуцлага тооцоод, нөгөө хэсэг нь хариуцлага тооцуулчихлаа гээд бүх зүйлийг сайн сайхан болоход хувь нэмрээ оруулчихлаа гэж бодож байгаа бол энэ улс төр болоод үлдэнэ. Өөр зүйл болж үлдэхгүй.

Асуудалд хариуцлагатай, шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ өөрсдөө бас энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг гарцыг хайх хэрэгтэй. Иймд ирэх намар нэг нэгэн лүүгээ чичлэхээс өмнө улс төрийн намууд энэ нөхцөл байдлаас гарах уу арга замыг эрэлхийлэх ёстой.

Үлдэж байгаа хугацаанд аль болох бага хэрэлдэж, илүү бодитой асуудал руу хандах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байхад иргэдийн сэтгэлзүй тогтворгүй болж, түүнийг дагаад төр тогтворгүй болвол хэнд итгэх вэ. Энэ бүхнийг улс төрийн хариуцлагатай албан тушаалтнууд амарч байх хугацаандаа бодож намрын чуулгандаа ирээсэй гэж хүсэх байна.