Г.Шийлэгдамба: Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаж байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.07.04

Г.Шийлэгдамба: Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаж байна

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ, Засгийн газарт суудалтай улс төрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэрээр хаврын чуулганы талаар дүгнэлт хийсэн байна.

Энэ удаагийн хаврын чуулган хэлэлцэх ёстой чухал хуулиудаа хэлэлцэхийн оронд хэдэн сайд нарын сандал ширээтэй зууралдаж, өвөр зуураа тэмцэлдэж хамаг цагийг барсанд харамсалтай байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, энэ удаагийн чуулганаар Өршөөлийн тухай хууль, Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг чухал хуулийн төслүүдийг олон талаас нь нарийн хэлэлцэж, батлах ёстой байсан ч энэ ажлаа хийж чадаагүйд нь МАХН-ын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс намрын чуулганаар дээрх нэр бүхий хуулиудыг хэлэлцэхийг шаардаж ажиллахаа тэрээр мэдэгдэв.

Мөн зарим нэг хэвлэлээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн намын дарамтад өртсөн, шалгагдаж байгаа, одоогийн хариуцаж буй албан тушаалаасаа буухыг шаардсан зэрэг мэдээлэл цацагдаад байсан.

Үүнд тэрээр хариулахдаа, “Манай нам бол нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж, тэмцэж байгаа улс төрийн хүчин. Тиймээс ямар нэг шударга бус зүйлтэй орооцолдох эрх байхгүй. Хувь хүнийхээ үүднээс надад тийм ухамсар ч байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байна.

Нөгөө талаар намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхийг шаардсан зүйл байгаа.

Нөгөө талаар намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхийг шаардсан зүйл байгаа.

Нэг хүнтэй холбоотой асуудал учраас ач холбогдол багатай гэж үзээд энэ асуудлыг дэвэргээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Манай нам өөрийн дүрэмтэй. Тэр дүрмийнхээ дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилдог.

Шаардлагатай бол эргүүлэн татдаг. Тэр хурал болоогүй байна. Тиймээс иймэрхүү асуудал гаргасан зарим нэг улс төрийн намуудын төлөөллүүд дэндүү модноос гарсан улс төр хийж байна уу даа гэж харагдаад байгаа юм. Ер нь улс төр гэдэг ажил болохоос амьдрал биш” гэв.