Г.Шийлэгдамба: Гишүүд хаврын чуулганаар хангалтгүй ажилласан
УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрч байна. “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног ” төсөл, чуулганы үр дүн болон бусад асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Шийлэгдамбатай ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад байгаа. Хаврын чуулган хэр зэрэг үр дүнтэй ажилласан гэж үзэж байна вэ?
-Xаврын чуулган үр дүнтэй хуралдаж, хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж чадсангүй. Тухайлбал Улс төрийн намуудын хууль. Ашигт малтмалын хууль, Сонгуулийн хууль. Өршөөлийн хууль, Ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээгүй нь энэ хаврын чуулганыг үр дүнтэй ажиллаж чадаагүй гэж харах гол шалтгаан болж байна.
Эдгээр хуулийг хэлэлцэж эхлэхгүй завсарласан нь намрын чуулганаар илүү хариуцлагатай ажиллах нохцөл байдлыг бүрдүүлж байна гэж болно. Намрын чуулганаар эдгээр чухал хуулиас гадна олон асуудлыг хэлэлцжээ.
Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг дүгнэх зэрэг олон ажил давхиаж байна. Мөн 2015 он гарахад сонгуулийн өмнөх жил ирнэ гэсэн үг.
Тиймээс Засгийн газарт улс төржсөн, асуудал хөндсөн асуудлууд ар араасаа үүсэх нь ойлгомжтой.
Энэ утгаараа хаврын чуулган илүү үр дүнтэй ажилласан бол намрын чуулганаар өөр гол гол асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд явах боломжтой байсан. Харамсалтай нь ийм байдал бүрдсэнгүй. Өөрөөр хэлбэл, асуудлаа хэлэлцэж шийдэх хугацаа тун бага үлдэж байгааг ойлгож намрын чуулганаар бага улс төржиж, муудалцаж их ажил амжуулах хэрэгтэй болоод байна.
-Энэ байдал нь намрын чуулганыг мөн л үр дүн муутай ажиллах магадлалтай боллоо гэсэн үг ҮҮ?
-Намрын чуулган улс төрийн нөхцөл байдлыг илүү тогтворгүй байлгах нөхцөл бүрдэж байна гэсэн дүр зураг харагдаж байна.
-МАХН Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр Засгийн газар үр дүнгүй ажилласан гэж үзвэл танай намын зүгээс ямар хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын үйл ажиллагаан шүүмжлэлтэй хандах нь зарчмын асуудал. Засгийн газар ямагт хариуцлагатай ажиллах ёстой. Хариуцлага тооцно гэдэг шинэ, содон зүйл биш. Нөгөөтэйгүүр Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулахад УИХ-ын үүрэг хариуцлага адил хэмжээнд тавигдах нь зүйн хэрэг.
Энэ утгаараа УИХ өөрөө чадамжтай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс зөвхөн Засгийн газрыг шүүмжлэхээс гадна УИХ өөрийнхөө үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаасай. УИХ хаврын чуулганы ихэнх өдрүүдээ сайд нарыг тойрсон элдэв асуудлыг хэлэлцэж үр бүтээлгүй өнгөрөөсөн.
Олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг үүрэг хариуцлагатай ажилласан уу гэвэл чадаагүй. УИХ-ын дарга ч УИХ-ын үйл ажиллагаандаа хариуцлагатай дүгнэлт хийж чадсангүй.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаас илүү нь өнгөрчээ. Эндээс хэр оновчтой үр дүнтэй ажил, боломжууд харагдаж байна бэ?
-Ирэх сарын 27-нд 100 хоног дуусна. Энд бүх сайдыг ярих хэрэгтэй. Засгийн газар бүхэлдээ улс орны тэр тусмаа эдийн засагт үүсээд байгаа хүндрэлээс гарах гарцыг хайж төлөвлөж ажиллаж байна. Юуны өмнө 100 хоногийн хугацаа өнгөрсний дараа Засгийн газар УИХ-д тайлан тавих ёстой.
Цөөнх 100 хоногийн үйл ажиллагаанд бодитой хяналт тавьж байна гэж бид ойлгож байгаа. Тиймээс энэ үйл ажиллагаанд өгөх цөөнхийн дүгнэлтийг сонсож байж ерөнхийдөө Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй болсон эсэх талаар ярих нь зүйтэй болов уу. Мөн ирэх сард хоёр хөршийн дээд хэмжээний айлчлал болно.
Манай орны эдийн засаг хоёр хөршийн эдийн засагтай шууд холбоотой учраас энэ үеэр стратегийн ямар асуудлыг шийдэх, энэ айлчлалыг тойрсон я мар чухал гэрээ хэлэлцээрийг хийхээс олон зүйл шалтгаалж байгаа гэж харж байна. Эндээс эдийн засгийн үр өгөөжтэй, үр дүнтэй ажлууд гарах байх гэсэн хүлээлттэй байгаа.
-Өнгөрсөн хугацаанд ахиц дэвшил гарч чадсан болов уу?
-100 хоногийн хугацаанд өргөс авсан мэт эдийн засгийг сайжруулахгүй нь мэдээж.
Цаашид нийгэм, эдийн засгийг сайжруулахуйц ямар шинэ гарцуудыг гаргаж ирж байгаа нь.л хамгийн чухал юм.
Засгийн газраас гарган тавьж байгаа нэг гол асуудал бол хувийн хэвшил, төр хоорондын харилцан итгэлцэлийг харилцан сайжруулахад дорвитой эхлэлийг тавьж чадсан бол ов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сайжруулахад төр бизнесийнхэн хамтарч ажиллах бүтцийг бий болгож, бизнесийн зөвлөлийг байгуулж байгаа нь сайшаалтай.
Харин үр дүн нь яаж гарах нь дараагийн асуудал юм. Үлдэж байгаа Чингис бондын хөрөнгийн эдийн засгийн үр өгөөж нь илүү тод харагдахуйц зүйлд хэрэглээсэй. Эдийн засгийн үр өгөөж гэдэг ард иргэдэд шууд утгаараа хүрсэн мэдэгдэхүйц үр өгөөж байх ёстой.
-Танай намынхны хувьд одоогоор хаагуур ямар ажил амжуулж байна?
-Манай намынхан орон нутагт голдуу ажиллаж байна. Бид наадмын өмнө Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийлээ. Энэ үеэр орон нутагт ажиллах удирдамжаа баталсан. Мөн хэд хэдэн бүсийн зөвлөгөөн хийхээр төлөвлөөд байгаа. Энэ зөвлөгөөнөөс гарсан асуудлуудыг цаашид бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахаар ярьж байна.
-МАХН-ын дарга удахгүй ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Хэзээ ирэх вэ?
-Н.Энхбаяр даргын хувьд одоо эмчлүүлж байгаа. Энэсарын 27,28- нд ирэх байх. Монголд ирээд шууд улс төрийн ажиллагаанд орохгүй. Ирсэн тохиолдолд агаар салхинд гарч амрах байх.
Ажил төрөл гэхээсээ илүүтэй эрүүл мэнддээ анхаарахыг зорьж байгаа. Гадуур яригдаж байгаа шиг намуудтай гэрээ хэлэлцээр эсвэл ширээний ард суугаад улс төрийн зөвшилцөл хийх, наймаа панз үсэргэх зүйл огт байхгүй. Цагийн юм цагтаа. Хэзээ эрүүл мэндийн байдал нь нааштай болно, тэр үед намын даргын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж бий.