Г.Шийлэгдамба: Нам дотор хагарал байхгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.15

Г.Шийлэгдамба: Нам дотор хагарал байхгүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа. Танай намаас улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргасан байсан. Засгийн газрыг огцруулах талаар чухам ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын зүгээс нэлээд тодорхой байр суурь илэрхийлж, мэдэгдэл гаргасан. Хариуцлага тооцох талаар бид өөр байр суурьтай байгаа. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг улс төрийн намууд тойрч суугаад, асуудлыг хэрхэн даван туулах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд УИХ ч холбоотой.

УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, төсөв мөнгийг баталдаг. Тиймээс хариуцлага бүх шатанд байх ёстой. Хариуцлагыг хэзээ ч тооцож болно.

Харин хариуцлага тооцох нэрийдлээр Засгийн газрыг огцруулах нь буруу.

Магадгүй үүнээс болоод улс төрийн тогтворгүй байдал үүсэх, цаашлаад улс төрийн зарим бүлэглэлүүдийн ашиг сонирхолд нийцсэн нөхцөл үүсэж болно. Тиймээс шууд огцруулж болохгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, намын байрыг битүүмжилж лацадсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юү?

-Намын байрыг лацдаагүй. Н.Энх-баяр даргын талаар ямар нэг шийдвэр гараагүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд бичиж байна.

Намын байрын тухайд худалдан, худалдан авах гэрээний хүрээнд, иргэний эрх зүйн харилцааны дагуу 2011 онд болсон үйл явц. АНУ-ын иргэдийн эзэмшиж байсан байрыг өөр аж ахуйн нэгж эзэмшсэн байхад нь бид 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулж, байрлахаар гэрээ байгуулсан.

Харин АНУ-ын иргэд гомдол гаргасан нь анхаарал татаж байгаа. Яагаад өмнө нь гаргаж болоогүй юм, иргэний харилцааны хүрээнд шийдэх боломжтой асуудлаар яагаад эрүүгийн хэрэг үүсгэв гэх мэт олон асуулт гарч байгаа.

-Энэ талаар Н.Энхбаяр дарга мэдсэн үү. Ямар байр суурьтай байна вэ?

-Мэдсэн. Хэвлэл мэдээллээс ч харж байгаа. Бид ч холбоотой байна. Энэ бол ор үндэслэлгүй.

МАХН-ын даргын нэр хүндэд халдаж, намын гишүүдийн эрх ашгийн эсрэг чиглэж, үйл ажиллагаанд шударга бусаар нөлөөлөх гэсэн зорилго агуулж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж байгаа. цаашдаа тодорхой болох байх.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүнийг намын доторх бүлэг хүмүүсийн хийсэн хэрэг гэж ярьсан байсан. Үнэхээр танай нам дотор хагарал үүссэн үү?

-Ер нь МАХН-ыг дотор нь хагаралдуулах, эв нэгдлийг алдагдуулж, мохоох зорилготой олон нөхцөл байдал үүссээр ирсэн. МАХН-ын удирдах бүрэлдэхүүний дотор нэгдмэл бус нөхцөл байдал үүсээгүй. Харин манай намын тодорхой гишүүдийг улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын төлөө бүлэглэлүүд өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулах гэсэн санаархал байж магадгүй.

Гэвч бид намын гишүүддээ найдаж байгаа. Тиймээс энэ асуудлыг бид хамт давах ёстой. Ухарч, урваж болохгүй.

Урваж болохгүй гэдгээ дээрх хүмүүс маань ойлгож байгаа гэдэгт найдаж байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг ирэх гэж байгаа, 2016 оны сонгуульд өрсөлдөнө зэрэг янз бүрийн яриа гадуур байна. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Тэднийд ирнэ гэхээр янз бүрийн нөхцөл байдал үүсэж болох учраас нарийн ярихаас болгоомжилж байна. Уг зуны дэлгэр цагт ирж, хөдөө орон нутагт тэнхрэх бодолтой байсан ч жил гаруйн хугацаанд эмчилгээ хийсэн эмч нар нь орчин солигдоход эрсдэл гарч болзошгүй гэсэн тул хойшлуулсан. Мэдээж эх орондоо ирж л таарна.

Н.Энхбаяр даргын хувьд МАХН-ын дарга гэдэг сонгуульт ажлаа хашиж яваа. Өөрөөр улс төрийн ажилд оролцох хүсэл сонирхол өвөртлөөгүй байгаа. Юуны өмнө эрүүл саруул болох хэрэгтэй байна. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр мэддэг, боловсрол, туршлагаа ашиглаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

Энэ бүх яриа бол Н.Энхбаяр даргаас айж эмээдэг, өмнө нь буруутан болчих гээд байгаа өнөөх л хүмүүсийн амнаас гардаг үг. Өөрийнх нь амнаас улс төрд орох зорилготой байгаа талаар би огт сонсож байгаагүй,

-Танай намынхан саяхан Архангай аймагт чуулга уулзалтаа хийсэн байсан?

-Хангайн бүсийн чуулган Архангай аймгийн Өгий нуурын эрэгт болсон. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн гишүүдтэйгээ уулзаж, 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх, намын дотоод асуудал болон энэ оны сүүлчээр болох намын их, бага хурал дээр хэлэлцэх асуудал зэрэг олон зүйлийн талаар санал боддоо солилцсон.

Удахгүй төвийн бүсийн чуулга уулзалтаа Дархан-Уул аймгийн ойролцоо, баруун бүсийн чуулга уулзалтыг Хяргас нуурт хийнэ. Энэ намартаа багтаагаад говийн болон зүүн бүсийн уулзалтуудаа хийхээр төлөвлөж байна.