М.Сономпил: Засгийн газар огцорно гэдэг мэдээж сайн зүйл биш
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.08.18

М.Сономпил: Засгийн газар огцорно гэдэг мэдээж сайн зүйл биш

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Эрчим хүчний сайд М.Сономпилийг урьж цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр болсон бэ?

-Засгийн газрын хуралдаанаар олон асуудал хэлэлцэж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Манай салбарын өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад адил байгаа. Хийгдэж дуусаагүй ажлуудад тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Амгалан дулааны станц 11 дүгээр сард ашиглалтад орно. Шархад орчимд бохирын шугам татах ажил санхүүжилтгүйн улмаас хойшилсон. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  шийдвэрлэлээ.

Шархадаас Амгалангийн эцэс хүртэл тавих хоёр километр шугмын ажилд нийт 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Зөвхөн Амгалан дулааны станц бохироо татах бус тэр хавийн айл өрх, барилга байгууламжийн бохирын асуудлыг шийдэж өгч байгаа юм. Ерөнхийдөө асуудлуудыг дор дор нь шийдэж байгаа.

-Саяхан Засгийн газар Булганы Хутаг-Өндөрт хуралдсан. Хуралдааны үеэр Булган аймгийн дулааны станцын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?

-Хутаг-Өндөрт болсон хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг хэрэгжүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүний дагуу Булган аймгийн дулааны цахилгаан станцыг энэ онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Уг станцыг барихаар 2011 тендер зарлагдсан. Гэвч хөрөнгө оруулалтгүйн улмаас ажил нь 70 хувьтай зогсчихсон. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган аймгаас гадна нийт есөн аймаг дулааны цахилгаан станцгүй байна.

Бүгдийг нь дулаанаар хангахад улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Гэвч цаашдаа дулааны станцын менежмэнтийг авч явах томоохон асуудалтай тулгардаг. Тиймээс орон нутгийн хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллахаар найман аймагт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Нэг аймагт гурван тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлийнхэн гаргах юм. Энэхүү гурван тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгана. Харин Булган аймгийн дулааны цахилгаан станцыг энэ онд ашиглалтад оруулах Засгийн газрын шийдвэр гарсан учраас банкнаас санхүүжилт авах ч юм уу ямар нэг аргаар гурван тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр болсон. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох бүрэн бололцоотой гэж тооцоолсон.

-Өмнөговь аймагт барих Цахилгаан станцад Оюутолгойтой хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулснаар ямар ашигтай вэ?

-Таван толгойн цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарсан. Өмнөговьд эрчим хүчний томоохон хэрэглэгч бол Оюутолгой компани. Тиймээс уг төсөл дээр хамтарч ажиллаж байна.

Одоогийн тооцоолсноор  Оюутолгой компани нийт эрчим хүчний 70 гаруй хувийг хэрэглэнэ. Уг гэрээ байгуулагдсанаар Өмнөговийн бүх сумын айлууд, томоохон уул уурхайн компаниуд эрчим хүчээр хангагдах бүрэн боломжтой болж байгаа юм.

-Үнийн дүнг тодорхой болгосон болов уу?

-Үнийн дүн сонгон шалгаруулалтын дараа тодорхой болно. Эрчим хүчний том эх үүсвэрийг худалдаж авч байна гэдэг өөрөө том баталгаа болж байна.

-Одоогоор тодорхойгүй байгаа гэсэн уг үү?

-Төсөл хэрэгжиж эхэлснээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, байгаль орчны үнэлгээг хийж дуусгасан. Нэг үгээр хэлбэл, цахилгаан станц боссоны дараа эрчим хүчээ хэнд худалдах нь тодорхой боллоо гэсэн үг. Санхүүгийн хувьд Оюутолгой бол томоохон худалдан авагч.

-Цахилгаан станц хэзээ баригдаж эхлэх вэ?

-Бүх холбогдох бичиг баримт боловсруулж дууссан. Одоо хамгийн сүүлийн шат буюу сонгон шалгаруулалт, санхүүжүүлэх шатандаа явж байна. Сонгон шалгаруулалтын дараа үнийн дүн, баригдаж эхлэх хугацаа тодорхой болно. Оноос өмнө сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулна. Ирэх оны хавраас Өмнөговийн цахилгаан станцын ажил эхэлнэ.

-Өмнөговийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын хүчин чадал ямар байх вэ?

-Эхний үедээ 450 мегаватт байна. Дараа нь 600 болж өсгөхөөр тооцоолсон. 450 мегаватт гэдэг нь дөрөвдүгээр цахилгаан станцтай дүйцэнэ гэж ойлгож болно.

-Сонгон шалгаруулалтыг зарлаагүй боловч хөрөнгө оруулах сонирхолтой хичнээн компани байгаа вэ?

-Хөрөнгө оруулах сонирхолтой 18 компани мэдээллээ ирүүлсэн. Урьдчилсан сонгон шалгаруулалтаар Японы хоёр, Өмнөд Солонгос улсын хоёр компани үлдсэн.

-Эцсийн шалгаруулалт хэзээ явагдах юм бэ?

-Аравдугаар сард явагдана.

-Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн .төслийг өнгөрсөн долоодугаар сард өргөн барьсан. Уг хуульд өөрчлөлт оруулснаар ямар ач холбогдолтой вэ. Мөн ямар үр дүн гарна гэж тооцоолсон бэ?

Агаарын бохирдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Эрчим хүчний салбар энд гол үүрэгтэй гэж үздэг. Яагаад гэвэл цахилгааны хөнгөлөлтийг ямар үед хэрхэн үзүүлэх вэ гэдэг их чухал асуудал. Үүнийг УИХ-аас тогтоосон цаг байдаг. Зуны улиралд хөнгөлөлт хэрэггүй. Ххлаалттай зуух ажиллахгүй. Тиймээс цаг уурын онцлогт тааруулан өөрчлөлт оруулах ёстой.

Өвөл өндөр ачааллын үед агаарын хөнгөлөлт эдлэхгүй. Нэг үгээр хэлбэл, 17- 21 цагийн хооронд цахилгааны хөнгөлөлтгүй.

Харин 21-06 цаг хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой. Агаарын хөнгөлөлтийн хүрээнд айл өрхүүд 80 орчим төгрөгөөр цахилгааны төлбөрөө хийж байгаа.

Том аж ахуйн нэгжүүд гэхэд шөнө 60 төгрөг төлдөг. Цахилгааны хөнгөлөлтийг нийт 11 мянган айл өрх эдэлдэг. Эрчим хүчний салбар цахилгааны хөнгөлөлтөд гол үүрэг гүйцэтгэж улирал болгон шийдвэр гаргах шаардлага бий болоод байгаа.

Тиймээс дээрх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөл хэрэгжсэнээр айл өрх, албан байгууллагыг урамшуулалд хамруулах боломжтой.

-Өвлийн улиралд цахилгааны хэрэглээг сонгох айл өрхүүд нэмэгдсэн. Тиймээс шөнийн тарифыг бус өдрийн тарифыг хөнгөлөх боломж байхгүй юм уу. Иргэдийн зүгээс ч ийм саналтай байдаг?

-17-21 цагийн хооронд айл өрх болгон хоол цайгаа хийдэг. Энэ үеэр цахилгаанаа хэмнэ, гэсэн үг. Хамгийн гол нь эрчим хүчээр дулааныг хангахад л хөнгөлөлт үзүүлэх гээд байгаа юм. Эд ачааллын үеэр давхцаж ажиллуулахгүй гэсэн үүднээс шөнийн тарифыг хөнгөлсөн.

-Сөрөг хүчин болон улс төрд суудалгүй намуудаас Засгийн газрыг 100 хоногт амлалт өгсөн ажлуудаа хийж чадаагүй учраас огцрох шаардлагатай гэж үзэж байна. Бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа сайдын хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хоёр жилд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Салбар дээрээ тоггоод ярихад ТЭЦ-3 цахилгаан станцад 50 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийж зургадугаар сард хүлээлгэж өгсөн. Энэ өргөтгөл бол Дарханы дулааны станцаас том. Дарханы дулааны станц 48 мегаватт, Эрдэнэтийнх 36 мегаватт байдаг.

ТЭЦ-4 станцад 120 мегаваттын өргөтгөлийн ажил явагдаж байна. Суурилуултын ажил , дээрээ явж байгаа бөгөөд аравдугаар сарын 15-нд хүлээлгэж өгнө. 120 мегаватт бол ТЭЦ-З-ын хүчин чадалтай дүйцхүйц эх үүсвэр нэмэгдэж орно гэсэн үг. Амгалан дулааны станцын ажил хурдацтай явагдаж байгаа.

Энэ мэт шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Мөн замын ажлуудыг онцлох нь зүйтэй. Өмнөговь ирэх есөн сард нийслэл хоттой авто замаар холбогдох боломжтой болно. Дундговь, Замын-Үүд холбогдсон. Хөвсгөл Мөрөнгийн чиглэлийн зам энэ намар холбогдоно.

Хөдөө орон нутаг руу явж үзсэн хүн бол мэднэ. Увс-Хяргасын чиглэлд гэхэд 200 километр зам ашиглалтад орсон. Би сая Увс аймаг явж ирсэн болохоор сайн мэдэж байна. Энэ замыг туулахад ойролцоогоор наймаас арван цаг явдаг байсан бол гурван цаг л явсан. Энэ мэт томоохон бүтээн байгуулалт салбар салбарт гарч байна.

Эдийн засгийн хувьд манай гадаад болон дотоод орчин таагүй байна. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээр голлодог улс.

Гэтэл нүүрс, төмрийн хүдрийн үнэ уначихсан. Ийм үед Засгийн газар огцорно гэдэг мэдээж сайн үйл биш. Улам л доошилно уу гэхээс дээшлэхгүй. Тиймээс энэ бол оновчтой шийдвэр биш. Засаг огцорсны дараагаар зам, барилгын ажил нь яваад, валютын ханш доошилдог бол огцрох нь зүй хэрэг.

Гэтэл энэ улс төрчдийн тавьж байгаа асуудлууд улс төр л болохоос биш эдийн засгийг дээшлүүлэх улс орноо бодож байгаа асуудал огтхон ч биш. Би Засгийн газарт хоёр дахь удаагаа ажиллаж байна. Манай засгийн газар хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартайгаа ямар гэрээ хэлэлцээр хийвэл ашигтай вэ гэх мэтээр судалж одоо л ойлголцлын төвшинд хүрч байна.

Дахиад шинэ Засгийн газар байгуулах хүртэл зургаан сар. Ямар бодлого тодорхойлох вэ гэсээр байтал дахиад хоёр жил алдана. Тийм учраас улс оронд хэрэггүй гэдэг тэр өнцгөөс л хэлээд байгаа юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд танай салбарт гэхэд эдийн засгийг дээшлүүлэх ямар ажил хийгдсэн бэ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг улстөрчид буруу ойлгоод байгаа юм. 100 хоногийн дотор бүх зүйл сайхан болчих юм шиг санаад байна. 100 битгий хэл дөрвөн жилийн хугацаанд гэхэд нэг салбарын ажлыг дүгнэх боломж бүрддэг.

Гол бодлого нь 100 хоногийн дотор хууль эрхзүйн орчныг сайжруулж хөрөнгө оруулагч нарыг татах байсан. Энэ хүрээнд УИХ болон Засгийн газрын төвшинд маш олон ажил хийгдсэн. Манай салбарт гэхэд яаралтай шийдвэрлэх ёстой байсан хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж байгаа.

-Тухайлбал?

-Өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар маш хурдан шийдвэрлүүлж байгаа. Ер нь Засгийн газар долоо хоногт нэг хуралддаг байсан бол 100 хоногийн хүрээнд хоёр удаа хуралдаж байгаа.

-БНХАУ-ын төрийн тэргүүн хэдхэн хоногийн дараа манай улсад айлчлах гэж байгаа. Энэ айлчлалын үр дүнгээс юу хүлээж болох вэ?

-Энэ айлчлал улс төрийн болон эдийн засгийн томоохон үр дүн авчирна гэдгийг товчхон хэлмээр байна. Манай эрчим хүчний салбарт гэхэд томоохон гэрээ хэлэлцээр хийгдэх гэж байна. Энэ нь юув гэхээр өнөөдрийн байдлаар манайх Хятад, Орос улсаас цахилгаан импортолж байгаа.

Айлчлалын хүрээнд эрчим хүчний импорт, экспортын томоохон гэрээ хэлэлцээр байгуулна. Энэ нь манай улс үргэлж эрчим хүчээр дутагдаад байх биш гадагшаа экспортлох цаг ойрхон байгааг харуулна.

Бид сэргээгдэх эрчим хүч болох нарны, салхины, нүүрсний гэх мэт эрчим хүчний асар их нөөцтэй болж байгаа. Үүнээс гадна Өмнөд хэсэгт томоохон хүчин чадалтай станц барих асуудал яригдаж байгаа. Үүний хөрөнгө оруулалтыг Хятад улс дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.