Алтай нутагт хөгжлийн галт тэрэг хөдөллөө
Монгол Ардын намын "Ард түмнээ сонсъё" аян хөрөөний шүд шиг үргэлжлэх сүрлэг уулстай Засагт ханы хөх харчуулын нутаг Говь-Алтай аймагт амжилттай өндөрлөлөө. Улаанбаатар хотоос 1050 км-т алслагдсан Алтай нутгийнхан Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа нараас гадна яамдын сайд, дэд сайд нараас бүрдсэн том багийг эдийн засгийн болон дэд бүтэц, зам харгуй, гэрэл цахилгаан, сургууль цэцэрлэг, эмнэлэгтэй холбоотой олон "асуудалтай" угтсан юм. Эдгээр асуудлыг Ардын намынхан эхнээс нь шийдвэрлэж өглөө.Үүний эхлэл болсон Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу. хучилттай зам тавих ажлын нээлтийн талаар бид өмнө нь мэдээлсэн."Хөгжлийн зам"-ыг нээсний дараа сайд дарга нар боловсрол, соёл болон нийгмийн халамжийн салбарын ажил үйлстэй танилцсан юм.
Аймгийн төв буюу Есөнбулаг сумын ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, сурагч, ажилтнуудтай уулзлаа. Уулзалт гавьяат багш Б.Гомбын нэрэмжит I сургуулийн хурлын танхимд болсон бөгөөд багшийн хөшөөний дэргэд нутгийн гишүүн Ж.Энхбаяртай зургаа татуулах гэсэн хүүхдүүд бөөгнөрч багагүй бужигнаад амжсан. Хонхны баяр маргааш болно гэх сурагчид дарга сайд ирэх сургаар баяраараа гангарах хувцсаа өмсөөд бүр мөнгөн хонхоо зүүгээд ирсэн байв. Салбарын уулзалтад гишүүнээс гадна НХХ-ийн сайд Т.Ганди нарыг албаны хүмүүс оролцлоо. Сургууль, цэцэрлэгээ төлөөлөн багш нар санал хүсэлтээ илэрхийлж асууж лавлах зүйлсээ ч тодруулж байв. Холбогдох албаны хүмүүс ч тайлбар хариултыг дор дор нь өгсөн юм. 1971 онд баригдсан уг сургуульд өдий болтол нэг ч удаа дорвитой засвар хийгээгүй аж.
Тиймээс гол асуудал нь сургуулийн засвар, шинэчлэл, элсэлтийн шалгалт тойрсон асуулт, багш нарын цалин, дэвтэр засалтын мөнгө мөн халамжийн мөнгө, ахмадын тэтгэвэр зэрэг байлаа. Асуудлаа хэлж дууссаны дараа Д.Хаянхярваа гишүүн "Алтайчууд ажил төрөлдөө их овжин.Том бодлогыг том нам тодорхойлдог.Том бодлогоос том үр дүн гардаг.Та бүхний зам харгуй, гэрэл цахилгааны асуудал үндсэндээ шийдэгдэж байна" гэв. Харин Ж.Энхбаяр гишүүн ажлын байрны шаардлага хангах хүн олох нь тулгамдсан асуудал болоод байна. Ажлын байр гаргахаас илүү ажиллах хүч бэлтгэх нь чухал болохыг онцолсон. Харин Т.Ганди сайд "Цалин нэмнэ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчийн цалин нэмэгдэх бус хувийн хэвшил, секторт ямар өөрчлөлт гарахыг судалж, тодорхой арга хэмжээ авах болно. Ирэх есдүгээр сарын 1-нээс төсвийн тодотголоор тэтгэврийн нэмэлтийн талаар хэлэлцэнэ. Харин ахлах ангиа төгсөж байгаа сурагчдадаа хэлэхэд, зам, эрдэс баялаг, уул уурхай, хөдөө аж ахуй чиглэлийн мэргэжилтэн хамгийн эрэлттэй 20 мэргэжилд багтсан шүү" гэсэн юм. Үүнтэй уялдуулан Мянганы сорилтын сангаас МСҮТ-д уул уурхай, хүнд даацын техник дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд зориулсан 700 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулахаар болсныг дуулгав. Мөн улсын хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль барихаас цөөнгүй нь Алтайд сүндэрлэх бөгөөд заримыг нь Кембрижийн стандартад нийцүүлэх талаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч онцоллоо. Асуулт хариултын дараа улсын олимпиадад амжилттай оролцсон багш нарыг урамшуулж, заримынх нь энгэрийг мялаасан юм.
Энэ үеэр тус сургуулийн математикийн багш Б.Алтангэрэлтэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Та энэ сургуульд хэд дэх жилдээ багшилж байна?
-196& онд Багшийн сургууль төгсөж ирээд л ажилласан. Математикийн багшаар 43 дахь жилдээ ажиллаж байна.
-Тэр үеийн болон одоогийн энэ сургуулийн ялгаа их байгаа байх. Энэ хугацаанд сургууль тань яаж өөрчлөгдөв?
-Олон өөрчлөлт гарсан. 1971 онд I сургуулийн байр ашиглалтад орж, бид нүүж ирсэн юм. Анх 10 гаруй багш ажиллаж байсан бол одоо гурван давхар, 40 гаруй анги танхим, 90 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байна.
-Сургуулийн хэмжээнд тулгамдаж байгаа ямар асуудал байна?
-40 жил их засвар хийсэнгүй. Сургуулийн маань хаалга гажиж, цонх хагарсан, бороо орохоор дээврээс дусаал гоожиж, халаалт нь задарсан.Тиймээс их засвар хийх нь нэгдүгээр асуудал. Мөн биеийн тамирын заал хүрэлцэхгүй байна. Нэг зааланд гурван ангийн сурагчид зэрэг биеийн тамирын хичээл ордог. Бага ангийн хүүхэд хичээллэх боломжгүй. Иймээс их засварын үеэр биеийн тамирын заалыг өргөтгөх хэрэгтэй юм.
-Гаднаа биеийн тамирын талбайтай юу?
-Сургуулийн талбай байхгүй. Харин сургуулийн хашаанд байдаг аймгийн стадионд хичээллэж болдог гэсэн юм. Уулзалт ярилцлага өндөрлөсний дараа дарга, сайд, гишүүд, нутгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчидтай уулзав. Төгсөх ангийн сурагчид сургалтын төлбөр, дэвтэр ном өгөөч гэхээсээ шинэ сургууль, дотуур байр, хүүхдийн ордон, тоглоомын талбай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэйг уламжилсан юм.Үүний хариуд тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн нэрэмжит 960 хүүхдийн сургууль мөн Хүүхдийн ордон барихаар болсныг дуулгасан.Түүнчлэн 200 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай гурвыг барих гэж буйг хэлэхэд сурагчид алга нижигнүүлэн ташиж, баярласнаа илэрхийлсэн.Томчуудын хэлсэн хэзээ хойно биелэх амлалт биш байсныг Алтайнхан тун удахгүй ойлгосон. Хүүхдийн ордны шав тавих ёслол эх үрсийн баяраар тохиож, удахгүй сүндэрлэх барилгын ажил эхэлсэн юм. Алтай нутагт хөгжлийн галт тэрэг хэдийнэ хөдөлжээ.Тэд зам, ус, цахилгааны асуудлаа шийдвэрлүүлж чадлаа. Лааны гэрэлд амьдарч, ажиллаж байсан алтайчуудын туйлын хүсэл биелж, гэрэл цахилгааны асуудал Тайширын усан цахилгаан станцын ачаар шийдвэрлэгдэв. У.Хүрэлсүх дарга болон салбарын сайд нарт асуудал бүрээ дэлгэн үр дүнг нь тухай бүрт гаргуулж байсандаа энэ нутгийнхан тун ч хангалуун үлдэв. Энэ бүхэн ганц өдрийн дотор шийдвэрлэгдэх асуудал биш учраас цаашдаа анхаарч ажиллахаа амласан.
Өдрийн шуудан Ч.Болормаа