Си Жинпинь, В.Путин нарын айлчлал
2014.07.24

Си Жинпинь, В.Путин нарын айлчлал Халх голын 75 жилийн ойтой давхцана

Хоёр хөршийн тэрийн тэргүүн удахгүй манай улсад айлчлах тухай мэдээлэл гараад удаж байна.

Засгийн газраас БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын бэлтгэлийг хангах үүргийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаснаар түүний айлчлалын мэдээлэл баталгаажсан гэхэд болно.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол-Японы эдийн засгийн форумд оролцохдоо түүнийг яг хэдийд манай улсад айлчлахыг нь хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн хэлснээр БНХАУ-ын дарга Си Жинпинь ирэх сарын 20-доор ирэх ажээ. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын даргын манай улсад хийж буй 11 жилийн дараах айлчлал болох юм.

БНХАУ- ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд 11 жилийн өмнө буюу 2003 онд айлчилж байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урд хөршийн төрийн тэргүүний айлчлалын товыг хэлсэн бол Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх айлчлалын товыг хэллээ.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Шадар сайд Д.Тэрбишдагва ажиллаж байгаа бөгөөд тэрээр өчирдөр Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан зарим үүрэг чиглэлийг өглөө.

Шадар сайдын танилцуулснаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт манай улсад айлчлахаар болжээ. Түүний энэхүү мэдэгдлээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах тухай мэдээллийг Засгийн газраас албан ёсоор гаргаагүй байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан юм.

Мөн түүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербург хотноо зохион байгуулсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо мөн түүнийг урьсан юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын урилгын дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярт оролцохоор болсон гэдэг нь өчигдөр тодорхой боллоо.

Дашрамд сонирхуулахад, одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилж Халх голын байлдааны 70 жилийн ойн баярт оролцож байсан юм.

Харин энэ удаад манай хоёр хөршийн төрийн тэргүүн хоёулаа Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярт оролцох бололтой. Ойн баярын арга хэмжээ наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тов буюу есдүгээр сарын эхний долоо хоногийг дуустал баярын арга хэмжээ үргэлжлэх ажээ. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын арга хэмжээнд оролцож таарах нь. Түүний айлчлалын нэг зорилго ч энэ учраас ойлгомжтой асуудал.

Харин БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлал Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой давхцах уу. Түүний айлчлалын урьдчилсан тов мөн л дээрх ойн баяртай давхцахаар байна.