НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч айлчлав
НҮБ-ын Ерөнхий нарийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Хаолянь Шу 2014 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийв.
Ноён Х.Шу айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхболд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх салбар чиглэлүүдийн талаар ярилцав.
Тэрээр 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох зорилгын үүднээс дэлхийн улсад орнуудад 2012 оны 12 дугаар сараас эхлэн өрнөөд байгаа “Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор үндэсний цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохиогдсон хотжилтын асуудлаарх хөгжлийн хэлэлцүүлэг, “Тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт мөн оролцов.
Ноён Х.Шу уулзалт, арга хэмжээний үеэр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж
Ноён Х.Шу Дундговь аймагт ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төсөл, тус аймгийн Гурвансайхан сумын усан хангамжийг сайжруулах төслийн хэрэгжилттэй танилцав. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран усан хангамжийн асуудлаар хандивлагчдын уулзалтыг Гурвансайхан суманд зохион байгуулав.
Ноён Х.Шу уулзалт, арга хэмжээний үеэр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгаа нь бусад улс оронд дуурайлал болж байгааг тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн хөгжил эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа өнөө үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөгжлийн үйлсэд хандивлагч бус түншийн хувиар нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэлүүдийг өргөжүүлэх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг судлах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлэх боломжит дэмжлэг, чиглэлийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал таатай боломж олгосныг ноён Шу сэтгэл хангалуун цохон тэмдэглэв.