Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.06.02

Далайд гарцгүй орнуудад худалдааг хөнгөвчилнө

Монголын Засгийн газар НҮБ-тай хамтран "Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл" сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг хурал өнөөдөр нээлтээ хийсэн ба хоёр өдөр үргэлжлэх юм.

Судалгаанаас харахад далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд дэлхийн нийт худалдааны дөнгөж 1,1 хувийг эзэлдэг бол эдгээр орны эдийн засгийн өсөлт 2010 онд 6,7 хувь байсан бол 2011 онд 5,9 хувь болж буурчээ. Мөн далайд гарцгүй 19 оронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байгаа юм.

Монгол Улсын хувьд Далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа энэхүү хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажиллаж буй. “ Манайх шиг далайд гарцгүй орнуудад дэлхийн худалдаанд оролцоход бусад орнуудынхаас хоёр дахин урт хугацаа, хоёр дахин өндөр зардал шаардагдаж байна. Ийм орнуудын хувьд энэ бэрхшээлээ олон улсын механизмын хүчээр хамтран шийдвэрлэх, даван туулах, боломж хайхаас өөр аргагүй юм” гэж хурлын нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд хэллээ.

Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж байгаа юм

Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгааг бий болгож байгаа нэг хүчин зүйл нь далайд гарцгүй байдал, тэр дундаа энэ нь Монгол Улсын нэг эмзэг тал гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Зөвхөн Монгол Улс ч биш НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг нь зах зээлээс алслагдсан, олон улсын худалдаанд оролцох нөхцөл бололцоо хязгаарлагдмал, далайд гарцгүй орон байдаг аж.

Тэдний хувьд хамтарч асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзсээр ирсний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж байгаа юм. Энэ санаачилгын үр дүнд НҮБ-ын дэргэд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын /ДГХБО/ албан ёсны бүлэг байгуулагдаад зогсохгүй НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт уг бүлгийн орнуудын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах Дээд төлөөлөгчийн алба бий болсон гэхэд болно.

Харин дараагийн алхам болгож, Монголын Засгийн газар “Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналаа гаргасныг НҮБ ийнхүү дэмжжээ.