Канад улсын Гадаад хэргийн сайд Монголд улсад албан айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцана.
Түүнчлэн, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ.
Хэлэлцээний төгсгөлд Сайд нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхана.
Канад улсын Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Жон Бейрд-ийн товч намтар
Төрсөн огноо: 1969 оны 5 дугаар сарын 26
Боловсрол: 1992 онд Хатан хааны Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр дүүргэсэн
Ажил эрхэлсэн байдал:
Тэрбээр 2006 онд анх Нийтийн Танхимд сонгогдсон бөгөөд 2008, 2011 онуудад дахин сонгогдсон.
2008-2010 Тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны сайд
2010-2011 Байгаль орчны сайд
2011 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс Гадаад хэргийн сайд
2008 онд Дэлхийн шилдэг Залуу удирдагч шагнал хүртэж байсан.
Хувийн мэдээлэл:
Гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. 1997 оноос хойш цагаан хоолтон болсон боловч зарим тохиолдолд загасан бүтээгдэхүүн хэрэглэдэг.