Сайд Л.Болд Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн даргыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд хоёр орны улс төрийн өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр Францын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлохын хамт ирэх жил тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус айлчлалыг зохион байгуулах боломжтой болохыг илэрхийлэв.
Тус уулзалтын үеэр хоёр тал Монгол-Францын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцсон бөгөөд Гадаад харилцааны сайд ноён Жером Шартьегийн “Монголын анд нөхөд” холбоо байгуулах санаачилгыг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.