Б.Пүрэвсайхан: Бага багаар цолоо ахиулаад явна даа, нэг л мэдэхэд...
Ховд аймгийн Чандмань сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх улсын харцага Б.Пүрэвсайхан
2014.07.18

Б.Пүрэвсайхан: Бага багаар цолоо ахиулаад явна даа, нэг л мэдэхэд...

Ховд аймгийн Чандмань сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх улсын харцага Б.Пүрэвсайхантай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

-Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе?

-За баярлалаа. Энэ жилийн наадам маань сайхан болж, начин, харцага, гарьд, арслан гээд олон цолтон төрлөө. Миний хувьд Монгол Улсын харцага хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байгаа. Хоёр жилийн өмнө улсын цолтны эгнээнд багтаж байсан бол энэ удаа цолоо ахиуллаа. Цаашид улам сайн барилдана даа.

-Харцага цолтойгоо барилдах анхны барилдаан юу байх бол?

-Хэдхэн хоногийн дараа төрөлх аймагт маань Галданбошигтын мэндэлсний 370 жилийн ойн даншиг наадам болно. Тэнд очиж барилдахаар явах гэж байна.

-Хэр догдолж байна вэ?

-Мэдээж цолоо дуудуулах бяцхан хүсэл байна. Начин болсныхоо дараа Сүхбаатар аймгийн наадамд анх зодоглож начин цолоо дуудуулахад сэтгэл их хөдөлсөн шүү. Түүний нэгэн адил нутагтаа очиж барилдаад цолоо дуудуулбал сайхан байх болов уу. Гэхдээ ямар бөхчүүд манай нутгийн Даншиг наадамд очиж барилдахаас л шалтгаална даа.

-Энэ жил наадмын бэлтгэлээхаана базаасан бэ. Бэлтгэл ямархуу болов?

-Би энэ жил “Сүүж” уулын амралтад бэлтгэлд гарсан. Тэнд манай Ховдынхноос гадна нэлээд хэдэн аймгийн гал гарсан. Ер нь жилийн жилд л бөхчүүд бужигнаж байдаг сайхан газар шүү дээ.

-Та “Сүүж”-д нэлээд хэдэн жил бэлтгэлд гарлаа шүү. Танд их ээлтэй бололтой?

-Тэр ч тийм шүү. Анх 2008 онд тэнд бэлтгэлдээ гарч байсан. Ер нь “Сүүж”-д гарах болгондоо цолоо ахиулдаг учраас би өөр газар бэлтгэл хийх дургүй. Тэр сайхан хангай дэлхий надад үр өгөөж, ивээлээ хайрлаж байгаад их бэлгэшээдэг юм.

-Төрийн наадамд дөрөв дэхээ барилдаж байгаа бил үү?

-Тийм ээ. Анх удаа улсын наадамд барилдахад хоёр давсан. Түүний дараа 2012 онд начин цол хүртсэн. Өнгөрсөн жил бас муугүй амжилт үзүүллээ. Харин энэ удаа харцага цолтой болж байна. Бага багаар амжилтаа ахиулж л байна.

-Энэ жилийн наадамд цолоо ахиулна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Итгэлтэй байсан. Ерөнхийдөө бүтэн жилийн бэлтгэлтэй байсан учраас дээгүүр барилдах зорилготой байлаа. Харин ч харцага цолонд хүрээд зогссон. Боломж байсан ч амжилтаа ахиулж чадсангүй.

Гэхдээ шунаад яах вэ. Бага багаар цолоо ахиулсаар нэг л мэдэхэд аварга болчих байх /инээв/.
-Заалны барилдаанд тогтмол барилддаг шүү дээ. Энэ нь наадмын амжилтад нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яах вэ. Зааланд барилдана гэдэг чинь өдөр тутмын бэлтгэлийн нэг хэлбэр шүү дээ. Нэг, хоёр, гурав хэд ч давсан бай тэр нь бөхчүүдийн бэлтгэл болдог. Тийм учраас болж өгвөл заалны барилдаанд тогтмол барилдахыг эрмэлздэг. Ядаж л мэхний хувилбартай болно. Туршлага сууна шүү дээ.

Дээрээс нь хэнтэй яаж барилдахаа судлах гээд олон давуу тал бий.

-Наадмын урьд шөнө нойр хэр их сэрвэлзэж байх юм бэ?

-Наадмын урьд шөнө зүгээр л сайхан унтчихсан. Харин 11-ний шөнө нойр хүрч өгөхгүй, нэлээд хөрвөөсөн шүү. Маргааш хурдан болоосой, хэнтэй таарах бол, яаж барилдах бол гээд л...

-Начин цолоо батлахад юу бодогдож байв?

-Цолоо батална гэдэг чинь нэг даваа давж байгаа юм. Тэгээд эхний том даваагаа авлаа. Одоо ахиулахын төлөө үзнэ дээ гэж бодсон.

-Гэтэл улсын арслан Д.Азжаргалын аманд очсон доо?

-Тийм. Эхэндээ элдвийн л юм бодсон. Сүүлдээ манайхан намайг “Зүгээр барилд. Унавал тэр л биз" гэсэн. Яах вэ, эхний ээлжид цолоо баталсан болохоор тэгсэн юм байлгүй. Тэгээд л юу ч бодолгүй барилдаж давсан.

Харцага боллоо гэж бодоход сайхан байсан ч би тэгтлээ их баярлаагүй. Яагаад гэвэл миний өмнө зааны даваа хүлээж байлаа. Ах нарынхаа цолонд хүрэхийг туйлын ихээр хүссэн ч чадаагүй. Яах гэх вэ ирэх жилийн наадмаар л зүтгэнэ дээ. Долоогийн даваанд унасны дараа л сая нэг юм тайвширч цолоо ахиулсандаа баярласан шүү.

-Таны анхны багшийг улсын начин Адъяахүү гэдэг юм билээ. Багшийнхаа барилдаанаас хэр суралцаж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Мамайг юу мэдэхгүй хүүхэд байхад л бөхийн “А” үсгийг заасан шүү дээ. Манай багш чинь хөлд орно, ер нь уран барилдаантай бөх шүү дээ. Багшийнхаа барилдаанаас тодорхой хэмжээгээр суралцаад, өөртөө шингээгээд л явж байгаа гэж боддог. Багш маань бидэнд жудагтай байхыг л их захидаг юм.

-Нутагтаа очиж амжаагүй байна уу?

-Тийм ээ, гэхдээ өнөө, маргаашгүй явна. Манай аймагт энэ сарын 25-нд даншигтай. Тэнд барилдаад, дараа нь үргэлжлүүлээд нутаг усныхантайгаа уулзана. Хэд хоног амарч байгаад эргэж ирээд бэлтгэлээ хийнэ дээ

-Улсын начин Р.Пүрэвдагва, Ш.Жаргалсайхан, харцага Н.Батсуурь, тэгээд та. Цолоо ахиулах магадлалтай олон сайхан залуучууд байна. Тэднээс хоёр нь түрүү, үзүүр булаалдлаа. Юу бодож байв?

-Мэдээж улсын наадамд барилдаж байгаа бөхчүүдийн цаад зорилго нь түрүүлэх шүү дээ. Бүгд л нэг зорилготой байсан байх. Тэгээд тухайн өдөр хэн азтай, одтой, бас сүйхээтэй байж чадсан нь түрүүлдэг. Тэр жамаар улсын харцага Н.Батсуурь одтой сайхан барилдлаа.

Барилдаан бүрээрээ үзэгчдийг шуугиулсан.

Сайн барилдсан учраас түрүүллээ. Ш.Жаргалсайхан начны хувьд гэвэл энэ цаг үеийн хамаг л том цолтой бөхийг өвдөг шороодуулж гарьд цолонд хүрсэн. Нэгэн үеийн залуучуудаараа бахархаж байна.

Р.Пүрэвдагва маань энэ жил чадаагүй ч дараа дараагийн наадамд цолоо ахиулна гэдэгт итгэлтэй явдаг. Уран барилдаантай начин шүү дээ. Гэхдээ би Н.Батсуурь, Ш.Жаргалсайхан нарыг түрүү, үзүүр булаалдана гэж огт бодоогүй. Зөвхөн би ч биш. Олон хүний таавар будилсан байх.

-Хоёр дархан аваргатай наадам байлаа. Ялангуяа А.Сүхбат аваргын тухай хүн бүр ярьж байна. Таны хувьд?

-Мэдээж энэ жилийн наадам ярих сонин ихтэй байлаа. Миний барилдааныг нь харж, шүтэж, даган дууриадаг байсан аварга маань дархан аварга цолтой төрийн наадамд зодоглов. Гоё л санагдсан. Ер нь их л онцлогтой наадамд байсан даа.

-Их хурц, дайчин барилдаантай бөхчүүдийн нэг бол та. Дайчин барилдаанаас болж алдах үе хэр их гардаг вэ?

-Байлгүй яах вэ. Тэр байдлаасаа болж олон ч удаа унасан даа. Харин сүүлийн үед жаахан тогтож барилддаг болоод байгаа шүү.

-Таны барилдааныг харахад шуудганд хүрвэл түрж хөөгөөд л давж байгаа харагддаг?

-Би ч ерөнхийдөө шуудагны барилдаантай л даа. Нуруу намтай болохоор өөрийнхөө давуу талыг ашиглаж, гартаа л найдаж барилддаг хүн. Барилдааныхаа арга барил, давуу тал, дутуу зүйл гээд бүгдийг нь Ц.Адъяахүү багшаараа заалгаад, хэлж зөвлөсниих нь дагуу барилдаад явж байгаа.

-Шуудагдаж барилддаг бөхчүүдийг гартаа бяртайн шинж гэх нь бий?

-Тэгж ярьдаг юм билээ. Шуудагны барилдаан бол гарын давуу тал байх. Нөгөө талаар эцсийн л арга юм даа. Гартаа хэчнээн бяртай байлаа гээд сэнжигнээс юм уу, сэрвүүгээс унаад байвал шуудганд найдах хэрэггүй л гэсэн үг.

-Барилдаан огт таардаггүй бөх бий юү?

-Би өөрөө баруун талтай. Тэгэхээр зүүн талтай хүнтэй барилдахад их эвгүй байдаг юм. Бусдаар бол гайгүй ээ.

-“Аварга” дээд сургуулийг төгссөн байх аа. Танай ангиас ямар бөхчүүд барилдаж байгаа вэ?

-Баян-Өлгийн Еркебулан арслан байна. Цол аваагүй ч барилддаг залуучууд нэлээд бий.

-Барилдаан бүр дээр бөхчүүд, үзэгчид хөлийн цэц, засуулуудын талаар гомдол гаргадаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Үзэгчид бол хэзээд мэргэн шүүгч байдаг. Ер нь хөлийн цэц, засуулууд шийдвэр гаргах тал дээр жаахан анхаармаар санагддаг. Засуул болон хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж даваагаа алдах тохиолдол бөхчүүдэд нэлээд их бий. Даваандаа гол нь биш. Хамгийн гол нь хүний хөдөлмөр ямар ч үнэ цэнгүй болж байгаа юм.

-Ингэхэд харцага багадаа ямаршуухан хүүхэд байсан бол?

-Би багадаа хичээлдээ сайн, даруухан талдаа л хүү байсан. Манай ангийн багш Пүрэвдамба гэж хүн байсан. Тэр багш маань бөхийн секц хичээллүүлдэг. Тэр секцэнд нь явдаг байлаа. Гэхдээ заавал бөх болно гэж бодож байгаагүй.

Дунд сургуулиа төгсөөд Ховдын их сургуульд орох гэж байтал Ч.Батзориг ах очоод “Бөх болгоно” гээд хот руу аваад ирсэн. Тэгээд л бөхийн зам руу орсон доо. Би бас Чандмань нутгаараа их бахархаж явдаг. Тэр сайхан нутгийн агаараар нь амьсгалж, уснаас нь ууж өссөндөө баярлаж, бахархахгүй байхын аргагүй юм.

-Ер нь л дуу цөөтэй юм шиг санагддаг. Санал нэг байна уу?

-Эхэндээ бол яалт ч үгүй дуу цөөтэй байсан нь үнэн. Одоо харин харьцангуй гайгүй болсон шүү дээ. Ярих юмаа ярина. Шаардлагагүй үед бол чимээгүй л байсан нь дээр.

-Үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэдэг үү?

-Үгүй ээ. Зөвхөн үндсээр л дагнадаг. Их спортоор хичээллэх гэж үзсэн ч болохгүй юм билээ.

-Өөрийнхөө зорилгыг тодорхойлбол?

-Үндэсний бөхийн өндөр дээд цолонд хүрч нутаг усныхаа ард түмэн, ахан дүүс, аав, ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Аварга цолтой бөх болохын тулд бүхий л чадлаа дайчлан хичээх болно.