Д.Ганхуяг: Зээлийн хүүг бууруулахгүй нь хямралаас гарахгүй гэсэнтэй агаар нэг
-Төр амаараа бодит эдийн засгаа дэмжиж, ачир дээрээ боймлож байна-
Ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн болон төрөөс мөнгөний талаар баримт
лах бодлого зэрэг хөгжлийн чухал баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Эдийн засгийн байнгын хорооны саяхны хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн “Арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг 12 хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой” гэсэн санал гаргаж, гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин энэ зуур Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж сөрөг байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, төв банкны бодлогын өндөр хүү, түүнээс нь хамаарсан арилжааны банкуудын хязгааргүй хүүг жилийн 12 хувьд барих боломжтой гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үзэж, тэр санал нь байнгын хорооноос дэмжлэг авсан ч тэрбээр саналаа татсан сураг дуулдав. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Та зээлийн хүүг бууруулах санал гаргачхаад буцаагаад татчихсан юм уу. Уг нь арилжааны банкуудын зээлийн хүү жилийн 12 хувиас хэтэрдэггүй бол монголчуудад нэн хэрэгтэй. Таны санал тооцоо, судалгаанд хэр үндэслэгдсэн бэ?
-Би ЭЗБХ-ны хурал дээр “Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хүүг бууруулах байдлаар арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх зорилтыг тавьж хэрэгжүүлэх” гэсэн санал хураалгаад олонхийн дэмжлэг авсан.
Энэ саналын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсний утга нь төгрөгийг их хэмжээгээр хэвлэж зах зээл рүү зутгах гэсэн утга, агуулга байхгүй ээ. Монголын арилжааны банкнуудын санхүүгийн нийт үүсвэр нь 2.6 их наяд төгрөг байгаа гэсэн. Үүний 70 орчим хувь нь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь дунджаар 10 орчим хувийн хүүтэй иргэдийн хадгаламж юм.
Иргэдийн хадгаламжинд төр баталгаа гаргасан. Үлдсэн нь аж ахуйн нэгжүүдийн харилцахад байгаа мөнгө гэсэн. Дээр нь Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай. Засгийн газар арилжааны банкуудыг дэмжихдээ яг энэ бодлогын хүүтэй ойролцоо хүүтэйгээр санхүүжилт хийж байна. Мөн манай арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийн хэмжээ бага, олон жижигхэн банктай тул зардал өндөртэй байна. Ийм нөхцөлд арилжааны банкууд доод тал нь жил ийн 20 орчим хувийн хүүтэй зээл олгохоос өөр аргагүй байдалд орчхоод байгаа бололтой. Тэгвэл хямралын энэ үед бодит эдийн засгийг идэвхжүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Энэ үүднээс бусад орны төв банкууд аль болох бодлогын хүүгээ бууруулж, Засгийн газар нь арилжааны банкнуудынхаа чанаргүй зээлийг багасгах зорилгоор багаар үнэлж худалдаж авах ёстой. Мөн арилжааны банкууддаа маш хямд үүсвэртэй санхүүжилт буюу зузаатгал хийж энэ хэмжээгээр түр хугацаанд хувь эзэмшиж, хяналт тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Эндээс дээрх зорилтыг Засгийн газар, Монголбанк хамтарч хэрэгжүүлэх боломжтой байгаа биз. Гэхдээ одоохондоо Засгийн газарт тийм хөрөнгө байхгүй ээ. Тэр ч байтугай төсвийн нийт зарлагынхаа 20 гаруй хувийг зээлээр бүрдүүлээд явж байна. Ийм хөрөнгийг Засгийн газарт Оюутолгойн зээлээр бус өөр аргаар босгох боломж байсан. Стратегийн ордод бүртгэгдсэн 15 ордын Оюутолгойгоос бусад нь улсын төсвийн хөрөнгөөр эрсдэл, хайгуул хийгдсэн. Тухайлбал, Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөцийг хоёр тэрбум.тн гэж үзвэл газар доор байхад нь хоёр ам.доллараар үнэлж, урьдчилгаа авахад л дөрвөн тэрбум ам.доллар босгох боломжтой. Ийм концесс хэлбэрийн аргаар нүүрсийг олборлож байгаа хэд хэдэн орон бий. Өөрөөр хэлбэл, нэг жил зөвхөн Оюутолгойн гэрээг ярьсаар байгаад таарлаа. Уг нь техник эдийн засгийн үндэслэл, гэрээний төслийг нь хөрөнгө оруулагчид бэлдээд өгсөн. За энэ ч яах вэ.
-Үүгээр та юу хэлэх гээд байна вэ, тодруулна уу?
-Сүүлдээ хууль зөрчиж үлдсэн стратегийн ордуудаа тасдаж компаниудад өгөөд, дээр нь цэвэр стратегийн агуулгатай төмөр замынхаа лицензийг компанид олгочихсон. Тэгснээ гадны компаниудад тендерээр өгч бариулаад, дараа нь өртөг ихээр нэмэгдсэн энэ төмөр замыг буцааж улсад худалдаж авна гэсэн луйврын чанартай бантан яваад байх шиг… Гэхдээ энэ компаниудад буруу байхгүй л дээ. Яагаад гэвэл ард түмэн парламентын олонхийг сонгочхоод байхад сонголтыг нь хүндэтгэхгүй, цөөнхөө өвөртлөөд хамссан Засгийн газар байгуулчихсан. Тиймээс Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарч, энэ тохиолдолд гишүүд мянга яриад хэрэг алга. Тэгээд дараагийн сонгуулиар олонх юу ярьж, сонгогч дээрээ очих бол. Хамгийн тааруу төр гэж ямар төрийг хэлэх вэ гэвэл цөөнхийн хяналтгүй төр гэдэг. Орчин үед тунгалаг төрийг (үйл ажиллагаа нь ил тод) л сайн засаглал гэсээр тэр нь нотлогдсоор байна. Энэ ч бүүр манайд дордчихлоо. Нөгөө хяналтгүй төрд эрх баригчид зоолдог гэдэг ухаантны үг ортой ч юм шиг. Оновчтой бодлогын шийдвэрийн төлөө олонх, цөөнх бодол өрсөлдүүлнэ гэдэг ардчил-сан парламентын үндсэн зарчим нүдний гэм болсон. Ер нь УИХ-ын гишүүд олонх, цөөнхийн гишүүнээсээ үл хамаарч өргөсөн тангаргаа байнга боддог юм шүү дээ. Сүүлийн үед энэ хяналтгүй төрийн алдааг засах гэж дахиад ямар хугацаа алдах бол гэдэгт санаа зовж байна. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгох зорилт гэдэг бол тийм шинэ зүйл биш. 2007 оны үед Монголбанкны бодлогын хүү 4\2 хувь хүрэхгүй үе ч байсан. Тухайн үед арилжааны банкны төгрөгийн зээлийн дундаж хүү 18 орчим, валютын зээлийн дундаж хүү 12 орчим, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүү нэг оронтой тоонд орчихсон байсан. Тэгвэл хямрал эхэлсэн 2008 онд төв банк бодлогын хүүгээ дөрөв орчим хувиас хэд хэдэн удаа огцом өсгөж 14 хувьд хүргэснээр өнөөгийн байдлаар төгрөгийн ойролцоогоор зээлийн хүү 22, валютынх 18 хувь болчихсон байна. Тэгэхээр хямралаас гарахын тулд хямралын өмнө хүрсэн арилжааны банкны зээлийн хүүгийн дунджийг зорилт болгож тавих нь зүйтэй л байх. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахгүй нь хямралаас гарахгүй гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз.
-Та миний асуултад тодорхой хариулсангүй. Та саналаа татсан гэсэн. Ямар шалтгаанаар вэ. Уучлаарай, банкныхны лоббийд орчихоогүй байгаа гэж асуумаар байна?
-Нэгдсэн чуулган дээр саналаа татсан. Гол нь УИХ-ын олонхийн гишүүд эсрэг байгаа нь мэдрэгдсэн. Ийм захиргаадалтын чанартай хатуу зорилтыг Монгол банкинд тулгаж болохгүй гэж ярьсан. Хэрэв уначих юм бол дараагийн хэлэлцүүлгээр байнгын хорооны гишүүдийн 2\3 саналаар босгох шаардлагатай болдог. Тиймээс ЭЗБХ-ны гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад саналын томьёололоо арай жаахан аядуухан оновчтой болгож өөрчилж санал хураалгана гэж бодож байна. Хэрхэхийг гишүүдийн олонх мэднэ. Лобби энэ тэр юу ч мэдэгдээгүй ээ.
-Тэгэхээр арилжааны банкуудын хөрөнгийн үүсвэрийн ихэнх нь болсон хадгаламжийн хүү өндөр. Дээр нь банкууд жижигхэн байгаа учраас бүтцийн өөрчлөлт хийх гэж байх шиг. Ийм үйл явц эхэлж байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Хадгаламжийн хүүгийн тухайд, төрөөс баталгаа гаргаж байгаа учраас хязгаарлалтын чанартай зохицуулалт хийх боломж бий л дээ. Хэрхэхийг Монгол банк мэднэ. Ийм туршлага ч байгаа. Банкууд нэгдэж томорвол зардал нь багасна. Гэхдээ энэ салбарт бүтцийн өөрчлөлт хийх болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогын тэнцвэрийг хадгалах нь зүйтэй байх.
-Арилжааны банкны зээлийн хүүгийн өсөлт, зээл олголт багассанаас бодит эдийн засаг идэвхжилгүй болсон. Чанаргүй зээл 2.9 хувиас 23 орчимд хүрсэн зэрэг шалтгааныг УИХ юу гэж тайлбарлах бол?
-УИХ олонхоороо шийдвэрлэдэг. Тиймээс энэ асуудлаар УИХ-аас гарах шийдвэр л хариу өгөх байх. Миний хувьд бодит үүссэн нөхцөл байдлаас ганц хоёр жишээ хэлмээр байна. Өнөөдөр үйлдвэрлэл, худалдааны салбарын ямар ч бизнесийн зардалд арилжааны банкны зээлийн 20 гаруй хувийн хүү өртөг болон шууд нэмэгдэж байна. Гэтэл хөгжилтэй, хөгжиж байгаа орон тусмаа л банкны арилжааны зээлийн хүү нэг оронтой тоонд багтаж, хөнгөлөлттэй зээл бол бараг хүүгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ орнуудын төв банкны бодлогын хүү дунджаар 0.5-5.0-ийн хооронд байгаа. Гэтэл хойд хөршид ийм байна гээд суугаад байж болохгүй байх. Хойд хөршийн иргэдийн олонх нь манайхантай адилхан амьдарч байна. Заавал хойноос нь дагадаг үе өнгөрсөн. Ингэхээр төв банкны зээлийн бодлого тухайн орны иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийн идэвхжилт, өрсөлдөх чадвартай шууд холбоотой. Тухайлбал, орон сууцнууд борлогдохгүй байгаа шалтгаан нь өндөр хүүтэй зээл, барилга барихад шаардагддаг олон зөвшөөрлийн хүнд суртлын зардал зэргээс барилга өндөр өртөгтэй баригдаж байна. Дээр нь ийм өндөр үнэтэй орон сууцыг авах орлоготой өрхүүд багассан. Хуульд төрийн хамгаалалтад байх малчдын мал банкных болсон. Монгол банк нь 11-14 хувийн хүүтэй үнэт цаасаа арилжааны банкуудад борлуулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Засгийн газар нь арилжааны банкуудаа дэмжихдээ татвар төлөгч дээр буух зээлийн хүүгийн ачааллыг улам нэмэгдүүлэх шийд гаргасаар ирсэн. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөгүй учир манай жижиг зах зээлийн бүх салбарт аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөн ихэсч орлого, ашиг нь багассан. Энэ байдлаас шалтгаалаад өндөр зээлийн хүүгээ төлж чадахаа байж, чанаргүй зээл нь нэмэгдэж байгаа юм болов уу. Эцэстээ энэ нь зээлдүүлэгч банкуудаа татаж унагаахад хүрч магадгүй юм. Эндээс л төр засаг амаараа бодит эдийн засгаа дэмжиж, ачир дээрээ боймолж байна гэж хэлж болох юм.
-Өнгөрсөн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт хэт өсөж, төсөв тэлэхийн хэрээр инфляци өссөн гэсэн тайлбарыг зарим улстөрч хийх юм. Монголын зах зээлийн суурь бүтээгдэхүүн шатахуунаас инфляци хамааралтай биш үү?
-Аль аль нь байсан. Инфляци гол нь төсөв, мөнгөний бодлого, гол нэрийн барааны эрэлт нийлүүлэлтийн зохистой байдал, тэр үнээс хамаардаг. Төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал огцом нэмэгдэж байсан нь үнэн. Мөнгөний бодлогын тухайд, монгол маягийн инфляцийг онилох загварыг хэрэглэж ирсэн. Энэ нь хэр оновчтой байсныг хэлэхэд хэцүү. Ойролцоогоор хэлбэл инфляцийн өсөлтийг дагуулаад бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний нийлүүлэлтээ хязгаарласан. Үр дүн нь америк долларын ханш бусад орны валютын ханштай харьцуулахад, буурч байхад манайд чангарсан. Мөн зээлийн хүү өсч, эдийн засаг идэвхгүй болж, чанаргүй зээл нэмэгдсэн. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт тэр дотроо нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөхөд их нөлөөтэй байсан. Энэ нөлөөлөл тухайн үед 65 орчим хувьтай байсан. Гэхдээ бүхнийг харлуулах бодол байхгүй. Сүүлийн үед зээл олголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлсээр байна. Мөн Монгол банкны байр суурь харьцангуй ойлгомжтой байх шиг санагдаж байна.
-Банкуудын лобби нь таны саналыг сонирхож байгаа зүйл мэдрэгдэж байна уу. Мөн хадгаламжийн хөрөнгөнд баталгаа гаргаж өгсөн төр, засагт баярлах ёстой байтал банкууд улам даварч байгаад та болоод гишүүд дургүйцдэггүй юм уу. Түүнчлэн таны хувьд, хувьдаа банктай гишүүдэд улс орноо гэсэн бодол байгаа эсэхэд эргэлздэг үү.
-Энэ санаачилгынхаа төлөө ажиллана. Хэрхэхийг байнгын хорооны гишүүдийн олонх мэднэ. Банкны лоббийг мэдээгүй байна. Хадгаламжинд төрөөс баталгаа гаргасан нь банкуудад нэмэр тустай болсонтой хэн ч маргахгүй байх. Хэн ч банк эсхүл, хувийн компанид хувь эзэмшиж болно. Энэ нь хуулийн хүрээнд ил тод байх ёстой. Харин сонирхлын зөрчилтэй асуудлаар шийдвэр гаргахад ямар нэгэн байдлаар оролцохгүй байх нь зохистой. Ийм ёс зүйн дүрэм ч байгаа.