УИХ дахь намын бүлгүүдийн зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ
2009.11.04

УИХ дахь намын бүлгүүдийн зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр дээрх үндсэн чиглэлтэй холбогдуулан УИХ дахь МАХН болон АН-ын бүлгээс гарсан санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёололууд дээр санал хураалт явууллаа.

Тус Байнгын хороонд танилцуулсан МАХН-ын санал дүгнэлтэнд иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчинг бүрдүүлж, 2010 онд дундаж өрхийн орлогыг 1 сая төгрөгөөс доошгүй байлгах боломжийг хангана. Хөдөлмөрийн чадвартай хүн амыг ажлын байраар хангах чиглэл баримтлан, жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэсэн бодит алхам хийх хэрэгтэй байгааг онцолжээ.Түүнчлэн стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх арга хэмжээг эхлүүлэх, говийн алслагдсан бүс нутгийн нэмэгдэл бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч, өрсөлдөх чадвартай нь тогтоогдсон сургуулиудыг өмчийн хэлбэр үл харгалзан төрөөс дэмжлэг үзүүлэх, оюутны байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг санал дүгнэлтэнд тусгажээ. МАХН-ын бүлгийн гишүүдийн гаргасан үндсэн чиглэлд нэмж тусгах шаардлагатай байгаа саналуудыг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Харин дараа нь УИХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёололыг хэлэлцсэн. Тухайлбал төслийн 5.1-д ‘’Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх’’ гэж нэмэхээр тусгажээ.

Төслийн 33 дахь зорилтод ‘’ Төрийн удирдлагад иргэний нийгмийн оролцоог хангах зорилгоор иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчилж, төрийн байгууллагад хяналт тавих, нөлөө үзүүлэх, дэмжлэг авах, ажил гүйцэтгэх зэрэг төр иргэний нийгмийн бүх талын түншлэл, төр-иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлж хөгжүүлэх’’ гэсэн арга хэмжээг нэмэхээр тусгасныг гишүүд дэмжсэн.

Мөн ‘’Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн албан хаагчтай хариуцлага тооцох, ил тод, шуурхай механизм бий болгон хэрэгжүүлэх’’ гэсэн арга хэмжээг нэмэх зэрэг нийт 40 гаруй санал нэмж тусгахаар УИХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн бөгөөд ихэнх саналын томъёолол дэмжигдлээ.

Байнгын хорооны хурлаар дээрх санал дүгнэлтийг хэлэлцсэний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн талаар УИХ-ын Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёололыг нэг бүрчлэн хэлэлцээд дэмжигдсэн саналуудыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.