2009.11.01

Ц.Даваасүрэн: 1,5 сая төгрөгийг амлалтыг үндсэн чиглэлдээ тусгах ёстой

УИХ гишүүн Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Ирэх оны улсын төсвийг хэлэлцэх хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 1нд дуусна. Гэтэл хуулийн дагуу төсөв хэлэлцэхээс өмнө анхны хэлэлцүүлгийг нь хийх ёстой Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг яагаад Засгийн газарт буцаачхав аа?

-Улсын төсвийн баримтлах бодлогын баримт бичиг нь үндсэн чиглэл. Тиймээс бодлого тодорхой болсны дараа төсөв хэлэлцэх зарчим үйлчилдэг. Хэдийгээр цаг хугацааны хувьд давчуу байгаа ч 2010 оны төсвийг хугацаандаа батлах боломжтой. Ирэх жилийн төсвийн хувьд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь болж байгаараа онцлог юм. Ирэх онд гол ажлаа эхлүүлж, 2011 онд ашиглалтад оруулах ёстой. Яагаад гэвэл, 2012 онд сонгогчдод ажлаа тайлагнаж, дүгнэлт хийлгэх ёстой шүү дээ. Тиймээс л УИХ гишүүд үндсэн чиглэлийг засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нягт уялдуулъя, сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Үндсэн чиглэл гэдэг гүйцэтгэх засаглалын уйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн тухайн жилд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг шүү дээ. Адаглаад 2010 онд бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэн хагасыг хэрэгжүүлсэн байх ёстой. Яагаад гэвэл, 2011 он гээд л сонгуультай залгачихна. Тиймээс л ирэх оны үндсэн чиглэлд гол ажлаа тусгаж эхлүүлэх ёстой. Тэгэхгүйгээр 2011 онд цалинг гурав дахин нэмж, алдарт эхийн одонгийн мөнгийг өсгөж, "Эх орны хишиг"мөнгөө хүртээвэл эдийн засаг даахгүй. Үлдэж буй хоёр жил хагаст амлалтуудаа хуваарилаад хэрэгжүүлээд явах ёстой. Төсөв бол санхүүгийн, баримт бичиг, үндсэн чиглэл бодлогын баримт бичиг нь шүү дээ.

-Тэгэхээр үндсэн чиглэлийн төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөр хоёр зөрчилдөж байна гэсэн үг үү?

-Засгийн газрын хөтөлбөрт туссан улс төрийн амлалтуудын дийлэнхийг 2010 оны үндсэн чиглэлд оруулж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ирэх жилийн төсөвт ч тодорхой хөрөнгийг тусгаад үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх учиртай. Алдарт эхийн одонгийн мөнгө, цалин, тэтгэвэр нэмэх, "Эх орны хишиг" түгээх гээд улс төрийн амлалтуудыг хэлж байна.

-Тэгвэл үндсэн чиглэлийн төслийг буцаасан гэж ойлгох уу, эсвэл бүлэг дүгнэлтээ гаргасан гэж үзэх үү?

-Төслийн хэлэлцүүлгийн явцад эдгээр саналыг нэмж тусгах талаар Засгийн газартай санал солилцож байна гэж ойлгох нь зүйтэй.

-Стратегийн ордын орлого улс төрийн амлалтыг хэрэгжүүлэх түлхүүр нь. Ер нь үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойтой холбоотой зүйл байна уу?

-Уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлэх дэд бүтэцтэй холбоотой зүйл туссан байгаа. Харин үндсэн чиглэлийг гоочлох бас нэг шалтгаан нь Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой техник, эдийн засгийн үндэслэлийг оруулж ирэхдээ өмнө хийчихсэн ажлуудаа биччихсэн. Хийсэн зүйлийг хийнэ гээд төлөвлөөд оруулж ирж болохгүй. Ер нь томоохон төслүүдийн дэд бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв хийгдсэн бол ажлыг нь эхлүүлэх ёстой. Энэ чиглэлээр үндсэн чиглэлийг өөрчлөх байр суурь гарсан. Тухайлбал, зэс цэвэршүүлэх үйлдвэр, эрчим хүчний шугам, төмөр замын ажлуудыг ирэх онд эхлүүлсэн байх шаардлагатай. Төмөр замын асуудлыг шийдвэрлэхгүй бол экспортлох боломж хязгаарлагдмал болно. Жилдээ 20-иос дээш сая тонн нүүрс, баяжмал гадагш ачих боломжтой болж байж уул уурхайн ашиг шимийг хүртэнэ.

-Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталчихсан. Энэ хүрээндээ төсвөө хэлэлцээд явж болохгүй юу. Цаашид үндсэн чиглэлээ ч төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамтад нь хэлэлцээд явах санал гишүүдээс гарч байна лээ?

-Төсвийн хүрээний мэдэгдэл бол дараа жилийн төсвийг төлөвлөхөд баримтлах хязгаар мөн үү гэвэл мөн. Гэхдээ тийм боловсронгуй баримт бичиг гэвэл бас биш. Одоо төсвийн хүрээний мэдэгдлийг гурван жилээр төлөвлөж баталдаг. Тэр баталсан баримт бичигт "Эх орны хишиг" жишээ нь байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, бэлгэдлийн чанартай мэдэгдэл болчихоод байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй төсвийн хүрээний мэдэгдэл уялдах ёстой. Тухайлбал, 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол Засгийн газрын үйл ажиллагааны үлдсэн хугацаанд хийгдэх томоохон ажлуудыг бүрэн тусгасан байх шаардлагатай. Гэтэл тийм биш л байгаа. Харин одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суурилж үндсэн чиглэлээ батлаад, төсвөө тэр дагуу хийх хэрэгтэй байна. Бид 2010 онд амласан гол ажлуудаа эхлүүлэхгүй бол 2012 онд Засгийн газар хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж чадахгүй. Ганцхан 2011 онд бүгдийг хийнэ гэж байхгүй. Жишээ нь, Эх орны хишгийг гурван жилд хувааж хэрэгжүүлэх хэрэгтэй. Үгүй бол эдийн засгаа унагаж, инфляци барьж дийлэхгүйд хүрнэ.

-Тэгвэл үндсэн чиглэлд орсон өөрчлөлт төсөвт ч дагаж сууна биз дээ?

-Засгийн газартай санал солилцоод зарим тохиролцсон заалтаа төсөвт тусгаад явна.

-Үндсэн чиглэлд оруулах өөрчлөлтийг улсын төсөв даах уу. Орлого, зарлага талаа бодсон юм уу?

-Хэлэлцэх үедээ зохицуулж болно. Төсвийн орлогыг нэмэх, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрээ харъя. Шаардлагагүй зардлаа хасаад ч явж болно.

-Тэгэхээр ирэх оны төсөв, үндсэн чиглэлд улс төрийн амлалтуудыг тусгаад авна гэсэн үг үү?

-Тусгаж л таарна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгуулийн амлалтыг хэрэгжүүлнэ гээд тусгасан. Сонгуулиар нэг юм ярьчихаад сонгогдсон хойноо хувирдаг байж болохгүй. Ард түмний төрд итгэх итгэл гэж юм байгаа. Энэ итгэлийг хүлээж гарч ирсэн намууд улс төрийн амлалтаа жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусгаад хэрэгжүүлээд явах ёстой, Харин одоо бид үндсэн чиглэлээр 2010 онд Засгийн газар, төсөв ямар ачаалал даахыг нь гаргая гэж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг анх батлах үед гишүүд мөрөөдлийн жагсаалт гэж дүгнэж байсан. Одоо тэр мөрөөдлийн жагсаалтдаа тохируулж үндсэн чиглэлээ өөрчлөх болж байна уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг хуулийн сонгодог утгаараа сонгуульд ялалт байгуулсан намын дэвшүүлсэн хөтөлбөрт суурилах ёстой. Өөрөөр хэлбэл, ард түмний санал авсан амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө зайлшгүй тусгах ёстой юм. Тийм учраас явцын дунд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо гээд хасаад, засварлаад явж болохгүй. Нөгөө талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж хуульч лан баталсан учраас жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусгаж, хэрэгжүүлээд явах ёстой юм.

-Ерөнхий сайд солигдлоо. Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт засвар хийж болохгүй гэсэн үг үү?

-Тийм, засварлаж өөртөө тохируулж болохгүй. Харин хөтөлбөр хэрэгжүүлэх байгаа, бүтцээ өөрчилж болно. Ерөнхий сайдын хувьд нэг үеийн хүний хувьд дэмжиж байгаа. Төрийн буянаар өндөр хөгжилтэй оронд зах зээлийн суурь боловсрол эзэмшсэн бидний дундаас төрж байгаа анхны Ерөнхий сайд, шилдэг бизнес эрхлэгч гэдэг агуулгаар их итгэл өгч байна. Өөрөөр хэлбэл, түр сургалт, хэлний сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтаар бус үндсэн сургалтын хөтөлбөрөөр нь сурч зах зээлийн боловсрол эзэмшсэн гэдгийг хэлж байна л даа. Арай өөрөөр харж, өнгөц биш сэтгэх байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.