2014.06.18

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн явцтай танилцлаа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн явцтай танилцлаа

Хөдөлмөрийн яам ажил олгогчдын захиалгаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж 7000 гаруй шижигнэсэн залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор бэлтгэгдэж байгаа билээ.

Хөтөлбөрийн эхний ээлжийн 5827 суралцагч 2 сар танхимын сургалтанд хамрагдаж, дадлагын хичэээлдээ ороод багагүй хугацаа өнгөрч байгаа энэ үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав суралцагчидаа эргэн, дадлага хийж байгаа газартаа хэрхэн ажиллаж, дадлагажиж байгаатай танилцлаа.

Тэрээр маршрутын дагуу эхний удаад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон 3 аж ахуй нэгж, байгууллага дээр очин, дадлагын “хүүхдүүдээ” эргэсэн юм. Сайдын эхний орсон байгууллага Эрчим хүчний угсралт засварын үйл “МЭЗ” ХХК байлаа. Нийтдээ 15 суралцагчтай гэрээ байгуулан, дадлагажуулж байгаа тус компаний хувьд 120 гаруй ажилтантай бөгөөд 4-р цахилгаан станцын засварын цехийн үндсэн бүрэлдэхүүнд ажиллаж байгаад хувьд шилжсэн салбартаа тэргүүний компани аж.

Тус компанид дадлагажиж байгаа суралцагчидийн хувьд компаний удирдлагууд,сургагч багш нар амж сайтай байж, “Суралцах хүсэл эрмэлзэлтэй, хичээж зүтгэлтэй байгаа” хэмээн үнэлж байлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ үеэр “Шинэчлэлийн засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байгаа Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл зоригоор дүүрэн байгаа  залуусыг маань ажлын байраар хангаж, дадлагажуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууддаа талархаж байна.

Цаашид манай суралцагчдыг улам сайн дадлагажуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж аваарай” хэмээн онцоллоо.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”

Үүний дараагаар уул уурхайн чиглэлээр ажиллагаа явуулдаг Моннис сервис саппорт ХХК-нд зочиллоо. Тус компани дээр Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн 12 суралцагч дадлагажиж байгаа бөгөөд  бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралтыг хийж суралцаж байгаа аж.  Моннис Сервис Саппорт нь нийт 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ажиллагсдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хилийн чанад дахь үйлдвэрлэгч компаниудын сургалтуудад тогтмол хамруулдаг ба гадны шилдэг мэргэжилтнүүдийг эх орондоо урьж мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион явуулж байгаа аж. Хөдөлмөрийн сайд тус компанид зочлох үеэрээ “Хүнд машин, техникийн хувьд мэс засалч бэлтгэдэг танай компани хүний нөөцөө Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн суралцагчидаас бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчдын идэвхи санаачилга их чухал” гэлээ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Моннис сервис саппорт компанид дадлагажигч нартайгаа уулзсаны дараагаар Ган хийц компаний үйл ажиллагаатай танилцлаа. “Ган хийц” ХК нь 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан. Жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц  эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрийн газар 1992 оноос үйлдвэрлэл худалдааны "Ган хийц" хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Өнгөрсөн онуудад 60000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн манай улсын ууган компани юм. Тус компанид 15 суралцагч гэрээ байгуулж, дадлагад гараад байгаа аж. Тус компаний захиралын хэлснээр “Монголчууд өөрсдөө юм хийж чаддаг болсон. Алин болгон монголчууд юм хийж чаддаггүй гэж нэрлэж, цоллож явах вэ. Харин ч илүү чармайлттай хийж чаддаг болсон. Манай компаний хувьд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн суралцагчдаас хүний нөөцөө бүрдүүлж, цаашид ч энэ мэтээр бэлтгэсэээр байна” гэлээ.

Ийнхүү хөдөлмөрийн сайдын айлчлал өндөрлөж, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн суралцагчид гэрээ байгуулж, дадлагад гарсан компани дээрээ идэвхи чармайлттай ажиллаж байгааг компаний удирдлага, сургагч багш нар нь хэлж байна. Засгийн газраас сар бүр 190 400 төгрөгийн тэтгэлэг авч байгаа тус хөтөлбөрийн суралцагчидын эхний ээлжийнхэн ирэх 9-р сард төгсч, гэрээ хийсэн компани дээрээ үндсэн ажилтан болж үлдэх юм. Одоогийн байдлаар нийслэл хотод 1277, хөдөөд 3308 суралцагч гэрээ хийсэн компанидаа дадлагын хичээлдээ гараад байна.

Дашрамд сонирхуулахад “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар ээлжинд 7283 иргэн бүртгүүлсэнээс 1968 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороод байна.