Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.04.02

Шилдэг багш нар гадаадад мэргэжил дээшлүүлнэ

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг индексээр дүгнэдэг болсон. Тэгвэл энэхүү төслийн журамд өөрчлөлт оруулж хэд хэдэн зүйлийг нэмлээ. Тодруулбал: Салбартаа амжилт гаргасан багш нарыг мөнгөн дүнгээр урамшуулдаг байсан бол энэ жилээс эхлэн гадаадын томоохон их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломжтой болжээ.

Энэ жил гарсан индекст өөрчлөлт орсон гол хүчин зүйл бол 9, 10 сард суралцагчдын сурлагын ахицыг сургууль, цэцэрлэг тус бүрт тогтоож, сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх, ингэхдээ өөрийн үнэлгээгээр үнэлж тогтоохоор тусгагдсан байна. Мөн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнгээр маш сайн түвшинд дүгнэгдсэн багш, сургууль, цэцэрлэгүүдийг боловсролын газар 5-р сард багтаан магадлан үнэлэх юм.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:  Энэ ажил 3 үе шаттай зохион байгуулагддаг. Нэгдүгээрт: Ирэх 5 сард зөвхөн 5 ангиудын дунд Математик, Монгол хэлний чанарын шалгалт авч чанарын шалгалтаар хамгийн өндөр үнэлэгдсэн ангийн багшийг урамшуулдаг ажил хийгддэг. Мөн ирэх 10 сард Нийслэлийн өдрөөр нийт багш нарынхаа ажлыг үнэлж тухайн жилдээ хамгийн өндөр амжилт гаргасан,  хамгийн өндөр индекстэй багш нарыг урамшуулах ажлыг хийнэ.”

Мөн гадаад, дотоодын байгууллагуудад туршлага судлуулахад нийт урамшууллын 10 хүртэлх хувийг олгоно. Өнгөрсөн жил уг төсөлд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ жил мөн адил төгрөгийг төсөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 80 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төсөвлөсөн бөгөөд үүнээс энэ жил 18-ыг нь барих юм.