2014.06.16

Латви улсад суралцах оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгджээ

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд манай хоёр Улсын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч “Хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар дээд хэмжээний дугуй ширээний  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид, Латвийн талыг төлөөлөн Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ манай хоёр Улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, оюутан солилцоог дэмжихийг чухалчилж, цаашдын боловсролын салбарын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нүүр тулсан ярилцлага хийж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов. Тус ярилцлагын үеэр Бүгд Найрамдах Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай. Ина Друвете Бүгд Найрамдах Латви Улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгдэв.

Тус хэлэлцүүлэгт хоёр орны их, дээд сургуулийн төлөөлөн оролцож, Бүгд Найрамдах Латви Улсын Ригагийн техникийн их сургууль, Вентспилсын их сургуулийн коллеж, Турибагийн их сургууль, Тээвэр ба харилцаа холбооны дээд сургуулийн  удирдлагууд өөрсдийн  сургуулийнхаа танилцуулгыг хийлээ.

Тус дээд хэмжээний дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцогчид хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.