Бүтээлч, ахмад багш нар ажил, амжилтаа хэлэлцлээ
Бүтээлч, ахмад багш нар ажил, амжилтаа хэлэлцлээ
2014.04.30

Бүтээлч, ахмад багш нар ажил, амжилтаа хэлэлцлээ

БШУ-ны яам, «Монголын ахмад багш нарын холбоо» хамтран «Бүтээлч ахмад багш нарын II зөвлөгөөн»- ийг Багшийн хөгжлийн ордонд өчигдөр зохион байгууллаа. БШУ-ны сайд Л.Гантөмөр зөвлөгөөнийг нээж үг хэлсэн. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 100 гаруй ахмад багш оролцож, ажлын амжилтаа илтгэснээс гадна туршлага солилцлоо.

Тэтгэвэрт гарсан хэдий ч гэртээ зүгээр суухыг хүсээгүй багш нар хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлагийн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, залуу багш нарт үлгэр дуурайл болж байгаа талаар зөвлөгөөнд оролцсон ахмадууд хэлж байсан.

2011 оны арван хоёрдугаар сард болсон I зөвлөгөөнөөр холбооны гишүүд байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ.

Энэ удаа ахмад багш нар, I зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлсэн ажил болон боловсролын салбарын бодлогын талаар хэлэлцжээ. Энэхүү холбооны зорилго нь тэтгэвэрт гарсан багш нарыг хувиараа ажил хийхийг дэмжихээс гадна төр засагт хэлэх үгээ зөвлөгөөнөөр дамжуулан хүргэдэг.

Монголын ахмад багш нарын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргал бүтээлч ахмад багш нарын дундаас мянгат малчин, сайн тариаланч төрсөн төдийгүй ахмадууд багшилж, оюуны бүтээл туурвиж байгааг бахархан ярьсан юм

Монголын ахмад багш нарын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргал бүтээлч ахмад багш нарын дундаас мянгат малчин, сайн тариаланч төрсөн төдийгүй ахмадууд багшилж, оюуны бүтээл туурвиж байгааг бахархан ярьсан юм. Монгол хэл, уран зохиолын багш Б.Амаржаргал 43 жил багшлаад тэтгэвэрт гарсан ч ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Тэрбээр дунд сургуульд 50 жил багшилсан туршлагатай багш бөгөөд нийгмийн ажилд идэвхтэй оролцдог буурал юм. Тус холбооноос энэ онд «Бүтээлч ахмад багш шалгаруулах уралдаан» зарласныг БШУ- ны яамнаас дэмжиж, түрүүлсэн багшийг нэг сая төгрөгөөр урамшуулах гэнэ. Энэ нь багш нарт их урам зориг өгч байгаа гэдгийг дурьдлаа.

Түүнээс гадна БШУ-ны яаманд ТМС-иудыг хариуцсан даргаар 1965-1990 оныг хүртэл ажилласан ахмад багш С.Дамдинсүрэн «I зөвлөгөөний зорилт үр дүнгээ өгч, холбооны гишүүд амжилтаа ахиулсан» гэж тэмдэглэсэн.

Мөн тэрбээр тэтгэвэртээ гарсан гээд гараа хумхиад суух биш, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа багш нарыг БШУ-ны яамнаас дэмжиж байгааг сайшаалаа. Сайн дураараа тус холбоонд нэгдсэн ахмадууд II зөвлөгөөнд хийсэн ажлынхаа талаар илтгэл тавьж, цаашдын зорилгоо ярилцсан юм.