Захирлууд завгүй байна
Захирлууд завгүй байна
2014.04.08

Захирлууд завгүй байна

Боловсролын салбарт бодлогын түвшинд анхаарал хандуулж төр засгийн зүгээс тоймтой өөрчлөлт шинэчлэл хийхээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь сургуулийн удирдлагуудын “Туршлага солилцох хөтөлбөр”. Нийслэлийн боловсролын газар, “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зөвлөл”-өөс санаачлан БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болоод хувийн хэвшлийн 203 дунд сургуулийн захирал хооронд туршлага солилцож хамтран ажиллах юм.

Дөрвөн үе шаттай хэрэгжиж буй тус хөтөлбөр бичиг цааснаас хэтэрдэггүй бусад хөтөлбөрийг бодвол практик давамгайлсан тул илүү амьд, үр дүнтэй байх магадлал өндөр. Учир нь, багш солилцооны хөтөлбөр гэдэг шиг захирлууд өөр сургуулийн үйл ажиллагаа, онцлог, давуу тал, менежмент, сайн туршлагатай танилцаж, тодорхой хугацаанд ажиллах юм. Товчхондоо, А сургуулийн захирал Б сургуулийн захиралтай албан үүргийн хувьд байраа солино гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн хөтөлбөрийн хүрээнд заасан хугацаанд хэрэгжинэ.

Энэ хичээлийн жилээс ирэх жил хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд сургуулийн захирлын ажил үүрэг, албан тушаалыг өөрчилж хөндөхгүйгээр тухайн сургуулийн сайн менежментийг судлах, сурталчлах, харилцан туршлага солилцох, давуу болон сул талаа дүгнэх боломж олгож байгаа юм. Төрийн болоод хувийн гэж жалга довны үзлээр ханддаг боловсролын салбарын хаалттай хөшгийг хуу татаж илүү уян хатан, ухаалаг санаачилга өрнүүлж буйн хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд ихээхэн ахиц гарах боломжтой.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд өөр сургууль, өөр менежмент, шинэ орчин нөхцөлтэй танилцах захирлууд завгүй байх нь мэдээж. Өчигдөр болсон хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үеэр завгүй захирлууд хуран чуулж эхний ээлжийн 14 сургуулийн захирал түлхүүр солилцлоо. Мэдээж сургуулийн орчинд сурагч, багш ажилчидтай хэсэг хугацаанд хамтран ажиллахын хувьд захирлууд албан өрөөнийхөө түлхүүрийг солилцох нь зүйн хэрэг. Энэ арга хэмжээний үеэр хөтөлбөрт хамрагдаж буй захирлуудын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонирхсон юм.

Б.Амартүвшин: Боловсролын талх түүхийрсэн ч мэдэгддэггүй

БШУЯ-ны харьяа “Шинэ эрин” олон улсын лаборатор сургуулийн гүйцэтгэх захирал Б.Амартүвшингийн хувьд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зөвлөлийн тэргүүний үүргийг давхар гүйцэтгэгч юм. Санаачлан зохион байгуулагчдын нэг болохын хувьд түүнтэй цөөн хором ярилцлаа.

Өөр өөрийн гэсэн өнгө төрх, давуу талаа түшиглэн харилцан туршлага солилцох боломжийг энэ хөтөлбөрийн хүрээнд бий болгож байгаа юм.

-Энэ хөтөлбөрийн санаа сэдэл хаанаас урган гарав?

-Ердөө л хэрэгцээнээс үүдсэн санаачилга, хөтөлбөр юм. Яагаад гэхээр, Засгийн газрын баримталж буй бодлогод олон нийтийн оролцоотой удирдлага хэрэгжүүлэх талаар нэлээд  анхаарч байна. Гэтэл, олон нийтийн оролцоотой удирдахад бидэнд ямар туршлага чадвар байна вэ гэтэл байхгүй. Хоёрдугаарт, манай боловсролын салбарт олон талын арга барил, хөтөлбөртэй өөр өөр сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль байхад зэрэгцээд Япон хэв шинж, сургалтын арга барилтай нь ч байх жишээтэй. Өөр өөрийн гэсэн өнгө төрх, давуу талаа түшиглэн харилцан туршлага солилцох боломжийг энэ хөтөлбөрийн хүрээнд бий болгож байгаа юм. Товчхондоо, энэ л хэрэгцээ хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий болгосон.

-Ажлын байранд мэргэжил дээшлүүлэх талаар сүүлийн үед их ярьж байна. Энэ хөтөлбөртэй ихээхэн уялдаатай байж болох нь ээ?

-Тийм, ажлын байранд мэргэжил дээшлүүлэх талаар олон улсын түвшинд их ярьж байна. Ажиллаж байхдаа ур чадвараа хөгжүүлэх ямар арга байна гэхчлэн төсөр хэр нь үр дүнтэй аргаар төсөв хэмнэхийг зорьдог болж.

Нийслэлийн захирлуудын зөвлөл, НБГ, БШУЯ-ны Байгууллагын чадавхийг бэхжүүлэх үндэсний шинэчлэлийн багтай хамтран өнгөрсөн арваннэгдүгээр сард “Боловсролын шинэчлэлд удирдах ажилтнуудын оролцоо” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулсан юм. Энэ зөвлөгөөнөөр авч хэлэлцсэн хамгийн чухал асуудлын нэг нь захирлуудыг ажлын байранд нь мэргэжил дээшлүүлэх гэсэн ойлголт байсан.

Сүүлийн жилүүдэд бид дан танхимын сургалтаар л мэргэжил дээшлүүллээ. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд илүү практикт тулгуурласан, амьд харилцаа бий болгосон мэргэжил дээшлүүлэх боломж бий боллоо.

Давхар бусад сургуулийн туршлага судлах, хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн маш олон давуу талтай. Захын сургуулиуд үнэхээр хэцүү байдаг бол тэнд олон улсын сургууль, хувийн сургуулийн удирдах албан тушаалтнууд яагаад очиж ажиллаж болохгүй гэж. Ийм л энгийн хэр нь уян хатан бодлогоор боловсрол хэмээх өрх айлын гишүүдийг нэгэн цул болгохоор хичээж байна.

-Захирлууд ч гэсэн хөтөлбөрт идэвхтэй оролцож нааштай хүлээн авч байгаа санагдлаа?

-Энэ нь НЕБСЗЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой. Нийслэлийн захирлуудын зөвлөл бий болсноор хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, эвлэлдэн нэгдэх боломжтой болсон. Энэ бол их том давуу тал юм. Бид гар нийлж чадвал хялбархан шийдэж болох үй түмэн асуудал байна.

Ер нь, боловсролын салбарын үйл ажиллагаа гэдэг багийн тоглолтоос ялгаагүй зүйл. Хамтран ажиллаж байж өргөн цар хүрээ бүхий энэ салбарын асуудлыг шийдэж чадна. Захирлуудын зөвлөлөөс үйл ажиллагааны үүрэг, зорилгоо тодорхойлохдоо 50 гаруй хувьд нь төр засаг, харьяа яамны бодлогыг тусгаж өгдөг. Энэ ч утгаараа төрийн үйл хэрэгтэй нийцэж хамтын хүч бий болгож байгаа хэрэг.

-Таны хэлж буйгаар багийн тоглолт гэвэл нийгмийн зүгээс боловсрол гэдэг багт нэг л оноо өгдөг байх ёстой. Гэтэл эцэг эхчүүд хувийн хэвшил, төрийн өмчит сургуульд өөр өөр дүн тавьдаг. Тэгэхээр захирлууд нэгэн цул болж байгаа бол нийгмийн сэтгэлзүй ч гэсэн төрийн, хувийн гэж ялгадаггүй байх ёстой болов уу?

-Яг үнэн, ерөөс боловсрол гэдэг эцэг эх, багш боловсон хүчин, удирдах ажилтнуудын бий болгодог цогц систем. Тэгэхээр дээрх хүмүүс амь нэг, ойлголт, үнэлэмж нэгтэй байх нь чухал. Хоёрдугаарт, боловсролын нийгмийн орчинд бид анхаарал тавих ёстой. Цагдаагийн байгууллагууд, соёл, олон нийтийн байгууллагууд ч тэр.

Сургууль бол үйлдвэрлэгч харин бүтээгдэхүүн нь сурагчид буюу ирээдүйн боловсон хүчнүүд. Тэгэхээр төрийн, хувийн гэж туурга тусгаарлалгүй ижил чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн салбарын бус нийгмийн үүрэг юм.

Ер нь, боловсролын нэг онцлог нь ил харагддаггүй, гарт баригддаггүй. Талх бол түүхийрч байгаа нь харагдана. Гэтэл боловсролын талх түүхийрч байгаа нь мэдэгддэггүй. Үүнийг л харах чадвартай удирдах ажилтнуудыг сонгон авч Монголынхоо ч, гадаад орны ч сайн практик туршлагаас  судлуулж өөр нөхцөлд хэрэгжүүлж үзэх нь зөв.

Цаашид хөтөлбөрийн хүрээнд сайн ажиллаж туршлага судалж чадвараа дээшлүүлж илүү мэргэжлийн түвшинд менежмент, шинэчлэл хийж чадсан захирлуудаа гадаадын сургуулиудын захирал солилцооны хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа.

-Хөтөлбөр орон нутагт хэрэгжих үү?

-Мэдээж аливаа юм багаасаа эхэлбэл илүү үр дүнтэй байдаг. Эхний ээлжинд Эрдэнэт, Дархан хотын сургуулийн удирдлагуудыг хамруулж байна. Цаашид бүс нутаг, аймаг сумдад ч хэрэгжүүлэх боломжтой. Яагаад сумын сургуулийн захирал гадны сургуулийн захирал солилцоонд хамрагдаж болохгүй гэж. Сумын сургуулийн захирал гэхээр л муу байх албагүй.

Б.Одхой: Анхнаасаа хайрцаглагдахгүй гэж бодож байна

“Логарифм” сургуулийн захирал Б.Одхой нь Монголын анхны Кэмбрижийн хөтөлбөрт “Шинэ эрин” сургуульд ажиллахаар болж байгаа юм. Түүнээс хөтөлбөрийн тухай сэтгэгдлийг нь сонирхлоо.

Ер нь бол нүдээ олсон шийдэл болж байна.

-Боловсролын салбарт нэлээд шинэчлэл хийж буйн нэг нь энэ хөтөлбөр гэж ойлгож байна. Хувийн хэвшлийн сургуулийн захирлын хувьд хөтөлбөрт ямар ач холбогдол өгч байна?

-Ер нь бол нүдээ олсон шийдэл болж байна. Төрийн өмчийн болоод төрийн бус мөн олон улсын сургуулийн хооронд захирал солилцож байгаа нь зүгээр нэг харилцан ярьж, илтгэл үзүүлэн тавихаас илүү яг ажлын байранд нь очиж онцлогийг нь мэдрэх гэдэг үүднээсээ их чухал юм. Үүгээрээ манай захирлууд менежментийн туршлагыг өргөн цар хүрээтэй солилцох болов уу гэж бодож байна.

-Та аль сургуульд ажиллах вэ?

-“Шинэ эрин” сургуульд очихоор болсон. Харин манай сургуульд мөн Кэмбрижийн хөтөлбөртэй “Шинэ эхлэл” сургуулийн захирал Эрдэнээ ирж байна.

-Томилогдон очиж буй сургуульдаа очоод яаж ажиллах, аль тал руу нь түлхүү анхаарал хандуулахаа төлөвлөсөн үү?

-Ер нь, бол энийг нь харна, тэрийг нь анхаарна гэж анхнаасаа хайрцганд орохгүй гэж бодож байна. Онцлог зүйл нь юу байна, өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн тусгах, яаж нутагшуулах талаар илүү анхаарна.

Л.Цэнгэлмаа: Хамгийн ухаалаг шийдэл боллоо

Улсын ууган сургуулиудын нэг II бүрэн дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаатай ярилцлаа.

Аливаа байгууллагын үйл ажиллагаа сайн удирдлага, менежментээс шууд шалтгаалдаг.

-Захирал солилцоо гэхээр их шинэлэг санагдаж байгаа байх. Таны хувьд?

-Манай дүүрэгт л гэхэд төрийн 17 сургууль байна. Төрийн, төрийн бус нь нийлээд 57 дунд сургуультай. Аливаа байгууллагын үйл ажиллагаа сайн удирдлага, менежментээс шууд шалтгаалдаг. Хэдий дасал болоогүй шинэлэг зүйл ч гэлээ туршаад үзэх нь зөв. Сайн менежменттэй сургуулийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх үүднээс НБГ, НЕБСЗЗ хамтран хэрэгжүүлж буй хамгийн ухаалаг шийдэл гэж ойлгож байна.

Миний хувьд 84 дүгээр сургуульд очихоор болсон. Эхний ээлжинд байгууллагын соёл гэж юм бий, үүнтэй нь танилцъя, дээрээс нь сургалтын орчныг нь харъя гэсэн бодолтой байна. Энэ сургууль Монголд анх удаа цахим хөтөлбөр хэрэгжүүлсний хувд сурч, судлах юм их байгаа гэж бодож байна. Манай сургуультай хүүхдийн тоо ойролцоо. Хоёулаа 2000 гаруй сурагчтай. Багш, ажилчдын тоо ч мөн ойролцоо. Тиймээс ажиллахад төвөг саад бага байх болов уу.