Мэндчилгээ
Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан нийт улсын байцаагч, ажилтан, албан хаагчид, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлууд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Үе үеийн удирдлага, хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд хяналтын байгууллага бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжин төлөвшиж, төрийн хяналтын үйлчилгээний үр дүн, үр нөлөө дээшилж, эрэлт хэрэгцээ, ач холбогдол нь өдрөөс өдөрт өссөөр байна.
Хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн дотоод хяналтыг төлөвшүүлэх, аль болох зөвлөн туслах соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн хяналтын цоо шинэ арга хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, хууль тогтоомжийн сахин мөрдөлтийг сайжруулж, эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоог жил дараалан бууруулан ажиллаж байгааг онцлон хэлэхэд таатай байна.
Энэхүү шинэ хуулийн төсөл нь төрийн хяналтын чиглэлээр сүүлийн 20 гаруй жилийн дотор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, түүхэн сургамж дээр үндэслэснээс гадна олон улсын хэмжээнд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандлагыг тусгасан зарчмын шинэлэг үзэл санаа бүхий хуулийн төсөл болсон бөгөөд үүнийг Улсын Их Хурал ойрын хугацаанд батлан гаргана гэдэгт итгэлтэй байна.
Хууль батлагдсанаар төрийн хяналт шалгалтыг нэгдсэн нэг стандартын дагуу ил тод, шуурхай, оновчтой явуулдаг болж, хууль тогтоомжийн мөрдөлт сайжран, хяналт шалгалтын дарамт чирэгдэл багасч, хяналтын байгууллага болон бизнес эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа төлөвшиж, нийгмийн хариуцлага нь дээшлэн, иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдэх болно.
Мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх өндөр хариуцлагатай албанд эрдэм мэдпэг, авьяас чадвар, сэтгэл оюунаа дайчлан хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа нийт улсын байцаагчид, ажилтан, албан хаагч нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Та бүхэн төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдэж явах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА