Цахим хурал
2014.06.05

Засгийн Газар аймгуудын удирдлагатай ээлжит хурал хийв

Аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал боллоо. Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Шаардлагагүй импортын хэрэглээг танах, аль болох дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахыг Ерөнхий сайд аймгийн дарга нарт уриаллаа.

Мөн цахим хурлын үеэр аймгуудаас ирсэн санал хүсэлтэд албаны хүмүүс хариулт өглөө.  Тухайлбал Дорноговь аймгаас шүлхий өвчинтэй холбоотойгоор нөхөн олговор, шүлхийн зардлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирэв. Үүний дагуу Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар шүлхий гарсан Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт нийт 4,8 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгөх асуудлыг Сангийн яаманд хүргүүлсэн, үүнийг энэ бямба гарагт болох Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.

ОБЕГ-ын дарга Дуламдорж:

Улсын онцгой байдлын комисс дээр гурван аймгийн шүлхийтэй холбоотой зардлын асуудлыг ярьсан. Хэнтийд 700 сая, Дорноговьд 1,4 тэрбум, Сүхбаатар аймагт 2,7 тэрбум төгрөгийн зардлыг өгөх асуудлыг хэлэлцээд Сангийн яаманд хүргүүлсэн.  Энэ бямба гарагт болох Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн.