О.Баасанхүү: Намайг УИХ-ын гишүүн гэдгээр биш хийсэн зүйлээр маань дурсаасай гэж ажиллах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.06.02

О.Баасанхүү: Намайг УИХ-ын гишүүн гэдгээр биш хийсэн зүйлээр маань дурсаасай гэж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед “Хям­ралын Засгийн газар” гэсэн нэршил дуулдах боллоо. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг хямарсан гэж харахгүй байгаа. Засгийн газар хямарна гэдэг нь тогтолцооны хямралыг хэл­дэг. Миний хувьд энэ Засгийн газар зүгээр л эдийн засгийг хямраагч Засгийн газар гэж харагдаж байна. Эдийн засгийг хамгийн энгийнээр сагсанд байгаа бараа бүтээгдэхүүний ху­далдан авах чадвараар илэрхийлдэг. Гадуур маш олон газар хүмүүсээ халаад, цомхотгол хийж байна. Ийм л үед архины бизнес сайжирч, гэмт хэрэг өсөх хандлагатай болдог. Учир нь залуучууд гу­тарсандаа ч юм уу архи уух тохиолдол байдаг. Тэгэ­хээр өнөөдөр байдал аль тал руу хэлбийгээд байна вэ гэдгийг нь л хэдэн талаас нь харах ёстой.

-Тэгэхээр энэ Засгийн газар ерөнхийдөө ажлаа хийж чадахгүй байна гэж та үзэж байгаа юм аа даа?

-Зөв бодлого барьж чадахгүй байна. Засгийн газар эдийн засгийг санаатайгаар хямраагаагүй шүү дээ. Ер нь ямар ч Засгийн газар улс орноо сүйрүүлье, эдийн засгийг нь унагаая гэж боддоггүй нь лав. Бүх засгийн газар гарч ирээд улсаа хөгжүүлье, ард иргэдээ сайхан амьдруулъя гэдэг. Ер нь ямар ч юм хийсэн эхлээд төлөвлөгөө боловсруулаад түүнийхээ дагуу хөрөнгөө зарцуулж байж л цаашаа явна шүү дээ.

Анх энэ Засгийн газар байгуулагдахад миний зүгээс “Стандарт бус бүтэцтэй болчихлоо” гэдгийг хэлж байсан.

Тухайлбал үйлдвэр, хөдөө аж ахуй хоёр ямар учраас холбогдож байгаа юм. Түүнд нь төрийн өмчийн хороо яагаад оролцож байгаа юм бэ. Эсвэл Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёр яагаад салж байгаа юм бэ.

Мөн Дотоод хэргийн гэдэг үгийг Хууль зүйн яамнаас авангуутаа Дотоодын цэргийг байхгүй болгочихож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хоёр хамт байх ёстой гээд олон зүйлийг хэлж байсан. Гэтэл тухайн үед АН болоод МАХН, МҮАН, МАН-ын хувьд ч тэр бушуухан Засгийн газар байгуулж, эрх мэдлийг гартаа авъя гээд л зүтгэчихсэн. Тухайн үед улайрч байсны уршиг нь одоо гарч байна.

МХЕГ гэхэд бараг бүтэн жил удирд­лагагүй явсан шүү дээ. Тиймээс би Д.Тэрбишдагва даргад “МХЕГ-ын даргаа тавьж чадахгүй юм бол ажлаа өгсөн нь дээр” гэж хэлж байсан. Тэгж байж нэг юм арай гэж даргатай болсон шүү дээ. Хяналтын хууль гэж хоёр удаа оруулж ирэхдээ МХЕГ-ыг яамдууд дээрээсээ эрх мэдлийг нь авъя гэж байсан. Хүнд суртлыг алга болгох нэрээр төвлөрлийг бий болгож, эрх мэдлийг өөрсдөдөө авах гэж улайраад байгаа байхгүй юу. Энэ улайрал нь хэрээс хэтэрсэн энэ хямралын шалтгаан болоод байна.

Бас нэг шалтгаан нь гадны хөрөнгө оруулагчдыг хэт их хянасан. Оюутолгойг шүүмжлэх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ тэднийг шүүмжлэнгүүт эргүүлээд хөрөнгө оруулалтаа татаж эхэлдэг. Оюутолгой өөрөө гадны хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг эзэлчихсэн. Энэ мэт нэг компаниас хараат болчихсон байна. Тиймээс бид одоо энэ байдлаас гарах ёстой. Тэдэнд зүгээр л нэг компани гэдгийг нь ойлгуулж, байранд нь тавих цаг болсон. Харин энэ бүхнийг хийхийн тулд тодорхой хэмжээний эрсдэл хүлээх нь гарцаагүй. Гэхдээ бид ард түмнийг сөхрүүлж, ядрааж болохгүй.

-Нөгөөтэйгүүр баяр наадам гэсээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нь ирэх намрын чуулгантай залгах юм биш үү гэх хардлага иргэдийн дунд байна. Үнэхээр 100 хоногт эдийн засгаа сэргээгээд ирж чадах болов уу?

-Ажлын 100 хоног шүү л гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ажил хийдэг 100 хоногоо хэлж байгаа юм уу, эсвэл ажлын өдрүүдийг хэлж байгаа юм уу гэдэг нь бас ойлгомжгүй. Асуудлын гол нь энэ 100 хоногт байгаа юм биш. Засгийн газрыг 100 хоногт дүгнэх дэлхийн жишиг байдаг. Уг нь бид энэ засгийг анх байгуулагдахад нь л 100 хоногийн тайлан нэхэх байсан юм.

Гэтэл харамсалтай нь мөнх байх юм шиг бодсоноос болоод салбар, салбараараа уначихсан. Би бол бүх салбарыг мэдэхгүй. Эдийн засаг, уул уурхайг сайн мэдэхгүй. Миний ганц мэдэх салбар бол хууль. Тиймдээ ч хуулийн салбар ямар хэмжээнд хүрчихээд байгааг бэлээхэн хэлж чадна.

-Гадны хөрөнгө оруулалт багассан энэ үед эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг хэр боломжтой вэ?

-Хамгийн гол нь Монгол Улс маш баян. Тэгсэн мөртлөө хүн ам нь цөөхөн. Монголын нүүрсний зөвхөн нэг орд л гэхэд дэлхийн хэрэглээг хангах чадалтай байна шүү дээ. Дэлхийг тэжээх чадалтай тийм зүйлтэй байхад бид яагаад ингэж амьдрах гэж. Би одоо нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

Тодруулбал энэ Таван толгойг ашиглах. Гэхдээ хоёрыг нь хулгайч нар авчихсан болохоор байгаа гурван толгойгоо ашиглах. Тэдгээрийн зардлыг хасч, тодорхой хэм­жээний жижигхэн сан үүсгээд үлдсэн бүх мөнгийг нь иргэдэд тарааж өгье гэж байгаа юм.

Өмнө нь 100 ам.доллараар зардаг байсан нүүрсийг 70 болгосон. Харин одоо 30 ам.доллараар зарж байна. Үндсэн хуульд Монгол Улсын газар доорх баялаг бол ард түмний өмч гээд заачихсан байгаа шүү дээ. Хэсэгхэн хүн баяжих ёсгүй биз дээ. Яагаад энэ Эрдэнэт, Таван толгойн захирлууд баян болоод, тэрбумтан шиг амьдраад байдаг юм бэ. Гэтэл бид яагаад тэр Таван толгойн асуудал бидэнд хамаагүй гээд явж байх ёстой гэж.

Бид энэ ордуудын ашгийг улсын төсөвт төвлөрүүлээд түүгээрээ сургууль, эмнэлэг барина гэж сүүлийн 20 жил горьдож шүү дээ. Яагаад заавал гаднаас зээл авч хэрэглэх ёстой гэж. Өөрт байгаа зүйлээ ашиглая л даа. Гадны хөрөнгө оруулалт, зээл гэдэг чинь хүний л юм шүү дээ. Би зүгээр л энэ ордыг Монголын ард түмэнд хуваагаад өгчихье гэж бодож байна.

-Ер нь хараад байхад чуулганы танхимд ч бай иргэдийн дунд ч бай таны хийсэн үйлдлийг багагүй эсэргүүцэх юм. Харин бүлгийнхэн тань хэрхэн ханддаг вэ?

-Мэдэхгүй байна. Би бүлгийн эсвэл даргын өмнөөс хариулт өгч чадахгүй. Яахав ний нуугүй хэлэхэд заримдаа айлын өнчин хүүхэд шиг санагддаг. Гэхдээ эцсийн эцэст энэ зэргийн дайралт, гүтгэлэг, доромжлолыг даахгүй бол өөрийгөө УИХ-ын гишүүн гэж хэлээд яах юм бэ. Ард түмний итгэлийг үүрч гарч ирээд, тангараг өргөчихсөн л бол тангарагтаа үнэнч явах ёстой. Би гурван зүйлийг л эрхэмлэж байгаа. Тухайлбал нэгдүгээрт Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах, хоёрдугаарт ард түмэн тэгш эрхтэй, ялангуяа дунджууд нь олноороо баян байгаасай гэж хүсдэг. Гуравдугаарт хууль бус үйлдэл хийсэн хү­мүүст хариуцлага хүлээлгэдэг шударга ёс байгаасай гэж хүсч байна.

Үүнийг хэлэхээр л хүн бүр хүсдэггүй юм байна. Аман дээрээ бүгд ингэж хэлж чадна. Гэхдээ ингэхийг хүсэхгүй байна.

-УИХ-д орохоосоо өмнө цогтой тэмцэгч байсан хүмүүс сэнтийдээ суунгуутаа чи­­мээгүй болчихлоо гэх яриа олны дунд байдаг. Энэ тал дээр та юу хэлэх бол?

-Би бусдын өмнөөс хариулмааргүй байна. Хэрвээ та нарыг асуувал би дуугарч байгаа шүү дээ л гэх байх. Миний хувьд энд, тэнд жагсаж, тэмцэж байгаагүй. Миний түүх гэвэл өмгөөлөл хийж байсан түүх бий. Дандаа хүний эрхийг хамгаалж, цагдаа, шүүх, прокурортой нь хуулийн хүрээнд “байлдаж” явсан. Бидний хамгийн гол асуудал бол нэг ширээнд суугаад нэг нэгнээ үгүйсгэхгүй амьдарвал хол явна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үе үеийн ахмадууд, баатруудын түүхийг хараад байхад эвлэлдсэн нь ялж, байлдаж, тэмцэлдсэн нь ялагдсан байдаг. Тиймээс өнөөдрийн УИХ нэг зөвшилцөлд хүрэх ёстой. Тэр бол бууж өглөө, ууслаа гэсэн асуудал биш шүү дээ. Яагаад гэвэл эцсийн зорилго нь ганц хувь хүний асуудал биш. Тэгэхдээ энэ алба мөнхийн алба биш. Нэг жилийн дараа зарим нь энгийн иргэн болчихно. Тиймээс дараа нь намайг УИХ-ын ги­шүүн гэдгээр маань биш хийсэн зүйлээр маань дурсаасай гэж ажиллах ёстой.