С.Бямбацогт: Ард иргэдийн амьдралыг доройтуулсан Н.Батбаяр сайдыг огцруулах нь зүйтэй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.06.02

С.Бямбацогт: Ард иргэдийн амьдралыг доройтуулсан Н.Батбаяр сайдыг огцруулах нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Танай бүлгийн зүгээс Ерөнхий сайдад 10 хоногийн хугацаатай шаардлагыг өгсөн. Харин өчигдөр танай бүлэг хуралдаж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг гаргажээ. Ямар, ямар үндэслэл гаргав?

-Огцруулах үндэслэлийн талаар удаа дараа ярьж байсан. Монгол улсын төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн банкны хууль зэрэг олон хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн байна гэдгийг хөндөж байгаа. Ер нь заавал хууль дүрэм гэлтгүйгээр бид өдөр бүр эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал муудаж байгааг харж, ярьж, сонсож байна.

"Оюутолгой" компани 300 ажилтнаа цомхотголоо, "Изинис" компани дампуурлаа.

"АПУ" компани ажилчдынхаа цалинг 50 хувиар буурууллаа гэх зэрэг мэдээллийг байнга сонсож байгаа шүү дээ. Иргэд талхыг таллаж, махыг граммаар авдаг болсон байна. Гадны хөрөнгө оруулалт буурч байна. Гадныхны итгэл алдарч, Монгол Улсын зээлжих зэрэглэл долоо хоног тутамд буурч байна. Эдийн засаг хямралын байдалд орж байна. Эдийн засгийн хөгжлийн яам чинь эдийн засгийн хямралын яам болчихоод байна. Үүнийг ард түмэн ч ойлгож байгаа.

-Хариуцлагагүй ажилласан албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардсан. Шаардлагыг хүлээж аваагүйг та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлагагүй албан тушаалтнууддаа хариуцлага тооцооч гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Хамгийн сүүлд 10 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн, тоосонгүй.  Энэ хүн Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүй байна. Тиймээс монголчуудынхаа өмнөөс ард иргэдийн амьдралыг доройтуулж байгаа, ажилгүйдлийг нэмэгдүүлж байгаа сайдыг огцруулъя гэж бүлэг үзэж байна.

-Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг өмнө нь тавьж байсан. Харин АН-ын бүлэг олонхиороо аваад үлдсэн шүү дээ. Энэ удаа тэгэх байх гэсэн хардлага байна уу?

-Мэдээж олонхи асуудлаа шийднэ. Бүх зүйл сайхан байна. Муу зүйл битгий ярь. Монгол улсаа галзуу хөгжүүлж байгаа гэж ярьдаг байсан. Бодит байдал дээр гаднаас авч байгаа зээлийн хэмжээ нэмэгдээд, нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэж, ядуурал газар авснаас биш эдийн засаг өсөөд байгаа зүйл алга. Дээрээс нь валютын ханш өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна. Бодит байдал ийм хүнд байгааг ард түмэн биеэрээ мэдэрч байгаа. Энэ үед ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд маань ямар шийдвэр гаргахыг бүгдээрээ харъя даа.

-Огцруулах саналыг УИХ хэд хоногийн хугацаанд шийдвэрлэх вэ?

-Долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэнэ. Долоо хоногийн дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ш.Түвдэндоржийг ҮХАА-н дараагийн сайдад нэр дэвшүүллээ. Дахин "давхар дээл"-тэй гишүүн ороод ирлээ гэдэг шүүмжлэл байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрх баригчид л бодлогоор оруулж ирэх ёстой. Ямар учраас оруулж ирсэн юм мэдэхгүй байна. Уг нь бид "давхар дээл"-дээ түүртэж байна, энэ хэрээр хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэж байсан. "Давхар дээл"-ийг бид шүүмжилж байсан. Бас л "давхар дээл"-тэй сайд төрөх гэж байх шиг байна. Гэхдээ Ш.Түвдэндоржийг сонгох үгүйг УИХ эцэслэн шийдвэрлэнэ. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил эхэлчихсэн байхад МАН-ынхан 10 хоногийн шаардлага өгсөн. Ажил хийлгэхгүй байгаа тухай Ерөнхий сайд ярьж байсан?

-Бид нэг хоног ч гэсэн алдмааргүй байна. 100 хоногийн дотор эдийн засгийг сайхан болгоно гэж яриад байх юм. Хоёр жилийн дотор эдийн засгийг ингэж хямраачихаад, 100 хоногийн дотор сайжруулна гэж яриад байгаад итгэхгүй байна. Тийм учраас эдийн засаг хямраасан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.