С.Одонтуяа: ҮХАА-н сайдыг гаднаас томилох нь зүйтэй гэж үзэж байгаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.05.27

С.Одонтуяа: ҮХАА-н сайдыг гаднаас томилох нь зүйтэй гэж үзэж байгаа

АН-ын бүлэг өчигдөр хуралдаж өнөөдөр АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийгдсэн БНХАУ-аас ОХУ-руу тавигдах хийн хоолойг манай улсын газар нутгаар дамжуулж тавих саналд ОХУ-ын талаас хэр нааштай хандсан бэ. Хийн хоолойг манай улсын газар нутгаар дамжуулж тавих нь ямар ашигтай байх талаар намын бүлгийн хурлаар ярилцсан уу?

-Бүлгийн хуралдааны үеэр ерөнхий сайд мэдээлэхдээ манай талаас шаардагдах бүх дэмжлэгийн үзүүлнэ гэж хэлсэн гэсэн. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд нааштай хандаж холбогдох хүмүүст үүрэг өгсөн гэж мэдээлсэн. Энэ талаар Засгийн газрын мэдээллийн цаг дээр дэлгэрэнгүй танилцуулах байх.

-Дотоодын цементийн хэрэгцээг хангах зээлд гурван цементийн үйлдвэр хөрөнгө оруулахаар болсон гэсэн. Энд ямар компаниуд байгаа вэ?

-МАК, Монполимент, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа хамтарсан үйлдвэрийн Монголын талын хөрөнгөд Чингис бондын хөрөнгөнөөс хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хэргийг Уул уурхайн яамны сайд давхар хариуцаж байгаа. Ачаалал ихтэй энэ хоёр яамыг нэг сайд хариуцаж байгаа байдал хэр удаан үргэлжлэх вэ. Намын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-ҮХАА-н сайдын асуудлыг өчигдөр бүлгийн хуралдаанаар ярилцаагүй. Гэхдээ аль болохоор энэ салбарын хүнийг хурдан оруулж ирж томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.

-АН-ын бүлгийн зүгээс ҮХАА-ын сайдад томилох хүнийг гаднаас оруулах уу, эсвэл дотроосоо томилох уу. Өөрөөр хэлбэл дараагийн ҮХАА-н сайд дан дээлтэй байх уу, “давхар дээл”-тэй байх уу гэдэгт АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар одоохондоо тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ удахгүй тодорхой болох байх.

-Хувь хүний үүднээс та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт “давхар дээл”-ний асуудал яригдаж байгаа учраас миний бодлоор дараагийн сайдыг гаднаас томилсон нь зүйтэй гэж бодож байна.