Ө.Энхтүвшин: Төслийг яаран хэлэлцэхгүйгээр эхлээд сайн судлах хэрэгтэй юм биш үү
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Гишүүийн асуусан асуултыг хүргье
Ө.Энхтүвшин: Төслийг яаран хэлэлцэхгүйгээр эхлээд сайн судлах хэрэгтэй юм биш үү
Би энэ хуулийн төслийг боломжийн сайн төсөл болно гэсэн бодолтой байлаа. Гэтэл зарим мэргэжлийн хуульчидтай уулзахаар өөр зүйл ярьж байна. Би ингэж асуухаасаа өмнө хуулийн төслийг сайн унших ёстой байх л даа. Гэхдээ унших боломж гарсангүй. Хуулийн төслийг гишүүдэд тараагаад 10 л хонож байна. Хүмүүсийн ярьж байгаагаар их сургуулийн эрх зүйн ангийн нилээд хэдэн сарын хичээлийн хөтөлбөртэй тэнцэх хэмжээний том төсөл юм байна. Тиймээс энэ төслийг яаран хэлэлцэхгүйгээр эхлээд сайн судлах хэрэгтэй юм биш үү. Та батлуулах гээд яараад байгаа юмуу. АН мөрийн хөтөлбөртөө авлигал өгсөн биш авсан хүнийг нь шийтгэдэг болно гэсэн байсан. Гэтэл энэ хуулийн төсөлд чинь хоёуланг нь шийтгэх заалт орж ирсэн байна шүү дээ. Өмнөх парламентын үед Ш.Сайхансамбуу гишүүн нэг хуулийн төсөл өргөн барьж байсан. Тэр төслөөс юугаараа ялгаатай юм бэ?
Х.Тэмүүжин хариулав “Бичилтийн техник, нэр томъёо, үзэл санаагаараа Ш.Сайхансамбуугийнхаас ялгаатай. Авлигалын тухайд өөр өөр зохицуулсан. Төрийн үйлчилгээ авахын тулд аргагүй эрхэнд хахууль өгсөн тухайгаа мэдэгдэх юм бол ялаас чөлөөлж авсан үйлчилгээг нь хүчин төгөлдөр үлдээнэ. Харин санаатайгаар авах ёсгүй үйлчилгээг авахын тулд хахууль өгсөн бол өгсөн авсан хоёуланг нь шийтгэнэ. Мөн хахууль өгч гаргуулсан шийдвэрийг нь хүчингүй болгоно.
О.Содбилэг: Хичээл заагаад ч болтугай, сайн ойлгуулах хэрэгтэй байна
Хуулийнхаа нэрийг өөрчилж оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юу? Гишүүдэд энэ хуулийг сайн танилцуулахгүй бол ингэж яруулж хэлэлцэх нь зөв үү?