Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн барив
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.04.30

Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.30/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн барив.

Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Өнөөгийн Эрүүгийн хуульд хууль зүйн техник буюу хуулийн бүрдэл хэсгийн хоорондын уялдаа холбоо, хэм хэмжээний бүтэц, хэл зүйн найруулга, холбоос үгний сонголт, нэр томъёоны оноолт тогтож хэвшээгүй, нэг мөр болоогүй учраас хуулийг иргэд төдийгүй хуульчид ойлгож хэрэглэхэд хүндрэлтэй, шүүх, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нэг хэргийн хувьд хуулийг олон янзаар тайлбарлаж хэрэглэх явдал түгээмэл байна. Иймд Эрүүгийн хуульд баримтлах хууль зүйн техникийн жишгийг шинээр тогтоосны үндсэн дээр хуулийн эх бичвэрийг бүхэлд нь хянан үзэж, тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн түүхэн уламжлалыг үзвэл Ардын хувьсгал ялж, анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эхлүүлсэн 1921 оноос хойш тооцож үзвэл, 1926, 1929, 1934 оны “Шүүх цаазын бичиг”, 1942, 1961, 1986, 2002 оны “Эрүүгийн хууль”-иуд нь залгамж чанартай, тухайн цаг үеийн улс төр, үзэл суртлыг агуулж, түүхэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж иржээ.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан уг хуульд 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн бусад хууль шинээр батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж иржээ.

Өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байна.

Хуулийн хэрэгжилтийг дүгнэх, шинэчлэлийн шаардлагыг тодорхойлох үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, ХЗҮХ, МУИС-ийн ХЗС, ХСИС зэрэг судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас хийсэн 10 гаруй судалгаа, хуулийн төсөлд[1] дурдсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зарчим, ерөнхий анги, тусгай ангийг бүхэлд нь шинэчлэх талаарх байр суурь, санал шүүмжлэл, зөвлөмжийг харгалзан үзэж, ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг илүү баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн урт хугацаанд тогтвортой үйлчлэх Гэмт хэргийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулав.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох"  зорилтыг дэвшүүлсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг материаллаг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, томьёолохоос гадна шинээр хамгаалах шаардлагатай харилцаа, хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн баталгаатай орчныг бүрдүүлэхэд Гэмт хэргийн тухай хуулийн шинэтгэл чиглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хариуцлагын тогтолцоо нь Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиас бүрдэнэ. Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор гэмт хэрэг түүнд хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг Гэмт хэргийн тухай хуулиар, хууль тогтоомж, журмаар тогтоосон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор зөрчил, түүнд хүлээлгэх шийтгэлийн төрөл хэмжээг Зөрчлийн тухай хуулиар тодорхойлно.

Энэ зорилгоор одоо дагаж мөрдөж буй Монгол Улсын Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлыг  шинэ үзэл баримтлал агуулга хууль зүйн техникийг баримтлан Гэмт хэргийн тухай хуулиар,  хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 228 хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, мөн шинэ үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хууль болгон боловсруулсан.

Шинээр орчин үед гарч байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, хүнийг эрүүдэн шүүх, хүний орон байранд хууль бусаар халдах, хууль бусаар нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, хүнийг зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргийг хуулийн төсөлд тусгахаас гадна практикт хэрэглэхэд төвөгтэй, ялын бодлогын хувьд үр нөлөө багатай олон зүйл, заалтын диспозиц шинж, оногдуулах санкцийг төрийн бодлого, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчилж хуулийн төсөлд тусгана.

 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг “гэмт хэрэг” ба “захиргааны зөрчил” гэж ангилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлж, хянан шийдвэрлэхэд анхаарч, харин захиргааны зөрчилтэй холбоотой нийгмийн харилцааг захиргааны эрх зүйд хамааруулж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийдвэрлэж иржээ. Иймд Эрүүгийн хариуцлагын тогтолцоог Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиас бүрдэхээр авч үзэж, Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлсийг давхардал, хийдэлгүйгээр, үр дүнтэй хамгаалах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлж, гэмт хэрэг болон зөрчлийг нэг стандарт, журмын дагуу шалгаж, шийдвэрлэх зохицуулалтыг бий болгоно.

Хуулийн төсөлд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, хянан харгалзах арга хэмжээг тогтооно.

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болох хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас бодитой хамгаалахын тулд хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэрэг, зөрчлийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ.