О.Баасанхүү: Энэ хоёр хууль батлагдвал Монгол Улсын бараг бүх хүн гэмт хэрэгтэн болно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.05.26

О.Баасанхүү: Энэ хоёр хууль батлагдвал Монгол Улсын бараг бүх хүн гэмт хэрэгтэн болно

УИХ-ын гишүүн О.Баасан­хүүтэй парламентаар ид хэлэлцэж буй Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд орж ирж буй хуулиуд Гэмт хэр­гийн болон Зөрчлийн тухай төслөөр үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Таны бодлоор төсөл УИХ-ын хүлээж байсан хэмжээнд боловсруулагдаж орж ирсэн үү?

-Миний хувьд Байнгын хороон дээр нэлээн шүүмжлэлтэй хандсан. Тэгэхэд хэлэлцэх, эсэх асуудлыг нь ярьсан л даа. Гэхдээ миний гаргасан зарчмын зөрүүтэй санал бол “Хэлэлцэх эсэх асуудлыг ярихаас өмнө ер нь хэлэлцэж болохоор төсөл мөн үү, үгүй юу гэдгийг шалгах Ажлын хэсэг гаргаач ээ” гэсэн.

-Та яагаад ийм санал гаргасан юм бэ. Хэлэлцэж болохооргүй төсөл юм уу?

-Өнөөдөр Хууль зүйн яамнаас оруулж ирсэн төслийн хэлэлцэх эсэхийг нь “юу ч гэсэн дэмжье” гэчихээд, дараа нь ажлын хэсэг гаргаж болно. Гэхдээ “Нэгэнт хэлэлцэж байгаа юм чинь...” гэсэн байдлаар энэ хууль батлагдвал маш аюултай байна. Өнөөдөр Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын зэрэг мөрдөгдөж байгаа хуулиудын утга, агуулгыг нь онолын хувьд ч, практикийн хувьд ч бололцоогүй болгочихсон зарчмын бус, хатуухан хэлэхэд амьдралд хэрэгжүүлж болохооргүй байвал яах вэ. Яагаад гэвэл энэ хоёр хуулийг дагалдаад 220 гаруй хуульд өөрчлөлт орно. Тэр олон хууль яг энэ хэлбэрээрээ гажуудалд орно гэсэн үг. Жишээ нь, Цагдаагийн тухай хууль гэж маш их алдаатай хууль гарангуутаа, түүнийгээ засахын тулд Цагдаагийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж оруулж ирлээ шүү дээ. Гэмт хэргийн гэж хэлээд байгаа энэ хууль маань Үндсэн хуулийн дараа ордог суурь хууль. Ийм хуулийг маш болгоомжтой хэлэлцэх ёстой. Гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн зүгээс горимын саналыг маань хүлээж аваагүй. Тиймээс би нэгдсэн чуулган дээр үгээ хэлнэ. Хэлэлцэх эсэхийг нь шийдэгдсэний дараа ч гэсэн маш нухацтай авч үзэх ёстой л гэж бодож байна.

-Энэ хууль нийгмийн зарим хэсэгт нэлээдгүй хүлээлт үүсгэж байгаа. Яагаад гэвэл хууль батлагд­санаар нэлээдгүй хоригдлын үйлдсэн хэрэг гэмт хэрэг биш зөрчил гэсэн ангилалд орж суллагдах юм билээ. Өршөөлийн хуулийг бат­лахгүй хойшлуулаад байгаа нь ч үүнтэй холбоотой юу?

-Монгол Улсын Үндсэн хуульд Эрүүгийн хууль гэсэн үг хэллэг хэрэглэгддэг. Тухайлбал, Эрүүгийн хууль зөрчсөн хүнд цаазаар авах ял оноож болно гэж бий. Нөгөө талаасаа Үндсэн хууль дээр прокурор нь хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцож, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс.. гэж бий. Тиймээс нэрнээсээ эхлээд энэ төсөл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд байгаа.
Мөн УИХ нь бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн хууль гаргаж болох заалт Үндсэн хуульд бий. Энэ эрхийнхээ дагуу УИХ Өршөөлийн хуулийг оруулж ирж байхад үүнийг өөр нэг хуулиар барьцаалах байдлаар шийдэж байгаа нь Ардчилсан намыг онцгүй харагдуулж байна. Бас Тэмүүжин сайдыг боловсролгүй гэдгийг батлаад байна. Яагаад гэвэл Ардчилсан нам тийм мунхаг хүнийг урдаа тавиад, ийм үйлдэл хийлгүүлж байна шүү дээ. Ер нь хохирогчийг бодох хэрэгтэй. Бас нийгмийн аюулгүй байдал гэж байна. Гэх мэтчилэн тал талаас нь харж байж шийдэх ёстой юм.

-Ер нь энэ хууль батлагдвал нийт хоригдлын хэдэн хувь нь суллагдахаар байгаа вэ?


-Монголын шоронгууд асар их ачаалалтай байна. 8000 хоригдолтой болчихлоо. Манайх хуучин соц нийгэмд таван мянгаас дээш хоригдолтой байгаагүй. Гэтэл өнөөдөр 8000 болсон. 2002 оны Эрүүгийн хууль гарахаас өмнө Монгол Улсын хоригдлын тоо зургаан мянгаас дээш бараг гардаггүй байсан. Мөн Өршөөлийн хуулийг УИХ гаргаад, зохицуулаад байдаг байсан.

-Гэхдээ Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хууль батлагдсанаар шоронгийн хоригдлын тоо эрс буурах юм биш үү?

-Харин ч энэ хоёр хууль хоёулаа батлагдвал Монгол Улсын бараг бүх хүн гэмт хэрэгтэн болно. Яагаад гэвэл шүүхээр хүнд хэргийг Гэмт хэргийн тухай хуулийн зөрчил, хөнгөн хэргийг нь Зөрчлийн тухай хуулийн зөрчил гээд шийдвэр гарчихна. Гэмт хэргийн зөрчилтэй нь ял авна, нөгөөх нь торгуулна. Тэгэхээр та, би, бид бүгдээрээ шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн хэрэгтэн болох гээд байгаа юм. Тиймээс үүнийг зөвшөөрч хэрхэвч болохгүй. Шоронд байгаа хүмүүс нь цөөрч байгаа мэт боловч, нийгэм хавтгайгаараа гэмт хэрэгтэн болчихож байгаа юм.

-Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож байсан зарим үйлдлийг хассан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жишээлбэл, Улсын хилийн дэглэм зөрчих гэдгийг гэмт хэрэг биш гээд оруулаад ирж байна. Хил зөрчих чинь гэмт хэрэг биш хэрэг үү. Бас тарчлаах гэж байна. Энэ бас гэмт хэрэг биш болох нь. Тарчлаах гэдэг чинь юу билээ гэдгийг бод доо. Хүнийг тамлан зовоож, бие эрхтэнийг нь сэглэх биз дээ. Дээрээс нь бэлгийн замын халдвар тараах, доромжлох, гүтгэх, булш сүйтгэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах нь гэмт хэрэг биш болж байна. Танхайрах, тэсэрч дэлбэрэх бодис болон цацраг идэвхит бодистой холбоотой хэргүүд бас гэмт хэрэг биш гэнэ. Химийн гаралтай хорт бодис болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг булшлах, тээвэрлэх нь гэмт хэрэг биш. Усны болон ойн тухай хуулиуд зөрчиж, мөрийтэй тоглож, гэмт хэргийн талаарх мэдээлэл өгөхгүй байгаа нь гэмт хэрэг биш болж байна. Зандалчлах тухай мэдээлэл өгөх нь гэмт хэрэг биш. Энэ одоо юу болох вэ.

-Тэгвэл шинээр гэмт хэрэгт тооцож байгаа нь ямар зүйлүүд юм бэ?

-Хууль бусаар хүүхэд үрчлэх гэдгийг гэмт хэргээс хасчихсан. Х.Тэмүүжин сайд өөрөө хууль бусаар хүүхдээ үрчлүүлсэн шүү дээ. Түүнийгээ хуулиас хасчихаж байгаа юм. Хууль бусаар газар орныхоо нэрийг өөрчлөх нь гэмт хэрэг болно гэж байгаа. Хэнтийн Өндөрхааныг саяхан Чингис хот болгосон шүү дээ. Дээрээс нь нийтийн албан тушаалтныг заналхийлэх нь гэмт хэрэг болчихож байгаа юм. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу дүрс бичлэг хийх нь гэмт хэрэг болж байгаа гэх мэт сонин заалтууд бий. Дээрээс нь гадаад улсын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлийг урвуулан ашиглах гэсэн шинэ төрлийн гэмт хэргийн заалт оруулж ирж байгаа юм. Бид өөр орны хэрэгтнийг яллаж болох нь. Жишээлбэл, Путин Оросын ард түмэнд ямар нэгэн буруу зүйл хийчихвэл мань түүнд нь оролцоод ял өгөх нь л дээ. Дээрээс нь хүүхдээ шийтгэвэл гэмт хэрэг. Таны хүүхэд цэцэрлэгээсээ элдэв янзын зүйл сурч ирээд эцэг эхийнхээ өөдөөс салаавч гаргаад байвал хана руу харуулаад зогсоож ч болохгүй юм байна. Түүнээс өөрөөр хүүхдээ тарчлаагаад байхгүй л болов уу, монголчууд. Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр, нийгмийн халамж авах нь гэмт хэрэг болно. Ийм зүйлийг баян цатгалан хүмүүс авахгүй шүү дээ. Яахав нэг ядарсан эмгэн үр хүүхдийнхээ өмнөөс очоод жаахан юм авчихвал шоронд орох нь л дээ. Хамгийн санаа зовоож байгаа нь ёс зүйтэй холбоотой, дээрээс нь заавал хуульчлаад байхааргүй зүйлийг гэмт хэрэгт оруулчихаж байна.

-Энэ хуулийн төслүүдэд торгуулийн ялыг өөрчилж байгаа гэсэн. Яг яаж өөрчилж байгаа юм бэ?

-Хуучин торгуулийг “хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмсэнтэй тэнцэх” гэж оноодог байсан. Гэтэл одоо тооцох нэгжээр гэсэн сонин юм гаргаж ирлээ. Валютыг Монголбанкны ханшаар дахин үржүүлсэнтэй тэнцэнэ гэж байгаа.

-Валют гэдэг нь ам.доллар юм уу?

-Би фунт байх гэж найдаад байсан. Гэтэл үгүй бололтой, Байнгын хороон дээр гишүүд ам.доллараар тооны машинд үржүүлээд байна билээ.

-Яагаад заавал ам.доллар гэж?

-Мэдэхгүй. Нэг мөр манай улс хоёр мөнгөн тэмдэгттэй болчихгүй юу гэж хэлмээр байна. Нэг нь ам.долларынх, нөгөөх нь төгрөгийн валют. Яагаад гэвэл тооцох нэгж гээд торгох ёстой учраас

-Дээрх хуулийн төслүүдэд ялын бодлого нь ямар байгаа вэ?

-Хуучин бол торгох, тодорхой албан тушаал эрхлэхийг нь хориглох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ял байсан. Харин одоо бол торгоно, нийтэд тустай ажил хийлгэнэ, гэрийн хорионд хийнэ, хорино, эрхийг нь хасна гэж байгаа. Энэ нь хоригдож байгаа хүмүүст ашигтай байж магадгүй. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд 8000 хоригдол байна. Харин хоригдол биш 2.7 сая хүнээ яаж хамгаалах юм бэ. Нийгэмд гарч байгаа аймшигт гэмт хэргүүдийн талаар бүгд сонсч байна. Хоёр хүүхдээ машинд түгжиж шатаадаг, цэцэг цэврүү шиг хоёр охины толгойг нь тасдаад жалга гуу руу шидчихдэг, автомат буугаар шүршиж алахаар дайрдаг… гэх мэт. Ийм гэмт хэрэг хийсэн хүмүүс торгуулж магадгүй, эсвэл нийтэд тустай ажил хийнэ, үгүй бол гэрийн хорионд оруулж, их л сайндаа хорих нь. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд цаазаар авах ял гэж байгаа.

-Одоо хэлэлцэж байгаа төсөлд цаазаар авах ялыг алга болсон гэсэн үг үү?

-Цаазаар авах ял гэж байхгүй. Бидний яриад байдаг Америк, Герман, Японд цаазаар авах ялыг өгдөг. Дээрх хэргүүд бол цаазаар авсан ч багадмаар шүү дээ. Тиймээс би “Хохирогчийн нүдээр хараач ээ” гэж хүсээд байна. Өөрөөр хэлбэл, 15-хан настай охиныг тав зургуулаа нийлж хөнөөчихсөн хүмүүсийг яах вэ. Дөнгөж төрсөн нялх охиныг ёс бусаар хүчиндэж, бүх эд эрхтэнийг нь жиргээд цүнхэнд хийчихсэн байхад, эцэг эх нь гэмт хэрэгтэн шоронд байгаа гэж бодох ямар вэ. Харин ч тэр хохирогчдын төлсөн татвараар шоронд байгаа өнөөх гэмт хэрэгтнийг тэжээх нь шударга уу. Тиймээс л би хохирогчдыг яагаад бодохгүй байгаа юм бэ гэж хэлээд байгаа юм. Хохироогчдыг бодохгүй байгаа юм биш, гэхдээ хохирогчдыг эхэлж бодох нь зөв биз дээ. Жишээ нь, хүчиндэх гэж хэрэг байна. Хорвоогийн хамгийн бузар хэрэг. Гэтэл “хэрвээ хэн нэгэнд хүч хэрэглэсэн бол 1-5 жилийн ял онооно” гэнэ. Юу вэ, энэ гэж хэлмээр байгаа биз дээ. Би эцэг хүн болохоор “хэрвээ миний охиныг…” гэж л хохирогчдын өмнөөс харна. Охид, эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу, энэ чинь. Би энэ хуулийг хараад “Биднийг үнэхээр доромжилж байна. Хэлэлцэхийг нь түр хойшлуулаад, төслийг хуульчид сайн уншиж, боловсруулъя” гэтэл олонхи дэмжихгүй байна.

-Төслийг харж байхад зөрчил гэсэн ангилалд оруулаад байгаа зарим зүйл нь нийгэмд аюул тарьж мэдэхээр хэргүүд байгаа нь харагдаж байсан.

-Тийм. Тухайлбал цацрагийн аюулгүй байдалтай холбоотой, аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөн бол 150 тооцох нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж байгаа. Тэр нь ам.доллараар бол 1000 ам.доллар.

-Нэг сумыг Хонгор шиг болгочихвол 1000 ам.доллараар торгуулаад мултрах нь ээ?

-Тэгэх нь. Монгол Улсад ингэж гай тариад байгаад нь би Х.Тэмүүжин сайдад бухимдаж байна.

-Тэгээд та яагаад Х. Тэмүүжин сайдыг огцруулах төслөө татчихсан юм бэ?

-Би өчигдөр МАХН-ын жирийн гишүүдтэйгээ уулзсан. Тэд “Та яагаад Х.Тэмүүжинг огцруулах төслөө татчихав аа” гэж асуусан. Тэгэхэд нь “Би оруулж болох байсан. Гэхдээ Х.Тэмүүжинг дэмжээд Баянсэлэнгэ, Цолмон, Тэрбишдагва, Сономпил нарыг кноп дарахыг та нарт харуулахаас ичиж байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам, МАХН болон “Шударга ёс” эвслийн бүлэг Х.Тэмүүжинг дэмжиж кноп дарах гэж байсан юм. Харин би тэднийг аврахын тулд түр татсан.

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийг "хар" гэсэн тодотгол дагаад явдаг. Харин эдгээр төслүүд Монгол Улсыг шоронжсон орон болохоос сэргийлж байна гэж тайлбарлаад байгаа?

-Би 2002 оны Эрүүгийн хуулийн бичилтийг санаж байна. Тэр үед би МУИС төгсчихсөн, судалгаа хийдэг байсан. Совд, Чимид гээд манай багш нар бүгд шахуу амьд байлаа. Харин ялын бодлогын заалтыг нь Ц.Нямдорж гэдэг хүн дураараа хүндрүүлж оруулж ирсэн нь л гай болсон. Өөрөөр хэлбэл, 1500 төгрөг хулгайлсан хүн арван жилийн ял авна гэж бичсэн нь түүний гай. Энэ л Эрүүгийн хуулийг зүхэж хараахад хүрсэн. Үүнийг өөрчилье гээд жишиг болох байдлаар би гүтгэх доромжлох… зэргийг засаад өргөн барихад “Гэмт хэргийн тухай хуулийг батлах гэж байгаа тул наадахыг чинь хэлэлцэхгүй” гээд одоо хүртэл хэлэлцэхгүй байна. Нэг ёсондоо буланд шахаад ганцаардуулчихсан. УИХ эрх мэдэл нь кнопоор яригддаг учраас, өнөөдөр Х.Тэмүүжинг огцруулахаар өргөн барилаа ч түүний талд кноп нь байна. Тиймээс би өргөн бариад, унаж байгаа нь өөрөө утгагүй байсан.

-Та энэ хуулийн ажлын хэсэгт орсон уу. Нэгэнт хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн юм чинь одоо дотор нь орж, засах нь зөв юм биш үү?

-Хэлэлцье гэж авчихаад сайхан ярья гэсэн л дээ. Ярьдаг байсан бол аль хэдийнэ ярих байсан юм. Энэ дотор байгаа бүх санкц Монголын ард түмний ядарсан амьдралыг улам ядрааж, тэднийг гутаан доромжилно. Бүх гэмт хэрэг муухай. Гэхдээ хамгийн үзэн ядмаар нь хүний амь хөнөөх, хүчиндэх, сул доройг нь ашиглаж балмад байх. Дэлхий нийтийн жишгийг харахад хар тамхи, хууль бусаар жолоогоо шилжүүлэх, мөрийтэй тоглохыг гэмт хэрэгт тооцдог. Гэтэл манайд мөрийтэй тоглоом гэмт хэрэг биш болох нь. Би бол айж байгаа. Энэ хүн юу хийгээд байгааг ойлгохгүй юм. Хүн амины хэрэг нэг юм уу хоёр хүнийг хөнөөнө. Гэтэл мөрийтэй тоглоом, хар тамхи, хүний наймаа бол нийгмээр нь донсолгодог, хамгийн ихээр бохирдуулдаг. Гэтэл манайд гэмт хэрэг биш болгож байна. Тиймээс энэ төслүүдийг дэмжиж болохгүй. Тэр дундаа бид охидоо, залуучуудаа, эдийн засгаа хамгаалах ёстой. Гэтэл ийм мунхаг хуулиар амьдарч болохгүй.