А.Балдангомбо: Хүнийг залхтал хүлээлгэж хэргийг нь удаашруулах бол гэмт хэрэг
Эрх зүйч А.Балдангомбо
2014.05.19

А.Балдангомбо: Хүнийг залхтал хүлээлгэж хэргийг нь удаашруулах бол гэмт хэрэг

Эрх зүйч А.Балдангомботой ярилцлаа.

- Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд нийгмийн амьдралд байдаг ямар харилцааг шинээр оруулсан бэ?

Ялгаварлан гадуурхах гэмт хэргийг оруулсан. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг гэдэг нь хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргахыг хэлэх бөгөөд ийм үйлдэл хийсэн хүнийг олон нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл эрх чөлөөг нь хязгаарлах юмуу хорих ялаар шийтгэнэ гэж заасан. Ямартаа ч ялгаварлан гадуурхах чинь гэмт хэрэг шүү гэсэн дохиог өгсөн. Харин бодит амьдрал дээр яаж хэрэгжихийг хэлж мэдэхгүй.

Мөн хүнийг тэтгэврийн хүн хэмээн ялгаж насаар нь ялгаварлан гадуурхдаг гаж үзэгдэл бий. Нас ахиад ирэхээр нь хүнийг бидний ярьдгаар “жийх” хандлага гардаг. Түүнээс гадна намын харъяалал буюу үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж ажлаас нь халдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц байхгүй нь тогтолцоогоор ялгаварлан гадуурхаж буй хэрэг.

Ялангуяа бэлгийн болон хүйсийн өөр чиг баримжаатай хүмүүсийн эрх ноцтой зөрчигддөг. Тэдэнд гэр бүлийн орчиндоо ч амьдрахад хэцүү. Энэ талын нарийн заалтууд уг хуулийн төсөлд орж чадаагүй.

- Таны бодлоор одоогийн Эрүүгийн хуулинд ямар дутагдал байна вэ?

Хууль өөрөө шударга бус байдлыг бий болгоод байна. Тодорхой жишээн дээр яръя. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд: “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол ...”гэсэн заалт бий. Үлэмж хэмжээний хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ) буюу 9 сая 600 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл энэ тоонд хүрэхгүй мөнгө завшсан албан тушаалтанд эрүү үүсгэлгүй, захиргааны арга хэмжээ авдаг. Гэтэл уг үйлдлийг иргэнд хамааруулахдаа өөр заалтаар ялладаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд: “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол ... таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль адилхан үйлдэл хийсэн албан тушаал, иргэн хоёрт ялгавартай үйлчилдэг. Иймэрхүү байдлаар Үндсэн хуультайгаа зөрчилддөг заалтууд бий.

Өнөөдөр 9 сая 600 мянган төгрөгт хүрээгүй хохирол учруулсан сургуулийн захирлын хэрэгт эрүү үүсгэхгүй байна.

- Үзэл санааны хувьд Монголын ял, шийтгэлийн тогтолцоог олон улсын түвшинтэй харьцуулж үзвэл?

Хууль өөрөө хатуугаас гадна хуулийн хүртээмж ялгаатай. Иргэнд хатуу үйлчилдэг мөртөө удирдах албан тушаалтны толгойг илдэг. Түүнээс гадна хүн ялаа эдлээд гараад ирсний дараа ял эдэлсэн байдал гэсэн ойлголт Эрүүгийн хуулинд бий. Энэ нь нэгэнт гэм буруугаа ухаараад ял эдлээд гараад ирсэн хүнийг нийгэмшихэд чөдөр тушаа болж, ялгаварладаг. Хууль зүйн салбарт иргэн хүнд цагдаагийн тодорхойлолт олгохоо больсны шалтгаан нь энэ.

Цагдаагаас өгсөн алга дарам цааснаас болоод хүн ажилд орж чадахгүй байна.

Цагдаагаас өгсөн алга дарам цааснаас болоод хүн ажилд орж чадахгүй байна. Тэр хүн чинь үүрдэг ялаа үүрчихээд байхад ахиж тэгж дарамтлах хэрэгтэй гэж үү? Гэмт хэрэг үйлдсэн хүн дахиж гэмт хэрэг үйлдээд байдгийн нэг шалтгаан нь энэ. Манай ялын бодлого Үндсэн хуулинд заасан энэрэнгүй байх зарчмаасаа гаждаг. Шоронд ороод гараад ирсэн хүн Эрүүгийн хуулийн цоорхойг яаж ашиглах талаар мэргэшчихсэн байдаг. Шоронжсон хууль гэж яриад байдгийн учир нь энэ.

Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гэмт үйлдлийг мөн чанараар нь авч үзэж, ял, шийтгэлийн олон хувилбарыг гаргаж ирсэн нь үзэл санааны хувьд том дэвшил болсон гэж үзэж байна. Түүнчлэн өмнөх хуулиудаас ялгаатай нь иргэд болон иргэний нийгмийн дуу хоолойг түлхүү оруулснаараа онцлогтой. Хэл найруулгын хувьд засах зүйл бий.

- Сэжигтнийг мөрдөн шалгах явцад эрх нь зөрчигддөг байдал яагаад гараад байна вэ? Хуулиндаа хамгаалах систем нь байдаг биз дээ?

Байдаг. Хорих ангид хүн нас барсан хэрэг гарлаа. Хувь хүний байр сууринаас харахад өмгөөлөгчийн удаа дараа тавьсан хүсэлтийг яагаад хүлээж аваагүй нь хачирхалтай. Хэрэв эрүүл мэндийн нөхцөл байдал нь ноцтой байсан юм бол батлан даалтад гаргах, Монголоос гарч явахыг хориглох гээд олон арга хэмжээг авч болох байсан. Хоёр тал өөр өөрийн байр суурийг хамгаалж байна. Өмнө нь гэмт хэрэгт холбогдонгуутаа бие нь мууддаг, гэнэтхэн эрүүл болоод гадагшаа гараад явчихдаг тохиолдол байсан. Гэхдээ л эцсийн эцэст хүний амь насны асуудал яригдаж байна шүү дээ.

Ер нь мөрдөх явцад эрүү шүүсэн асуудал байнга яригддаг. Ялангуяа хөдөө орон нутагт хүнийг гавтай уурын зууханд хонуулдаг, хэд хэдэн сум дамжуулдаг тохиолдол бий. Байцаагдаж буй хүмүүст маргааш өглөө ир гэсээр байгаад олон хоног хүлээлгэдэг. Энэ бол эрүү шүүлтийн бас нэг хэлбэр. Хүнийг туйлд нь хүртэл залхааж байна шүү дээ. Гэмт хэргийн хуулийн төсөлд энэ тухай тодорхой заасан байгаа.

- Ял авсны дараах эрх зүйн байдал Монголд ямар байна вэ?

Өнөөдөр хоригдож буй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх, нэрийн данс нээлгэх, захидал харилцааны нууцыг хадгалах зэргээр үндсэн эрхийг нь хангадаг. Гэхдээ асуудал өөр зүйлд бий. Хүн ялаа эдлээд гараад ирэхэд гэр бүлийн орчин нь “энэ хүн яачих бол” гэсэн хандлагатай хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд түүнд итгэл үзүүлэх дургүй байгаа юм чинь тэр хүн яаж төлөвших юм бэ? Ийм мэдрэмж авсан хүн гутарч дахин гэмт хэрэг хийдэг. Тэгэхээр би гэр бүлийн орчин гэдэг бол хувь хүний суурь хамгаалалт болдог гэж хэлэх гээд байна. Хүн бүхэн гэр бүлийн орчноос эрч хүч, урам зориг авдаг.

Хоёрдугаарт хяналтын асуудал. Хорих ангиас суллагдсан хүний асуудлыг хариуцсан хүмүүс дүүрэг, хороонд ажилладаг. Гэтэл хорооны нийгмийн ажилтан юу хийгээд байдгийг би ойлгодоггүй. Хорооны нийгмийн ажилтан юуны түрүүнд хорооны бүх өрхийн судалгааг хийх үүрэгтэй. Хорихоос суллагдсан хүнд ямар халамж, үйлчилгээ үзүүлэхийг хорооны нийгмийн ажилтан хариуцаж тулж ажиллахгүй байгаа учраас нөгөө хүмүүс хяналтаас гадуур явдаг.

- Гэмт хэргийн хууль батлагдахгүй бол та яах вэ?

Талбай дээр гарч жагсана л гэж бодож байна.