Д.Оюунхорол, МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг хүлээн авч уулзлаа.
2014.05.28

МАН ажилгүй байгаа иргэдийн судалгааг гаргана

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг хүлээн авч уулзлаа.

МҮЭХ-оос Эдийн засаг хүндэрсэн үед ард иргэдийн цалин, орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулах бус  нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газар баримталж ажиллах ёстой гэдэгт УИХ дахь МАН-ын бүлэг болон МҮЭХ-ны удирдлагууд санал нэгдээд байгааг онцоллоо. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцэж байгаа, 2014 оны төсвийг дахин тодотгох тухай яригдаж байгаа цаг үед энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол МҮЭХ-ноос Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ,  "Эдийн засгийн хямралын хор уршгийг ард иргэд алхам тутамдаа мэдэрч байна. Инфляцийн төвшин 12.5 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар 33 хувиар уналаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч, ам.долларын ханш 1838 төгрөгт хүрч, бизнесийн орчин улам муудаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт "Изинис эйрвэйз" компани дампуурч, 350 хүн ажилгүй боллоо. Үүний цаана  350 өрхийн амьдрал хүндэрч байна.

Гэтэл өнөөдөр Засгийн газар тэр орон зайг нөхөж чадаагүй л байна

1000 км-ын алсад суугаа өвчтэй нэгнийгээ нийслэл рүү тээвэрлэж авчирдаг байсан. Энэ компани иргэдийн амьдралд ямар их үүрэг гүйцэтгэж байсан нь эндээс харагдаж байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар тэр орон зайг нөхөж  чадаагүй л байна. "Оюутолгой" компани 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр зарлаж байна. Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 707 нь бүрмөсөн үүдээ барьж, 22700 нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Том аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгож эхэлж байгаа нь эдийн засаг хүндэрсний хамгийн том дохио. Эцсийн дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Манай бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Засгийн газар төсвийн гадуур их хэмжээний мөнгө эргэлдүүлж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ард иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй" гэлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлыг танах чиглэлийг баримталж байгааг буруушаагаад  эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийн цалин, орлогыг бууруулах, ажлын байрыг цөөлөхөөс аль болох татгалздаг олон улсын туршлага байдгийг ч эрх баригчдад сануулсан юм. Мөн тэрээр "Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар улс төрийн бүхий л хүчинтэй бид хамтарч ажиллах ёстой. Энэ утгаараа МҮЭХ-ноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдэлд УИХ дахь МАН-ын бүлэг ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаад талархаж байна. Энэ бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлөө хийж байгаа сайн үйлс" гэсэн юм. Мөн МАН-ын зүгээс  эдийн засгийн хямралын улмаас хэчнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн бодит тоо судалгааг гаргахаар болсон байна.