"Аз жаргалтай гэр бүл" 1000 гэр бүлийн үзэсгэлэн боллоо
"Аз жаргалтай гэр бүл" 1000 гэр бүлийн үзэсгэлэн
2014.05.22

"Аз жаргалтай гэр бүл" 1000 гэр бүлийн үзэсгэлэн боллоо

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үнэхээр ч улс үндэстний оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 18 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил долоо дахь удаагаа тэмдэглэж байна.

2014 оны 5 дугаар сарын 15-ний өдөр дэлхий даяар "Гэр бүлийн өдөр"-ийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын иргэдийг эрүүл орчинд гэр бүлийн хамт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, спорт, дасгал хөдөлгөөн хийх орчинг бүрдүүлэхэр зорин ажиллахын зэрэгцээ “Дэлхийн гэр бүлийн өдөр"-т  зориулж дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ жилийн гэр бүлийн өдрийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амарч байгаа иргэд тэдний гэр бүлд зориулсан урлагын тоглолт гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж,  тус өдөрлөгт
олон гэр бүлүүд идэвхтэй оролцож, гэр бүлийн баяраа дуу хуураар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

“Гэр бүлийн өдөр”-т зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нөлөөлөл төрийн бус байгууллага, IRED студи санаачлан "Аз жаргалтай гэр бүл" 1000 гэр бүлийн зургийн үзэсгэлэнг байгуулж байна. Гэр бүлийн зургийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б. Саранчимэг, Нөлөөлөл ТББ –н ТУЗ-ын дарга А.Гантамир нар нээж үг хэллээ.

Тус гэр бүлийн зургийн үзэсгэлэн нь Монголд анх удаа зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд  олон гэр бүлүүд өөрсдийн гэрэл зургаа илгээж үзэсгэлэнд оролцлоо. Үзэсгэлэнд 1000 гэр бүлийн шилдэг зургийг  байршуулан иргэдэд үзүүлэхээс гадна гэр бүлийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах, амьд хөгжмийн THE FIX хамтлаг, ардын хөгжмийн хамтлаг, чөлөөт уран бүтээлчид, дуучид, хөгжимчдийн тоглолтууд, гэр бүлдээ мэндчилгээ дэвшүүлэх, үлгэрийн баатруудтай зураг авахуулах,                                                       гэр бүлийн зураг үнэгүй авах үйлчилгээ зэрэг олон хөтөлбөрүүдийг багтааснаар гэр бүлийн найрсаг, халуун дулаан уур амьсгал  бүрдэж, эрүүл орчинд чөлөөт цагаа гэр бүлийн гишүүдийн хамт өнгөрөөх таатай орчин бүрдэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон нийт гэр бүлүүдээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерууж байна.